‘Албин’ өгүүллэг
1.
Дугаар хорооны иргэн Б өнөөдөр 28 нас хүрчээ. Тэрээр олны дунд онцгой ганцаардмал нэгэн агаад түүнийг ойлгох хэн ч үгүй гэдэгт бараг л итгэсэн хүн. Бага насанд нь харгалзах хүнгүйгээс үүдэж гэрт нь ганцаар цоожлон үлдээдэг байсны улмаас ч тэр үү, “ганцаардал” гэх дөрвөн ханан дундах хэн ч түүнийг сонсохгүй анир гүмд дэндүү дотноор дасжээ. Уг нь дугаар хорооны иргэн Б тийм ч ганцаардмал нэгэн биш. Хүмүүстэй байх дуртай боловч бусад хүмүүсийн өөртөө тааруулах гэдэг хүслүүдээс төвөгшөөх нь түүнд хотын иргэн болоход тун чиг бэрх даваа болжээ. Өөрийнхөө нарийн ширийн мэдээллийг хүнд хэлэх дургүй учир зүгээр л “дугаар хорооны иргэн” гэвэл түүнд илүү тухтай санагддаг юм. Ямартай ч түүний нэр Б үсгээр эхэлдэг. Ганцаардмал сэтгэлдээ дэндүү дассан Б, балчир үед нь хүчтэй туссан ганцаардлын мэдрэмж амьдрал нь тэр чигтээ биш гэдгийг хараахан мэдээгүй яваа. Хайр сэтгэл л түүний хана хэрмийг нурааж, харанхуй булангаас нь татаж авахыг хүлээдэг гэдгээ өдрийн тэмдэглэл дээрээ бичсэнээ маргааш өглөө нь урж орхисныг би нэг удаа дэргэдээс нь харсан юм. Уг нь хүний хэрэгт оролцох нь дэндүү зохисгүй боловч яах аргагүй би бээр түүний сэтгэлийн буланд хоригдсон албин билээ.
Өөрөөр хэлбэл өгүүлэгч би бээр иргэн Б-ийн өрөөний буланд түүнд үл анзаарагдан зогсож, цаг хугацааны орчил дотор амьдардаг албин хий юм. Дугаар хорооны иргэн Б миний анхны оромж мэдээж биш. Иргэн Б-ээс өмнөхөн би нэгэн золгүй эмэгтэйн сэтгэлд хэдэн жилийг өнгөрүүлсэн юм. Анхны хайр нь бүтэлгүйтэж, амиа хорлох тухай бодолд ороогдсон тэр бүсгүй хямдхан буудлын дээврийн өрөөнд ужиг бодолдоо дийлдэн үйлээ гүйцэтгэж орхисонсон. Авран хамгаалах нь миний үүрэг биш хойно тэр бүсгүйг өөрийгөө боомилон үхэхэд нь уйдаж гүйцээд, өөр сул дорой нэгнийг үргэлжлүүлэн хайж явтал хүйтэн салхитай нэгэн шөнө энэ дугаар хорооны иргэн Б-тэй таарсан хэрэг. Тэрээр дотор нь орж амьдрахад бодол санаа нь хэзээ ч уйдахааргүй сонирхолтой оромж минь юм. Олон мянган хүний сэтгэлд оршиж үзсэн би бээр дугаар хорооны иргэн Б-г онцгой илүү сонирхсон учрыг тайлбарлая. Түүнийг харахад тэгтлээ хүний нүдэнд өртөм өвөрмөц төрхтэй нэгэн биш. Дундаж нуруутай, нойрондоо муухан ханадаг болов уу гэмээр сүүмгэр уйтгарт харцтай. Үргэлж бодолд дараастай явдаг болохоор ч тэр үү, өмсөж байгаа цамцаа ч хэзээ сүүлд угааснаа мартчихсан явна. Харагддагаасаа илүү этгээд бодлоор дүүрэн болов ч хуучны шархтай дурсамжаасаа болж бусдад итгэхээ даанч больсон нь түүний сэтгэлийн хаалт болсон ч байж магадгүй ээ. Энэ нь ч надад дэндүү амар. Хэрвээ дугаар хорооны иргэн Б хайр гэгч халуун дулаан эрчмээр дүүрвэл миний ая тухтай хүйтэн оромж байхаа болих учраас бусад хүмүүсээс хол л байвал надад сайн. Гуниг бидэнд жаргал, жаргал тэдэнд гуниг. Хүн гээч тэнэгхэн амьтад үүний цаад учрыг олохдоо будилдаг хойно. Будилах ч ёстой юм даа, яая гэхэв.
Илчээ алдсан орон сууц, согтуурал мансуурлын газраар хэрэн хэсүүчлэх нь албин бидний хийдэг ажил. Хөлгүй, гаргүй, сэтгэлгүй бид хүний итгэлээр хооллодог юм. Нэгэнт баригдам биегүй учраас хүн чанар дулимаг хүмүүсийн бодол санаанд нөлөөлж, өөрийнхөө үнэ цэнийг хараахан мэдээгүй хүмүүсийн сэтгэл дэх цуурсан зайгаар хялбархан ороод явчихна даа.
Бусдын сэтгэлийг хэсэгхэн зуур эзэмдэж, чин сэтгэлээсээ хандаж буй цайлган хүмүүсийг амархан дөнгөн, хуурч мэхлэгдсэнийх нь дараах цөхөрсөн гуниг руу нь нэвчин орох их хялбар. Яг л дугаар хорооны иргэн Б шиг нөхдийг ингэж хялбархан дөнгөдөг гэх үү дээ.
Өнгөрөгч ес дүгээр сарын намрын жихүүн хүйтэн орой Явуухулангийн цэцэрлэгийн дэргэдэх архины мухлагт албин би ээлжит оромжоо хайн хэсүүчилж явлаа. Тэр уушийн газарт янз бүрийн хүмүүс тогтмол орж ирэн уйтгар гуниг, ганцаардал, элдэв асуудлаа тоочиx аж. Зөөгчийн сонгосон “Шөнийн галт тэрэг” хамтлагийн “Цонхны цаана” дуу танхимаар дүүрэн чанга эгшиглэнэ. Зарим хүн шөнийг өнгөрүүлж мэдэх хөнгөн зугаа хайж нүдээ бэлчээн, найз нөхөд, шинэхэн танилуудаараа хөгжилдөж сууна. Харин би зөөгчийн урд байрлах урт тавцангийн ард ганцаар суух иргэн Б-г сүрхий анзаарч, ууж буй пивонд нь дэвтэж орхих хүсэл төрлөө. Гэтэл этгээд бодолтой иргэн Б яг намайг мэдсэн мэт нэг эргэлзэнгүйгээр пивотой бакаль руугаа нэг их сүрхий удаан гэгч нь харав. Хий боловч харагдчихсан мэт эвгүйцсэндээ хэсэг түүний өөдөөс ширтлээ. Энэ үед хана дагуу өлгөсөн зурагтаар өнөөх дуу үргэлжлэн “Амьдрал намайг сургасан, аз жаргал бэлэглэсэн ч надад тэр нэгэн учрал тодхон” гэж дуулах сонсогдоно. Иргэн Б энэ дууг анхааралтай сонсож буй бололтой урдах пиво руугаа удаан гэгч бодлогоширч харахад түүний баруун нүднээс ганц ширхэг нулимс ууж буй аяга руу нь дусав. Ингээд тэр намайг ууж, түүнээс хойш би түүний дотор амьдрах болсон билээ.
Амьдрал, үхлийн аль нь ч албин бидэнд сонин биш. Магадгүй би хэзээ нэгэн цагт амьдарч, дурлан шаналж, яг л энэ нөхөр шиг гэртээ харих гэж яаралгүй хаа нэг уушийн газрын буланд өнгөрсөндөө хорогдон ууж суусан биз ээ. Сүр сүлд гэх зүйлгүй хүмүүсийн дотор уйтгар гуниг, гутранги байдал нь дэндүү ихээр зонхилон байдаг юм. Нар хэчнээн гийж, салхи хэчнээн бүлээнээр үлээвч тэдгээр гунигт нөхдийн бодол санаа үргэлж өнгөрсөндөө гацсан нь олон. Иргэн Б ч шаналж дуусдаггүй тэдгээр хүмүүсийн нэг. Гэвч нэг л зүйлээрээ арай сонирхолтой байсан нь түүнд энэ бүхнээ хэзээ нэгэн цагт бичих юмсан гэх ирээдүй рүү тэмүүлэх өчүүхэн жаахан хүсэл байв. Үргэлж толгойндоо элдэв зохиолын санаа сэдэж явдаг боловч эрээчиж чаддаггүй түүний ядмагхан зүрх, зориггүй сэтгэлийг яалтай ч билээ.
Үл хөдлөх хөрөнгийн арилжаач энэ этгээд өглөө сэрээд ажилдаа огт яаралгүйгээр нүдээ ч нээлгүй хэсэг хэвтдэг. Өдөр бүр давтагддаг өдрүүд, ор хөнжлийн наргиан, даргынхаа нүдэнд таатай харагдах гэсэн жүжгүүд, явж өгдөггүй ажлын цагууд өөрийг нь хүлээж байгааг мэддэг тул тэрээр сэрэхээсээ ч өмнө нүдээ аньсан хэвээр санаа алдан хэсэг бодлогоширдог. Заримдаа хаа нэг зүүдэлдэг хотын дээгүүр нисэж, тэнгэрийн хаяагаас хэтэрч, орчлон хорвоогоос чөлөөлөгддөг зүүднээсээ сэрэх тун дургүй. Сэрүүлгээ хэд дахин дарсаар буцаж, зүүд рүүгээ өндөлзөх гэвч өнөөх зүүд нь замхран одоход дурамжхан хөрвөж хөрвөж сая нэг босохоор шийднэ. Өглөө, орой нь ялгаагүй болсон иргэн Б-д өөрийнхөө утга учиргүй саарал өдрүүдийг эцэслэмээр олонтоо санагддаг ч хэзээд үхэж түвдэхгүй юм. Өнөөх зориг дутдаг бичих хүсэл нь энэ нөхрийг зогоодог юм уу гэмээр.
Гурван сар гаруйн өмнө иргэн Б болзоот хүүхэндээ хаягдсан байв. Үнэхээр өнөөх бүсгүй нь яг л татсан тамхины ишээ хаях шиг хэнэггүй гэмээр орхиод явжээ. Гээгдэж, орхигдсон нэгэн гэдгээ мэдрэх нь чухам хүн гэгчийг барьц алдуулж чаддаг амттай агшин. Энэ үед нь л хүний бардам сэтгэл хүчтэй шархлан, дотроо бутран үймэрч, салхитай өдрийн цас шиг хаашаа унахаа үл мэдэн хийсгэлэн болдог. Бороо шивэрсэн зуны шөнөөр бүсгүй цэнгэлийн ажлаа дуусгасныхаа дараа иргэн Б-ийн өврөөс цааргалангуй холдож, цааш харан хувцсаа нэг нэгээр нь цуглуулангаа “Би өмнөх хүнээ мартаж яасан ч чадахгүй нь. Чамайг үнсэхдээ тэр хүнийг бодож, чамайг тэврэхдээ тэр хүнийг үгүйлдэг. Яагаад ч өөрийгөө хүчлэн байж, чамайг хуураад байж чадахгүй нь. Чи чинь сайн залуу шүү дээ. Над шиг хүнтэй цагаа үрэх хэрэггүй. Өөр зөндөө хүүхнүүд байгаагаас хойш удалгүй мартчихна даа” гэх үгсийг бэлдсэн мэт хурдхан хэлээд удалгүй гарч одов. Хаалга хаагдаж, шатаар хурдлан буух гутлын чимээг сонссоор хэвтсэн ч эмэгтэйн араас босохыг хүссэнгүй. Иргэн Б харанхуй өрөөндөө цонх товших борооны дуслуудын чимээнээс өөр ханьгүй ганцаар үлдлээ. Бүсгүйн үнэр шингэсэн хөнжилд хэсэг хэвтэж байснаа гайхширсан хэвээр зугуухан босож тамхи асаав. Цонхоор гадагш харвал эмэгтэйн ул мөр үл үзэгдэнэ. Гарч явснаас нь хойш дэндүү удаан хэвтсэн бололтой. “Өмнөх хүн…” гэхээс өөр бодол толгойд нь орж ирсэнгүй. Хэдий энэ бүсгүйг ариун сайхны дээдээр хайрлаагүй ч, тэврэх үед нь бяцхан тайвширч, оройн хоолоо ч хоёр хүнийхээр хийж хэвшиж, орондоо дулаан илчээр дутахаа больж буйдаа бага багаар дасаж байсан болоод тэр үү, бүсгүйг орхин явахыг нь зүүд зөнгөөрөө мэдэрдэг байсан ч ингэж хаягдаж үлдсэн гэдэгтээ эвлэрэхэд тун хэцүү байлаа. “Хүүхнүүд л юм даа. Хуурамч амьтад” гэсээр тамхиа ч дуусгалгүй, шидэж орхиод буцаж хэвтэв.
Иргэн Б бүсгүйтэй өнөөх бидний учирсан архины мухлагт анх танилцжээ. Зэргэлдээх ширээнд сууж байсан хэсэг нөхдөөс нэгэн хүүхэн ойр ойрхон хэдэн текилла захиалж, ариун цэврийн өрөө рүү явж ирэхдээ эв хавгүй гуйвж алхах нь нэг л зовуурьтай. Богино даашинзыг нь дагуулан харвал бүсгүйн хөл тэгш сайхан үзэгдэнэ. Царайг нь тодруулан харвал тийм ч муугүй. Согтуу хүүхнүүдийг харахад дур гутмаар сонин харагддаг ч, тэр хүүхний царай төрх тийм ч дорд үзэхээргүй ухаалаг мөртлөө цөхөрсөн байгаа нь иргэн Б-ийн сонирхлыг өдөөв. Пиво шимэх зуур бүсгүйг сэм ажигласаар байлаа. Үсээ хойш татан хавчсан тул нүүрний хувирал, сэтгэлийн байдал нь тод харагдана. Хэн нэгэн рүү байн байн залгасан ч, өнөөх нь утсаа авахгүй байгаа бололтой нэг ч ярьсангүй. Хажуу дэргэд нь найзууд нь гэмээр хэдэн охид учиргүй их зүйлс ярьж инээх боловч өнөөх бүсгүйг огт анхаарсан янзгүй өөр ширээ рүү нүд бэлчээж, хоорондоо шивнэлдэнэ. Бүсгүй утсаа ууртай гэгч нь ширээн дээр тавьснаа ширээ рүүгээ удаан ширтэв. Ямар нэг дүгнэлтэд бат нот болов бололтой хөмхийгөө зуухад нүдэнд нь нулимс бүрхэж, хацрыг нь, цаашлаад хүзүүг нь даган урсав бололтой. Яагаад ч юм иргэн Б тэр бүсгүйд атаархах шиг болов. Ядаж уйлах юм гээч, хүүхнүүд шүү дээ хүүхнүүд. Урсгая гэвэл урсгаж л орхино. Өөрийнхөө хэзээ сүүлд уйлснаа санах гэж хичээж өөр тийш харан хэсэг бодол болох зуурт өнөөх бүсгүй гадуур хувцсаа өмсөөд гадагш гуйван зүглэж байлаа. Тэр бүсгүйг түрүүнээс хойш ажиглаж суусан болохоор ч тэр үү, амтат бодлоо таслахыг хүссэнгүйд хурдхан гэгч тооцоогоо төлчхөөд бүсгүйн араас гадагш гартал үүдний довжоон дээр өнөөх бүсгүй доош харан суучихсан цурхиран уйлж харагдана. Гэрт нь хүргэж өгсөн тэр оройн дурсамж иргэн Б-н төсөөлөлд тод үзэгдэв. Тэр оройноос хойш өглөөд хамт кофе, оройдоо хамт ууж суудаг болж, нэг л мэдэхэд орондоо түүнтэй цагийг өнгөрүүлэх болжээ. Хацар дээр нь үнсэхэд нулимсных нь шорвог амт амтагддаг байж билээ. Хэзээ нэгэн цагт орхихыг нь мэддэг байсан ч, хэдхэн хормын өмнөх шиг ийм эрс шулуухан гараад явчихна ч гэж бодсонгүй. Хэчнээн унтах гэж хичээсэн ч нойр нь тэр бүсгүйтэй хамт орхив бололтой, цурам хийлгүй хөрвөөж байтал сэрүүлэг дуугарав. Түүний нойр муутай хоносон ээлжит шөнө дуусаж буй нь энэ. Үнэндээ бүсгүйн орхиж явсан шөнөөс хойш бүтэн гурван сар өнгөрчихсөн шүү дээ. Ажилдаа явна уу л гэхээс гэрээсээ хамраа цухуйлгах тун дургүй болсон мань нөхөр нэг өдөр гэрээсээ гарч тамхи авах гэтэл цаг хэдийнээ шөнийн 12 өнгөрсөн байлаа. Нэг буудлын зайд шахуу байрлах түц рүү цааш хэд гурав алхтал намрын хүйтэн бороо шаагьж эхлэв. Бороо иргэн Б-рүү нүүр нүдгүй шавшиж, сандарч ядахдаа хажуу шалбааг руу хоёр гутлаараа нэвт явж орсон тэр, гэртээ буцаж ирээд шөнөжин бүлээрч хонолоо. Арай хийж хөнжлөө хам хум татах аядан, халуурсандаа элдэв зүүд үзэв бололтой. Түүний дотор элдвийн тарчлал өрнөнө. Өнөөх хаяж одсон бүсгүйн үнэр өрөөгөөр нь дүүрсэн сэнгэнэх шиг болж, дараа нь тамхины утаагаар солигдоно. Амьсгалах агаар өгөхгүй нялуун хийгээд тамхины үнэр нийлж хоолойг нь боох шиг хачин давчуу амьсгаадна. Ингэж амьдрахаар үхээд өгөх сөн гэж боддог л газар. Мэдрэх ёстой шантрал даа. Амьд хүн таашаалынхаа дээд цэгт хүрч жаргалыг амсдаг бол албин миний хувьд хүний доройтон шаналахыг харах адтай сайхан хэрэг.
Маргааш орой нь иргэн Б орондоо хэсэг хөрвөөснөө өндийн суулаа. Би бээр ашгүй нэг амьдралаасаа уйдчихлаа гэж санан түүнийг гал тогооныхоо өрөөний хутганы шүүгээ рүүгээ явахыг хүлээв. Хэрвээ ганц сайхан дүрж чадвал, эцсийн мөчдөө эргэж буцсан ч түргэн тусламжийн тэргийг түгжрэлээс ирэхээс өмнө аль хэдийнээ үхэх нь тодорхой. Гэтэл нэг л хөдлөхгүй юм. Аан, тэгвэл арай ойрхон хувцасны шкафнаасаа тэлээ мэтийг зэхэх нь дээ гэж бодлоо. Уг нь тэртээ буудалд боомилон одсон охиных шиг дуусгавал, дажгүй болдог л арга мөн дөө. Иргэн Б-д хөдлөх шинж алга. Түүнийг хэрхэн дуусах тухай төсөөлж байтал тэр гэнэтхэн өндийн боссоноо харанхуй буланд зогсох намайг олж харсан мэт наашаа учир зүггүй удаан гэгч нь ширтээд зогсчих нь тэр. Тухгүй гэж. Яг л бидний анх харц мөргөлдсөн орой шиг энэ нөхөр хар зөнгөөрөө нэг л юм биш байгааг мэдрээд байх шиг. Дугаар хорооны иргэн Б над руу чиглэн алхаж эхлэв. Яг өмнө минь тулж ирмэгцээ хажуу тийш эргэн харж, хэдэн сар нээгээгүй хөшгөө яран, цонх дэлгэж орхилоо. Өрөөгөөр дүүрэн тоосонцрууд над шиг л цочирдсон мэт эв хавгүй, эн тэндгүй бужигнав. Нэлсхийсэн нарны туяа түүний нүүрэн дээр тусахад иргэн Б нүдээ дарсаар доош бохирон сууж, удалгүй цурхиран уйлж эхлэв. Амандаа нэг зүйл бувтнан толгойгоо базлан уйлахад, ойртон сонсвол “амьдармаар байна” гэх дуулдлаа.
Үд хэвийх үед тэр өнөөх байрлалаасаа аядуухан босож ширээнийхээ ард суув. Тоосонд дарагдсан лаптопоо дэлгэн асааж, шинэ хуудас нээн ямар нэг юм товшиж эхлэв. Мөдгүй Иргэн Б зохиол бичиж, эдгэж, магадгүй ахин хайр хайн тэнүүчлэх болох нь дээ. Харин миний энэ нөхрийг орхиж, ээлжит оромжоо эрэн хэсүүчлэх цаг минь ирэх нь энэ ээ.
Зохиолыг бичсэн Ц.Ариунсанаа