Бүх зүйлс болоод л өнгөрөх… (хуучин)

Ariun Sanna
Монтений сормуус
3 min readJul 24, 2024

--

Өөрийн шархаа амтархан долоож байх шив дээ би. Хэцүү ч юм шиг, гоё ч юм шиг, тэвчмээргүй ч юм шиг хүнд оргисоор долоо хоног өнгөрч байна. ‘Eternal Sunshine of Spotless Mind’ дээр төгс биш хоёр нөхөр гэмгүй сайхан дурлалцаж байснаа, хайр дурлалын төсөөлөлөөс нь зөрж орхисон өөрсдөөсөө зугтаадаг даа. Ямар сайндаа дурсамж устгах үйлчилгээ авч бариад л. Үгүй ээ, хэний санаанд дурсамж устгах, суулгах талаар бодогддог байнаа? Ой санамж биш, бүр дурсамж шүү дээ! Тав дээр тавыг нэмээд арав гэдэг шиг хөдлөшгүй томъёо байсан бол ч яахав. Ойлгож амжаагүй, чимээгүй- юу нь болж бүтээгүй нь мэдэгдэхгүй манан дунд орхигдож байгаа юм шиг тийм бүрхэг. Хүлээгээд, хайгаад л, тэгээд “аан за дуусч байгаа юм байна шүү дээ” гэж эвлэрээд. Тэгээд бүр өөрийгөө үгүйсгэж эхлээд л. Хүмүүсээр үгээ заалгаж, сэтгэлийнхээ ангархай дээр нэг хуруу лент наачих гэж үзээд л.

«Дур ирж, буцна. Дурлал хамгийн багадаа хэдэн долоо хоног, эсвэл хэдэн сараар үргэлжилдэг. Дураас ялгаатай нь дурласан үедээ хүн ертөнцийг бараг тэр чигт нь өөрөөр мэдэрч амьдардаг. Бидний мэдрэмж, бодол, сэтгэл өөрчлөгдөнө. Бидний өөртэйгөө болон ертөнцтэй харилцах бүхий л харилцаа хувирна. Угтаа хиймээргүй зүйлсээ хийж, өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн ард нь гарах бүрдээ нэг бол итгэмээргүй сайхан, эсвэл тун чиг олиггүй байдалтай болчихдог» — (Ричард Давид Прехт. “Хайр”)

Хэрвээ чи дурлаж үзсэн бол энэ ямар аймар тарчлаантай вэ гэдгийг мэдэж л байгаа байх. Яг нэг тийм, бүх юм нь хийсвэр атлаа нэг л тийм үнэмшээд үлдчихмээр. Хаашаа явах нь мэдэгдэхгүй, унаж бэртээд уйлж хоцрох нь магадгүй хурдтай явж байгаа галт тэргэнд, маргаашаа бодолгүй гүйгээд суучих шиг. Харц, байдалд нь ховсдуулж, үнэр нь чамайг дагаад ч байгаа юм шиг санагдана. Зүүдлэх, санах, бодох бүрт яагаад ч юм гомдоод, оройдоо нэг алба юм шиг хэдэн минут халбага нулимс дуслуулж уйлна. Өөрийгөө сул дорой, учир дутагдалтай, өчүүхэн жижигхэн батга шиг мэдрээд, маргааш нь тэгснээ улам хүчтэй болно гэж ажилдаа шамдах гэж хичээгээд л. Яг нэг хамрын ханиад шиг ч юм уу. Чиний хаана чинь үүрлэчихсэн болоод, биеийн чинь аль нэг судсыг бөглөөд, амьсгалахад чинь гай болоод байгааг мэдэхгүй. Яагаад ингээд байгааг чамд хэн ч хэлж өгөхгүй. Яахав. Үнэнд ойр зөвлөнө, таамаг дэвшүүлж өгнө. Гэхдээ хамгийн зөв зам бол гэртээ харих, өөртөө л үлдээх юм уу даа. Тэгээд хэдэн жил сарын дараа, хэзээ нэг өдөр нөгөө дурлалаа ойлгож хайрлаад л, аль нэг уран зохиолын номоос “би ч гэсэн ийм зүйл мэдэрч байсаан” гээд мушилзахаа л аядна байх даа…

Бид зүгээр л уулзаагүй байсан бол яах байсан бол? Чамайг төрөхөөс өмнө би үхчихсэн бол? Бидний харц хэзээ ч тулгарахгүй. Гарнууд маань хэзээ ч шүргэлцэхгүй. Бид хэзээ ч үг солилцохгүй. Нэг нэгнээ инээлгэж бас уйлуулахгүй. Хэзээ ч халуунаар дурлалцахгүй, чанга тэврэлдчихсэн сэрэхгүй. Бид. Огт. Оршоогүй. Харин уулзсан бол нэг нэгнийхээ бүх зүйл, жинхэнэ үнэн, бүх зүйл нь болж болох байсан.
Гэтэл, хайртай нэгэн чинь орхин одоход чи яагаад ингэтлээ шанална вэ? Ядаж л чамд боломж байсан, үүнд талархах хэрэгтэй. Юу ч болж байсан, чи түүнтэй нэг жил, нэг өдөр, үгүй ядаж л нэг мөч ч болтугай хамт байсан шүү дээ. Чамд. Тэр. Байсан. Тэгээд ч бид хайртай бүхнээ нэг л өдөр орхино гэдэг нь үнэн. Гэтэл харин хэзээ ч уулзаагүй, уулзахгүй тэр бүх дурлалууд, нөхөрлөлүүдээ яах вэ? Тэдний төлөө, би заримдаа уйлах юм.
- Инэс Котарак. (Орч.via Tserendolgor Saintur)

Учрал бүрийн дараа зүрхээ тэврээд үлддэг өөрийгөө нэг хэдэн өдөр өрөвдөх шив дээ, чаавас. Энэ нэг цээжин доторх атгахан улаан юм л хөндүүр оргиод чухам юм аа…

--

--

Ariun Sanna
Монтений сормуус

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.