Шон Тан : “УЛААН МОД” зурагт номын тухайд

Сүүлийн үед би — хүүхдийн зурагт номын зохиол, зураглал, зохиолчдын тухай ихээхэн сонирхдог болсныгоо бусадтайгаа хуваалах хүсэлтэй болоод байгаа билээ.
Анх “Жангар” хүүхдийн редакцийн зураач Төрмөнх ахын ярианаас
“Зурагт ном” гэдэг зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан бус маш өргөн цар хүрээ, гүн гүнзгий утга агуулгатай гэдгээрээ бүх насныханд чухал ач холбогдолтой байдаг.
гэдгийг ойлгосон доо.
Өмнөх Шэль Силверстэйн “Гээгдмэл өөдөс Том О-той учирсан нь” нийтлэлээс- жирийн нэг хүүхдийн зурагт ном боловч, агуулгын хувьд одоо хэр нь учрыг нь олоогүй байж мэдэх хайр дурлал, нөхөрлөлийн “эрүүл” харилцааны тухай өгүүлж буйг уншсан биз ээ . Тэгвэл энэ удаа Шон Тан хэмээх Австралийн хүүхдийн номын шагналт зохиолч, зураач залуугийн “The Red Tree” буюу “Улаан мод” зурагт номын талаар нийтлэл орчуулан хүргэх гэж хичээлээ.
Шон Тан 1974 онд Австралид төрсөн. Сүүлийн жилүүдэд freelancer буюу чөлөөт уран бүтээлч хэлбэрээр бүтээлүүдээ тууриваж байгаа. 2011 онд Шведийн Урлагийн Консулиас — хүүхдийн уран зохиолын томоохон шагнал болох Астрид Линдгрений Дурсгалт Шагналаар шагнагдаж, “Хүүхэд болон өсвөр насныхны уран зохиол дах тод мэдрэхүй” гэгдэх болсон билээ. Эл шагналын бүтээл болох “The Red Tree” зурагт ном нь Франц хэлнээ хэвлэгдсэн, өдгөө Япон, Солонгос, Хятад, Испани, Канад зэрэг олон хэлээр орчуулагдаад байгаа. Монголд бас удахгүй орчуулагдаасай гэж мөрөөдөн суужихуй.

“The Red Tree” нь ямар нэг тогтсон өгүүлбэр, хүүрнэл агуулалгүйгээр; төсөөлөлийн ертөнцүүддээ амьдрах, өөрийгөө тусгаарласан нэгэн дүрийг дүрсэлснээр уншичдад өөрсдийн үгээр тайлбарлах аргагүй мэдрэмжүүдээ зурж илэрхийлэх сэдэл төрүүлдэг.

Хүүхэд болон томчуудад төрөх мэдрэмжүүдийг- мангас, шуурга, ургах нар, солонго гэх мэтээр зүйрлэн тайлбарлахыг хүссэнээр энэхүү номын агуулга маань анх бүрдсэн билээ.
Хачин жигтэй хэрнээ танил дотно ч юм шиг зурсан зургуудаар төсөөлөлөө хуваалцсан маань нормал зургийн агуулгаас хальсан ч гэж хэлж болно. Бидний дунд зогсох нэргүй бяцхан охин, зураг бүрт олон хар бараан мөчүүдийг хэний ч тусламж дэмжлэггүй өнгөрүүлж, аялалынхаа эцэст итгэл найдвар төрүүлсэн зүйлээ олж байгаагаар үйл явдал гарна.
The Red Tree нь эхнээсээ л эксперментал /мэдрэхүйд зориулагдсан/ өгүүлэл бүхий, ямар нэг холбоос түүхгүйгээр утга санаагаа илэрхийлдэг ном юм. Яг таг дараалсан үйл явдал гарахгүй, урдаас нь юм уу араас нь, аль ч хуудаснаас эхлэсэн, зураг бүр өөр өөрийн төсөөлөн бодмоор уран сэтгэмж бүхий дүрслэлүүдтэй.

Би олон мэдрэмжүүдийг үгээр илэрхийлэх маш хэцүү байдгийг ойлгосон бөгөөд тухайн утга санааг өөр бусад хэлнээ ойлгомжтой тайлбарлахад зурсан зураг их чухал үүрэгтэй гэдгийг анзаарсан. Тиймээс мэдрэмжийн талаар “эхлэл рүүгээ чиглэсэн” агуулгатай, хайрцаглагдаж дараалсан өгүүлбэргүй зурагт ном гаргавал их сонирхолтой байх болов уу гэж бодсон юм. Маш олон орчин, дүрүүдийг төсөөлснөөрөө сараачиж үзсний дүнд, богинохон текстийг уншигчтай холбож чадах ганц дүр нь — чимээгүй бяцхан охины дүр байлаа.
Өрөөндөө дөнгөж сэрсэн охин, дээрээс хаялах хар навчис өөрийг нь дарж орж ирэхээс урьтаж хурдхан гарч яваагаар ном маань эхлэдэг.


Аварга загас, гудамжаар тэнэх охины дээгүүр сүүдрээр халхлан, дагаж харагдана.

Охин өөрийгөө жигтэй ертөнцөд төөрсөнөөр, эсвэл эзгүй эрэг дээр мартагдсан лонхонд гацаж орхисноор төсөөлнө.

Сүндэрлэсэн аймшигт өндөр барилга, усан онгоцтой харшилдахад охин жижигхээн завинд сууж амжих ч, юу хийхээ мэдэхгүй л цааш явсаар.
Бүхий л итгэл найдвар алдагдсан мэт санагдахын даваан дээр охин гэртээ буцан ирэхэд, өрөөний шалан дээр нэгэн бяцхан улаан зүйл үрслэсэн байхыг олж харлаа.

Тэр зүйл маш хурдан том улаан мод болон ургаад, өрөөг тэр чигээр нь дулаан өнгөөр хучлаа.

Зураг бүр ямар нэг дагалдах тайлбаргүй тул, янз бүрээр илэрхийлэгдэж болно. Энэхүү цомхон “түүх” магадгүй бидэнд онцгүй, муухай мэдрэмжүүдийг давж чадахгүй мэт санагдавч тэр зүйлс ‘итгэл найдвар’ -ын хүчинд дарагддаг гэдгийг сануулж болох юм.
Эхлээд би; айдас, баяр хөөр, уйтгар гуниг, гайхшрал гэх мэт сэтгэлийн хөдлөлийг ялгаж, ангилан зурахаар төлөвлөж байсан. Гэхдээ энэ санаан дээрээ ажиллах тусам хувьдаа болоод зураач хүний үүднээс сөрөг сэтгэл хөдлөл- тэр дундаа ганцаардал мөн сэтгэл гутрал /depression/-ын мэдрэмжийн талаар өгүүлэх нь илүү сонирхолтой санагдсан юм.
Би аз жаргалгүй хүн гэхээсээ илүүтэй, ингэж санагдаж байгаа маань эцэстээ гомдол, харамсал бүхий зүйлээ бодоод байгаагаас үүдэлтэй гэдгийг харуулахыг хичээсэн. Уншигчид маань миний төсөөлөлийг голдуу яагаад тийм ‘хар бараан’ байдаг талаар асуувал би үүнээс болоод л гэж хариулах байх. Би нийгэм болоод байгал орчны шудрага бус байдлын талаар The Rabbits-даа, нийгмийн гөлрөнгө ноомой байдлыг The Lost Thing-т, амиа хорлолтын тухай The Viewer-тээ илэрхийлж байснаасаа, энэ бүтээлдээ илүү их ач холбогдол өгсөн.
Зарим зүйлс шийдлээ олохгүй байх тусмаа өөр хоорондоо яг л эвлүүлдэг тоглоом шиг уялдаа холбоотой юм байна гэдгийг мэдэрсэн яг тэр үедээ би The Red Tree бүтээлээ туйлийн урам зоригтой гаргаж билээ. Гэхдээ ямар ч ил харагдаж байгаа зүйлд далд ямар нэгэн хоёрдмол утга санаа агуулагддаг. Улаан мод цэцэглээд магадгүй үхэж таарна, юм болгон туйлын юм уу тодорхойлогдоод байх боломжгүй. Тиймээс тэнд задраад цаашаа үргэлжлэх, бодит амьдралын зөв тусгал хэрэгтэй.
Миний ном олон хэлнээ орчуулагдаж байгаа ч, тухайн соёлын хандлагаас хамаарч багахан өөрчлөгдөх, өөр өөрөөр хүрэх тохиолдолууд цөөнгүй байж магадгүй юм. Гэхдээ яг ориг бүтээлийн маань санаа бол -хүн бүрийн ‘зовлон’ юмуу, ‘итгэл найдвар’-н туршлага хоорондоо өөр, онцгой байдаг гэдэг утгаараа, яг нэг төрлийн өгүүлэлд барилгүйгээр— өөр өөр ‘сэтгэл хөдлөлийн ертөнцүүд’-ээр дамжуулан илүү өргөн утга санааг шингээхийг хичээсэн билээ.
Эх сурвалж: www.shauntan.net.
Яалтачгүй ойрын үед ийм гүнзгий, яг л өнөө дурдсан ‘мэдрэхүй’-д чиглэгдсэн зохиол, бүтээл, зурагт номууд сэтгэлийг маань татаад байх болсон. Манай Монголд ч маш өвөрмөц илэрхийлэлээр зурдаг, юмсыг өөр өөрөөр мэдэрч хүлээж авдаг хүмүүс олон бий. Үүнийг уншаад урам зориг аваасай, өөрийгөө ‘бүтээл’-ээр дамжуулж илэрхийлээсэй гэж найдаж явдаг даа.
Ерөөсөө амьдралаас урган гарсан тэр зүйлс л үнэн бөгөөд хүний сэтгэлд үлддэг, хүрдэг, магадгүй биднийг өөрчилж байдаг байж болох. Сэтгэлд мэдрэгдсэнээ блог дээрээ урсгаж гарган тайвширдаг шиг, битүүхэн гутарсан, шаналсан, түүнийгээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй бол яагаад нээрээ зураад үзэж болохгүй гэж?

