Цаснаар санал болгох кинонууд

Ariun Sanna
Монтений сормуус
6 min readNov 9, 2023

--

Намрын урт дулаахан өдрүүдэд дасчихсан байтал гэнэт цас хаялж, амьдралын хурд мэдэгдэхүйц удаашраад, хүйтний улирлын өдрүүд хэдийнээ эхэлжээ. Өглөө ажилдаа явахаар гарах үед хүйтэн агаар уушги цочоох шиг. Удахгүй шинэ жилийн баяр, цагаан сар гээд сэтгэлийн буглаа, элдэв асуудлаа мартах хэрэгтэй болдог баярууд ч эхэлнэ. Тэгвэл эдгээр өдрүүдэд үзүүштэй, өвлийн улирал гардаг, цастай кинонуудыг санал болгож байна.

Эдгээр кинонуудын нэгэн ижил талууд гэвэл хүний сэтгэл, хүмүүсийн хоорондох холбоог өөр өөр хэлбэрээр үзүүлдэг гэж хэлж болох юм. Дор бүр нь надад яагаад таалагддаг сэтгэгдлээ бичиж үлдээлээ.

1. Moonlit Winter (2019):

Юнни хэмээх 40 эргэм насны эмэгтэйд олон жилийн дараа хуучин найзаас нь захидал ирдэг. Ахлах сургуулиа төгсөх гэж буй том болсон охинтойгоо амьдардаг Юнни тийм захидал ирнэ гэж огт төсөөлөөгүй. Дунд ангидаа дотно үерхдэг байсан найз нь эцгийнхээ оршуулгын дараа сая л нэг түүн рүү захидал бичих зоригтой болсон тухайгаа дурдсан байдаг.

Ямар ч үнсэлт гардаггүй маш цөөхөн күийр кинонуудын нэг. Хоёр хүний хэзээ ч таслаагүй сэтгэл зүрхний холбоог өгүүлж байгаа нь нэг төрлийн гунигтай ч гэлээ, сэтгэл татам мэдрэмж төрүүлдэг юм. Нэмээд Юннигийн охин, түүний Японд байгаа найзын авга эгч, үзэсгэлэнт газар нутаг, бодрол, сэтгэлийн хамгийн нандин хэсгээ илчилж бичсэн захидал, амьдралаа шинээр эхлэх зориг гээд л сайхан хэсгүүд олон.

2. Let the right one in (2008)

Оскар хүүд анхаарал хандуулж, сэтгэлээсээ сонсдог хүн бараг үгүй. Өдөр бүр сургууль дээрээ үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртдөг. Нэг удаа хачирхалтай Эли хэмээх охинтой танилцаж, тэдний нөхөрлөл эхэлдэг.

Кинонд гардаг байрууд нь яг л манай сансар, хорооллын байруудын гадаа өрнөж байгаа юм шиг зохион байгуулалттай. Үзэхэд хэт мэдрэг хүнд хэцүү. Учир нь Оскарын дээрэлхүүлдэг хэсгүүд сэтгэл өвтгөмөөр. Яг бодит амьдрал дээр гэж бодоход хүүхдүүдэд ийм зүйлс тохиолдож буй нь цус сорогчийн түүхээс илүү аймшигтай нь мэдээж. Харин Эли охин Оскар хүү хоёрын хоорондох харилцаа, нөхөрлөл, нэг нэгийгээ хүйтэн ертөнцөд хайрлан хамгаалах гэж хичээж буй нь сэтгэлд дулаахан гэж.

3. Eternal sunshine of the spotless mind (2008):

Жоел салсан найз бүсгүйгээ хурдан мартахын тулд дурсамж устгадаг үйлчилгээнд хандана. Бага багаар устаж буй дурсамжууд болон эргэн тойронд болж буй эрээвэр хураавар үйл явдлууд хөвөрнө.

Юу нь таалагддаг вэ? гэвэл дээрх зураг дээр хэсэг маш тод үлдсэн байна. Цастай далайн эрэг дээр сэрж нтр, өрөөнд нь бас бороо ордог. Зүүдэнд логик будилдаг шиг л түүний дурсамж бас учир нь олдохгүй. Хэдийгээр шархалсан сэтгэлээ хурдан аних гэж дурсамж устгах үйлчилгээнд хандсан ч үнэндээ буцаад нийлсэн ч, үгүй ч бай Клементайнтай өнгөрүүлсэн дурсамжууд нь амьдралынх нь чухал хэсгүүд гэдгийг ойлгодог.

4. Microhabitat (2017):

UBIFF-ээр анх iCinema-д үзэж байсан. Тухайн үед ойр тусаагүй ч одоо яг тусдаа ганцаараа амьдарч байгаа хүний хувьд бараг урам зориг авдаг кино маань. Нас нь ч бараг ойролцоо байх шүү.

Мисо бүсгүй автомашины ослоор гэр бүлээ алдсанаас хойш ганцаараа ядуувтар хороололд байр хөлслөн амьдардаг. Олж буй орлого нарийн тооцохгүй бол хотод амьдрах хэцүү. Мөнгөө эрүүл мэнд, даатгал, хоол унд, тамхи, виски гэх мэтээр нарийн хуваарилж хадгална. Гэтэл хаа сайгүй амьдрах өртөг нэмэгдсэн учраас Мисо ахлах ангидаа амьд хамтлаг байсан хуучин найзуудынхаа гэрээр очих болно. Орчин үеийн бадарчин гэх юм уу даа. Мэдээж капитал нийгэм хуучин найзуудынх нь мөрөөдлийг үгүй хийж, өөрчилсөн байдаг. Харин Мисогийн хувьд өөртөө үнэнч хэвээр байгаа нь гол дүрийг хайрлахаас өөр аргагүй болгодог юм даа.

5. Drive my car (2021):

Алдарт зохиолч Муракамигийн хоёр өгүүллэгийн холимог зохиол гэгддэг энэ кино бараг 3 цаг гаруй үргэлжилнэ. Театрын жүжигчин, найруулагч Юүсүкэ эхлээд зохиолч эхнэртээ араараа тавиулна, дараа нь учир битүүлгээр эхнэрээ үүрд алдана. Ихэвчлэн эхнэрээрээ машинаа бариулж, тоглох жүжгийнхээ текстийг кассетанд бичүүлж аваад цээжилдэг байсан түүний амьдрал, кареер уналтад орно. Яагаад, ямар учраас эхнэр нь үхсэн тухай, үнэхээр түүнд хайртай байсан эсэх, цаашид хэрхэн утга өгч амьдрах эсэх учраа мэдэхээ болсон түүнд хоёр жилийн дараа нэгэн тайзны жүжигт ажиллах ажлын санал ирж, тэр хотод машиныг нь барих танихгүй жолооч эмэгтэй болоод Юүсүкэ хоёрын холбоо эхэлнэ дээ.

Он удаан жил сэтгэлийн гүнд хэзээ эдгэж, анирлах нь мэдэгдэхгүй хэцүү хүнд дурсамжуудыг тээж явах боллоо гэвэл хэрхэх ёстой вэ?
Хэн ч ингэ, тэг гэж бэлээхэн хариулт өгч зүрхлэхгүй биз. Харин өөрийнхөө дурсамжаар, сонголтоор, учралаар түүнийгээ гэтлэх хэрэгтэй ч юм уу даа. Хэзээ нэг өдөр сэтгэл чинь уудлагдахад бэлэн болох биз ээ.

6. Love letter (1995)

Энэ киноноос санаа авсан эсэхийг мэдэхгүй ч Moonlit Winter-тэй төстэй гэвэл олон жилийн дараах захидал, шуудан, тэр чигтээ өвлийн улирал, гашуудлын дараах ухаарлууд. Гэхдээ найруулагчийн шийдэл эхний хэдэн минутад толгой эргүүлж дөнгөдөг.

Номын санч хийдэг Ицүки Фүжид захидал ирнэ. Тэр нь түүний хуучны танил мөн ижил нэртэй Ицүки Фүжи хэмээх залуугийн талаар асууж сурагласан захидал байдаг. Хоёр эмэгтэйн хоорондоо солилцож буй захидлууд нэгэнд нь хүлээн зөвшөөрөл, нөгөөд нь амьдралдаа талархах мэдрэмжийг өгдөг гэж хэлж болох байх. Кино эхлээд дуусах хүртлээ өвлийн улирал гардаг болохоор цаснаар хүний сэтгэл хэрхэн хөдөлж байгааг үзүүлнэ. Анхны хайр, гэгээн сэтгэл, гэнэтийн үхэл, асуулт, гашуудал, эдгэрэл гэх мэт үзэсгэлэнтэй энэхүү киног зураг авалт хийгээд дууны найруулгууд нь цогц болгож байх шиг санагдсан.

7. Compartment No.6 (2021)

Хоёр жилийн өмнөх UBIFF-н нээлтээр гарсан, Каннын наадмын шагналт энэ киноны зураг авалтыг Монголд хийхээр төлөвлөж байсан ч ковидын нөхцөлөөс болж төлөвлөгөө өөрчлөгдсөн гэдэг. Залуу Финлянд эмэгтэй амраг бүсгүйнхээсээ явж хамтдаа очно гэж ярьсан аялалд ганцаараа гарна. 6-р купенд үл таних залуутай хэд хоногийг өнгөрүүлэх болж, тэдний харилцаа эхэлнэ дээ.

Харилцах чадвар төдийлөн сайнгүй купе 6-гийн залууд тоглосон жүжигчний царай таалагдсан. Манай гол дүрийн эмэгтэй ч бас нийтлэг тачаангуй эмэгтэйчүүдийн төлөөлөл огт биш. Үс нь хээгүй, байдал нь ч энгийн. Үл таних хүмүүсийн хоорондох ээнэгшил, богино болоод өнгөрсөн өдрүүдийн төгсгөлд явдаг дуу нь манай Соёл-Эрдэнэ хамтлагийн “Бороо” гээд дуу гэж байгаа. Үзээд хаа нэг галт тэргэнд суугаад аялмаар санагдах вий дээ.

“Зуун жил, зуун жил чамаас холдомгүй
Зөөлөн бороонд зогсмоор л байлаа.”

8. On Body and Soul (2017)

Нэг нэгийгээ оршин байгааг л үл мэдэх хоёр хүний ажилладаг мал нядалгааны газарт хулгайн хэрэг гарснаар тэр үйлдвэрт хэрэгтэнг илрүүлэхээр сэтгэлзүйч томилогдож ирнэ. Тэр сэтгэлзүйчийн үүрэг бол ажилчдын зүүдийг яриулж, тандалт хийх. Улмаар нэг нэгийгээ анзаарахаас хэтрээгүй хоёрын зүүд нэг газар цас дарсан өтгөн ойн дунд огтлолцдог гэдгийг тэд олж мэднэ. Яваандаа тэд зүүднийхээ учрыг олохоор, бага багаар ойртож эхэлдэг.

Бүсгүй нь OCD-тэй, залуугийн нэг гар ажиллагаагүй. Хоёул нийгмийн ч тэр, сэтгэлийн харилцаанаас ч тэр гадуур амьдарч яваад, совин, зөнгийн холбоогоор учирч байгаа нь хэн хэндээ тухтай байдлаасаа гарч, эрсдэл хийх сонголтод хүргэдэг дээ.

Ээ тэгээд хүн л учраас хүнээсээ авдаг мэдрэмж, авч үлддэг дурсамжаас холдож чадахгүй юм даа. Ямартай ч цаснаар төрж буй бүхий л мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү. Ширхэг бүр нь цаг хугацааны баталгаа шиг санагддаг учраас өвөлд хайртай даа.

--

--

Ariun Sanna
Монтений сормуус

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.