Ariun Sanna
Монтений сормуус
7 min readApr 27, 2019

--

Агота Кристоф: “ИХРҮҮДИЙН ТРИЛОГИ” (i.Том дэвтэр, ii.Нотолгоо, iii. Гурав дахь худал) номын тэмдэглэл

Collage by Ariunsanaa. /1-р дайны үеийн гэрэл зургийг ашиглав./

Орчуулагч: Доржийн Болортуяа. /Хувийн хаягаа идэвхитэй хөтлөдөг учир орчуулагчийн амьдралын хэв маяг, Швейцарийн Женев хот, үзэл санаа, орчуулж хүргэдэг мэдээлэлүүд нь сонирхол татдаг./

Редактор: Б. Пүрэвээ, Г. Бямбажав.

/Франц хэлээс Монгол хэлнээ шууд орчуулсан эл орчуулга 2017 онд хэвлэгдсэн ба удахгүй гурван романыг нэг дор нэгтгэсэн зузаан бүтээл хэвлэгдэх талаар дуулсан шүү./

Түүний нэр манайханд шинэ сонсогдож байж магадгүй ч Токиод тунчиг алдартай. Энэхүү гурамсан зохиолоор видео тоглоомууд, The Notebook романаар нь Унгар кино хийгдсэн байна. Түүний бүтээлүүд дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагджээ.

Ágota Kristóf (1935–2011) Унгарт төрсөн. Анти-коммунист хувьсгалын үеэр 21 настайдаа нөхөр хүүхдийн хамт эх орноосоо дайжиж Швейцарьт амьдрах болсон. Тэрбээр үйлдвэрт ажиллах хугацаандаа Франц хэлийг төрөлх хэл мэт сурч. Гэвч таван жил үргэлжилсэн цөллөг, ганцаардал түүнийг өөрийн ажил, нөхрөө орхиход хүргэжээ. Агота Кристофийн амьдрал энэ үеээс шинээр эхлэсэн бололтой. Түүний бүтээлийн гараа шүлэг болон театрын зохиолоор эхэлсэн ч төдийлөн амжилтанд хүрээгүй. Тэгж явсаар 1986 онд буюу 53 насандаа анхны зохиол болох ТОМ ДЭВТЭР-ээ хэвлүүлсэн. Хоёр жилийн дараа НОТОЛГОО-г, үүнээс гурван жилийн дараа ГУРАВ ДАХЬ ХУДАЛ-г хэвлүүлжээ. /1/

Энэхүү гурамсан бүтээл- дайн дажин ба сүйрэл, хайр ба ганцаардал, эмх замбраагүйдэл, цөхрөл, сексийн гажуудал, хүсэл тачаал, хагацал, үнэн ба худлын тухай өгүүлнэ.

Зохиолуудыг нь уншсан хүн байвал, яагаад ийм зохиол бичих болсон талаар нь мэдэхийг хүсэх нь мэдээж. Кристоф:

“-Би багаасаа л бичих дуртай хүүхэд байсан. 13 настайгаасаа шүлэг бичдэг байлаа. Хэтэрхий уран сайхны, мэдрэмтгий шүлгүүд байсан л даа. Би ийм нялуун юманд дургүй. Дахиж тийм төрлийн зүйлс бичээгүй ээ. Яагаад энэ гурамсан зохиолоо бичих болсон шалтгаан гэвэл, зүгээр л эд бүгд миний бага насандаа үзэж, харсан зүйлсээс улбаатай. Түүнийгээ ямар нэг аргаар илэрхийлэхийг хүссэн. Ямар нэг хүргэхийг хүссэн мессеж гэх мэт зүйлс байхгүй, зүгээр л намтар түүх гэж хэлж болно” гэж хариулжээ. /2/

Багадаа Оросын утга зохиолд дуртай байсан, Достоевскийг их уншдаг байж. Агота Кристофыг 10 настайд Дэлхийн 2-р дайн дууссан байна. Өөрөө хэдий улс төрийн сонирхолгүй байсан ч, оролцоотой нөхрөөсөө болж, хамтдаа эх орноосоо дүрвэсэн байна. Тосгонд нь түүний ээж аав, эрэгтэй дүү нь үлджээ.

“The Notebook Trilogy”, “The Twin’s Trilogy” гэгддэг энэхүү гурамсан романд Дэлхийн II дайны үед identity-гаа авч үлдэхийг хичээж буй ихэр хоёр хөвгүүдийн амьдралын талаар өгүүлнэ.

i. Том Дэвтэр /The Notebook/

Жижиг тосгонд хоёр талдаа ихэр хөвгүүдээ хөтлөсөн бүсгүй, настай яхир ээж дээрээ ирэн хүүхдүүдээ үлдээж буйгаар үйл явдал эхлэнэ.

Дээврийн энэ л хонгилд бид хоёр зохион бичлэгийн дэвтэр, аавын толь бичиг болон бас бус нууцлах шаардлагатай эд зүйлсээ нууна.. Галын өрөө хүнгүй үед дөрвөлжин шугамтай дэвтэр, харандаа, Том дэвтрээ аваад том ширээний ард сууцгаана.. Ингээд хоёул бичиж эхлэнэ.

‘Хүний сэтгэл, мэдрэмжийг илэрхийлсэн аливаа үг тодорхойгүйгээс гадна бас ямар ч барьцгүй байдаг. Тиймээс тэдгээрээс аль болох зайлсхийж, оронд нь хүн, юмс үзэгдэл болон өөрийгөө байгаагаар нь дүрслэн үзүүлэх нь дээр.”

— ТОМ ДЭВТЭР. хуу 38. “Хичээл”

Энэ өгүүлбэрүүд гол учир зангилааг агуулж буй мэт санагдсан. Дайн гэдэг тэр чигээрээ соёл боловсрол, анхаарал халамж алдагдаж, жинхэнэ амь амиа бодох хэрэгтэй байсан цаг үе байсан бололтой. Ихэр ах дүүс энэ тохиолыг мэдэрч, нэг нэгийгээ ‘тэсвэр’-тэй болгохын тулд зодож, хараан доромжилж, ядарч, элдэв зовлонд сэтгэлзүйгээ бэлтгэн “Хэрцгийллийн дасгал” хийцгээх ажээ. Иймд дараа дараагийн үзэж туулах зүйлс огт шинэ биш байсан гэлтэй… Гагц нууж, бас нандигнасан зүйл нь тэдний ТОМ ДЭВТЭР.

Зохиолд дүрслэгдэх ‘сексийн гажуудал’-г дурдахгүй өнгөрч болохгүйгээс гадна уншигчдад эл дүрслэлүүд цочир санагдсан нь ойлгомжтой. Нохойтой хурьцах сэтэрхий уруулт охин, түүнийг оролдож таашаал авах ламтан, мазохист гей офицер, хүчин,хүчирхийлэл, ихэр хөвгүүдийг халамжлах нэрийдлээр садарлах ‘пидофил’ асрагч бүсгүй. /Үүний учир зүйг цааш өгүүлнэ ээ/

Ихэр хөвгүүдийг тойрон хүрээлэх олон дүрүүд, сексийн сонирхол, аж амьдрал үргэлжилж, эцэст нь хөвгүүдийн нэг нь хилийн зурвас давснаар дараах бүлгийг хүлээх хэрэгтэй болно.

ii. НОТОЛГОО (The Proof)

Нэрс нь дурдагдаагүй ихэр хөвгүүд салснаар, тэдний бүхэллэг зан чанар задрана. “The Proof” буюу “Нотолгоо” зохиолд Лукас хүү ихрээ үдчихээд хэлийн зурвасаас эмээгийнх рүүгээ буцаж буйгаар үйл явдал эхлэн, ихэр хүүгийн нэрс тодорхой болох ажээ. Лукас ба Клаус. Эл дэвтэр тэр чигээрээ Лукас, өнөөх тойрон хүрээлэх хүмүүсийн хачирхалтай амьдрал, хүнийрхэл, ханьсал, ганцаардал, хүлээлтийн тухай өгүүлнэ.

Лукас эрийн цээнд хүрч, нийтийн номын санд ажиллах, буурал үстэй Клара хэмээх бүсгүйд сэтгэл алдрах аж. Зохиолч Агота Кристоф эл дүрийг өөрийнхөө ээжээс сэдэвлэсэн тухайгаа: — “Клара бол миний ээж. Цочролын улмаас наснаасаа эрт буурал үстэй болсон. Ээж надад энэ тухайгаа ярьсан.” хэмээн дурсжээ.

Лукас, төрсөн эцгээсээ хүүхэд олсон Ясмин хэмээх бүсгүй, түүний хүүгийн хамт амьдрана. Цус ойртолтоос төрсөн хүү Матияас, хөгжлийн бэрхшээлтэй боловч цочир бүр гоц ухаантай гэмээр. Лукасын Матияаст хэрхэн хандаж, санаа тавьж буйгаар хүүг өөрийн төрсөн үр мэт хайрладгийг нь харж болно. Лукасын анд найз Виктор, Петр, инсомнияатай үл таних өвгөн зохиолд сонирхолтойгоор дүрслэгдсэн санагдсан.

Лукасын амьдрал зовлон, гунигтай ч ихрийн өрөөснөө сэтгэлдээ дүрсэлсээр, уулзана хэмээн найдсаар л… Гэнэт л номын сүүлийн бүлэгт олон жилийн дараа ихэр Клаус галт тэрэгнээс бууж ирснээр үйл явдал тонгорч орхив.

“-Байгаа газар чинь амьдрал сайхан уу, амар амгалан уу? гэж Петрийг асуухад:

Мөнгөн дээр суурилсан нийгэм. Амьдралын утга учрыг асуух сөхөө тэр нийгэмд байхгүй. Би гучин жилийн турш зуурдын ганцаардал дунд байж байгаад ирлээ.” /хуу.198/

Зохиолчоос сэтгүүлч : “Элсэн цөл рүү энэ гурван романыхаа алийг нь авч явах вэ? гэж асуухад Кристоф: НОТОЛГОО гэж хариулсан байв.

iii. ГУРАВ ДАХЬ ХУДАЛ. (The Third Lie)

Дайны хүнд жилүүдэд ганцаардахгүй гэж, ганцаараа гэдгээ мэдрэхгүй гэж хүү өөрийгөө ихэр байсан хэмээн төсөөлөв үү? гэлтэй сэжиг төрнө. Учир нь ТОМ ДЭВТЭР-с хойш, ихэр хөвгүүдийн амьдрал зүүд шиг санагдаж эхлэв. Хэн нь алуурчин байсан нь үл мэдэгдэх сэтгэлзүйн триллер үзсэн аятай, толгой хэсэгтээ л эргэсэн. Харин ГУРАВ ДАХЬ ХУДАЛ энэ бүх учир явдлын залруулга. Гэхдээ “Бодит үнэн”-г мэдэх гэж яарах шаардлагагүй байжээ гэж бодсон.

.. Унтахынхаа өмнө сэтгэлдээ Лукастай ярилцав. Мөн миний түүнд хэлдэг юм ч гэсэн бараг хэвээрээ. Би түүнд хэрвээ чи үхсэн бол үнэхээр азтай юм. Би чиний оронд үхсэн бол ямар сайхан бэ. Чи надаас хамаагүй дээр нөхцөлд байна, учир нь энэ амьдралд миний үүрэх ачаа дэндүү хүнд. Амьдрал тэр чигээрээ ямар ч хэрэггүй, утгагүй, дуусашгүй зовлон шаналан, ойлгохын аргагүй хар хорын, Бурханы биш зохиолмол зүйл юм байна гэж би түүнд хэлдэг.

— ГУРАВ ДАХЬ ХУДАЛ. хуу. 165

Ихрүүдийн зовлон төгсгөлтэйгээ хамт төгсөнө. Спойлердсон бол уучлаарай. Гэхдээ бүгд л төгсөх жамтай, тэр хүртэл амьдарч л таарах нь.

Drawing by ME 😐

Уншихаасаа өмнө өнөө айхтар секс дүрслэлүүдийн тухай олон уншигчийн амнаас сонссон. Уншиж үзэхэд агуулгын хувьд их өргөн байлаа. Зохиолч Агота Кристоф: “Эд бүгд миний бага насны дурсамжуудтай холбоотой. Дайны үе, түүний дараах он жилүүд. Сексийн дүрслэлүүд ч мөн адил. Хүчирхийлэл газар авсан үе байсан” гэж дурьджээ.

Дайн гэдэг хүчирхийлэл, зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд гэлтгүй цэрэг эрсийн сэтгэлзүй ч хүчирхийлэлд өртсөн эрэмдэг он жилүүд байв уу гэмээр.

“ Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хүмүүсийн бэлгийн амьдралд нөлөө үзүүлдэг. Улс орны хувьсгал, нийгмийн бусад хурцадмал байдлын үеэр “бэлгийн амьдралын хэтрүүлгүүд” үзэгдэх бөгөөд дайн самууны цагт амьдрал ямар ч үнэ цэнэгүй, найдваргүй санагдах тул эл үйл явц улам даамжирдаг.

— Венийн Сэтгэл судлаач Алфред Адлер. /3 /

Сексийн элдэв гаж үзэгдлүүд зөвхөн зохиолчийн санаа бус дайны жилүүдэд үнэхээр байсан, одоо ч мэр сэр үзэгддэг үйлдлүүд…

Дэлхийн II дайны үед бүгд өлсгөлөнд нэрвэгдэж ядуу зүдүү амьдрах ч вино, пянз, аман хуур, төгөлдөр хуур, кофе, тамхи эдртэйгээ бас. Соёлын үлдэгдэл нь жижиг ч гэлээ ер алдагдахгүй яваад байна уу? гэмээр.

Ер нь тэгээд, сэтгэлзүйн хувьд асар дарамттай, хэзээ бөмбөг унаж ирээд дэлбэлчих бол гэсэн айдастай, өлөн зэлмүүн он жилүүдэд, хүний “ёс суртахуун”, “сайн”, “муу”-г дүгнэх туйлын хэцүү. Учир нь тодорхой ‘хэвийн’ хүрээнд, тодорхой нөхцөлд, тодорхой ‘сэтгэлзүй’-д л эд хүчин төгөлдөр оршиж чадах болов уу..

Лукас, Клаус хоёр хэрцгий, хүйтэн нөхдүүд ч, дотроо хэн хэнийгээ гэсэн орон зайтай амьдарсан санагдав. Тэр сэтгэлийнхээ гүн орон зайд — хайр, халамж хэрэгтэй хэн нэгнийг үргэлж дулаацуулсаар ирсэн нь дүрүүдийг ямар ч новшийн үйлдэл хийсэн ч “цагаатгаж” байлаа.

Орчуулгын тухайд би сонсголонт Франц хэлийг мэдэхгүй ч, уншихад торох, түүртэх, төөрөх юу ч байсангүй, хурдан, зовлонгүй уншигдав. Харин илэн далангуй, шудрага орчуулсан үгнүүд нь “цэвэр цэмцгэр”-г эрхэмлэгч уншигчдад таалагдахгүй байж мэднэ. Ямартай ч сайн орчуулжээ хэмээн орчуулагч Болортуяа эгчид баяр хүргэе~! Бас сонголтын тухайд зориглосон нь харагдаж байна.

Монгол орны өнөөгийн амьдрал, улс төр, иргэдийн нэг цэгтээ баярхуу, түүнийгээ тойроод бөөн ядуурал, гэмт хэрэг гарч байгаа нь бид цэгцэндээ орж өгөлгүй, сэтгэлзүй, боловсролын хүрээндээ өлсгөлөн хэвээр байгааг эл зохиол сануулчих шиг санагдав. Мэдээж ийм санаа өгье гэж зохиолч ч, орчуулагч ч санаагүй нь лавтай. Уншигч надад хүүхдүүдийн харгислал, хүчирхийлэл, амьдрах итгэлгүйн улмаас амиа хорлох үйл явдлууд өнөө бидний нийгэмд байсаар л байгаа үзэгдлүүдийг санагдуулсан болохоор л тэр юм уу даа…

Уншсандаа хэзээ ч харамсахгүй романууд байлаа. Баярлалаа~!

Ашигласан материал:

/1/ Ágota Kristóf by Wikipedia.

/2/ A CONVERSATION WITH ÁGOTA KRISTÓF by by Riccardo Benedettini. June 9, 2016

/3/ Алфред Адлер. Амьдралын тухай шинжлэх ухаан. (2015 он) орч. Л. Энхтүшиг

--

--

Ariun Sanna
Монтений сормуус

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.