Шэль Силверстэйн “Гээгдмэл өөдөс Том О-той учирсан нь“ зурагт номын тухайд
Энэ нийтлэлийг хэдэн жилийн өмнө олж харчихаад ой дурсамжаас мартагдаж өгөхгүй явсан юм. Нэг зорьсондоо орчуулах гэж оролдлоо.

Дэлхийн шилдэг хүүхдийн номууд, багачууд уншихад хэдий зугаатай ч, Толкэйн, Сендаак нарын санал нийлдэгчлэн:
“Хүүхдийн ном бол өөрсдийн чинхүү хүсэл, айдас зэргийнхээ талаар илэн далангүй хуваалцдагаараа бүхий л насны уншигчдийн сэтгэлийг эрхгүй татаж байдаг билээ.”
Алдарт хүүхдийн номын хянан засварлагч Урсула Нордсторм:
“Хэрвээ тэнэг томчууд тэгтлээ мунхаг биш байсан бол, бүх зүйлд хариулт өгч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх л байсан юмдаа”
гэж хэлснийг эргээд санацгаая. Бидний хайрыг хэдийн татсан Маурис Сендак, Э.Б.Вайт, Маргарет Вайс Браун гэх мэт олон зохиолч, зураачдын нэгэн адилаар — үе өнгөрөх тусам мунхаглал нь дэндсээр буй “томчууд”-ын эсрэг цөөхөн түүх өгүүлэгчдийн нэг бол яах аргагүй Шель Силверстэйн билээ.
Тэрээр биднийг зоригжуулахын тулд 1976 онд хэвлүүлсэн “Гээгдмэл өөдөс Том О-той учирсан нь” хэмээх зурагт номоороо- жинхэнэ хайр эхэндээ биднийг “бүтэн” болгох мэт санагдавч тийм биш, харин хамтдаа хөгжиж байж л бид нэг нэгнээ илүү “дүүргэж” чаддаг гэх гайхалтай утга санааг цөөхөн зураглалаар илэрхийлэхийг зорьжээ.
Ялангуяа өөрийн хосоо засах гэдэг эсвэл хосоороо засуулах гэдэг Хохирогчийн юмуу Хохироогчийн синдромоос болж, “жинхэнэ хайр”- аас аврал эрэх авч ер аврагддаггүй, үргэлж сэтгэл дундуур байсаар, хажуудахдаа хор хөнөөл учруулж явдаг хүмүүс уншвал яг тохирно.


Силверстэйн бидэнд — өөрийг нь багтаах том дугуй дүрстэй учраад, хамтдаа хаашаа ч юм өнхрөхийг мөрөөдөх, ганцаардмал бяцхан өөдсийн тухай түүхийг өгүүлнэ. Маш олон төрлийн дүрсүүд байх ч яг таг тохирох нь үгүй.



Эдгээр үл тохирох боловч өнхрөн буй дүрсүүдээр, нэг нэгэндээ туслаж чадахгүйгээр сүйрсэн нөхөрлөл болоод романсыг далд утгаар зүйрлэжээ. (“маш олон онгорхой хэсгүүдтэй зарим дүрс”)- ээр засархаасаа өнгөрч шархалсан нэгнийг, (“олон илүү хэсгүүдтэй зарим дүрс”)-ээр асуудлыг дэгсдүүлдэг харилцааг, (“суурин дээрээ овооролдсон дүрс”)-ээр хэт бишрэн шүтэгчдийг, (“зарим юуг ч үл тоон өнхрөх дүрс”)-ээр өөрийгөө дөвийлгөх нарцисстуудыг харуулна.

Гээгдмэл өөдөөс, анивчах гэрлэн доор өөрийгөө илүү дур татам харагдахуйцаар зогсох ч, ичимхий нэгнийг бүр ч айлгаж орхино. Тэгэх бүртээ тэр, улам ихээр ганцаарддаг байлаа.
Бурхны авралаар эцэст нь, бараг төгс тохирохуйц дүрстэй учирч, хамтдаа цааш өнхөрцгөөж гэнээ.
Гэтэл, ямар нэг хачирхалтай зүйл болох нь тэр. Өнөөх гээгдмэл өөдөс бага багаар томорч эхлэв.
Энэ яг л, аль нэг хамтрагч нь өсөн тэлж, өөрчлөгдөхөд өнөөх хөдлөдөггүй хамтрагч нь хуучны цагаа дурсан уйтгарлаж, урам хугарсаар эцэстээ салж сарнидаг харилцааг санагдуулна. Хөдлөшгүй дүрс цааш ганцаараа хэн нэгэн ургаж төлждөггүй, өөрчлөгддөгүй өөрийн нэг хэсгээ хайхаар түүнийг орхин одох ажээ.


Эцэст нь, аль нэг гээгдмэл хэсэг биш, шал өөр дүрс болон өөрчлөгдсөн нь Гээгдмэл өөдөс Том О-той танилцах завшаан болов.


Гээгдмэл өөдөс болон Том О хоёрын хооронд өрнөх харилцан яриа золтой л амьсгал боогдуулчихсангүй:
“Миний хүлээсэн хүн чи яг мөн байна” хэмээн гээгдмэл өөдөс хэллээ. “Магадгүй би чиний гээгдмэл өөдөс чинь байх”.
“Гэхдээ би гээгдмэл өөдөсгүй шүү дээ” хэмээн Том О хариулав. “Энд чамайг багтаах ямар ч зай байхгүй”.
“Үнэхээр харамсалтай юм өө” хэмээн гээгдмэл өөдөс хэлээд. “Би уг нь чамайг дагаад өнхрөөд явахыг хүссэн юмсан”.
“Чи надтай хамт өнхөрч чадахгүй шүү дээ” гэж Том О хэлээд, “магадгүй чи яагаад өөрөө өнхөрч болохгүй гэж?
Том О оролдоод үзэх талаар асуусан нь Гээгдмэл өөдөст өөрийгөө нээж илрүүлэх бодлыг төрүүлжээ. “Даанч би хурц өнцөгүүдтэй” гэх гээгдмэл өөдөс нэг л үл итгэнгүй өнгөөр дуугарна. “Би өнхөрдөг дүрс биш шүү дээ.”
Гэвч өнцгүүд алга болж болно оо гэж Том О итгүүлнэ. — self-refinement гэдэг зүйл (магадгүй өөрийгөө хээнцэрлүүлэх, өшөө дээр байдлаар биеэ авч явахыг хэлж байгаан болов уу? юу гэж орчуулмаар юм бэ дээ)бидний хувийн хөгжилд маш чухал гэдгийг харуулах бас нэгэн чамин зүйрлэл. Ингэж хэлчихээд Том О гээгдмэл өөдсийг ганцааранг нь үлдээж орхих ч- энэ нь, бодол санаагаа боловруулж бясалгахад тун тохиромжтой үе болж өгөх ажээ.



Гээгдмэл өөдөс “дээшдоошдээшдоош” чигээрээ, дахин дахин хөдөлсөөр, хурц өнцгүүд нь мөлгөр болж өөрчлөгдөж эхлэжээ. Гайхалтай нь бүр өнхөрөх бүү хэл, дээш доош ойж үсэрч чаддаг болжээ- үргэлж хэн нэгэнтэй хамтдаа л байвал чадах мэтээр мөрөөддөг байсан “өнхрөлт”-г бүгдийг нь тэр өөрөө хийж чадлаа.


Силверстэйн энхрий зөөлнөөр, хамгийн их хүч тэнхээ өгөх шидэт хэсэг бол — гээгдмэл өөдсийг өөрөө сайн өнхөрч чаддаг болмогц түүнийг дэмжсэн Том О анир чимээгүй бас ямар нэгэн тайлбаргүйгээр эргээд гараад ирдэг. Төгсгөл хэсэгт нь, тэд хоёул нэг зүгт хамтдаа өнхөрч харагдах нь, Антуан де сэнт- Экзвюперийн хэлсэн:
“Хайр гэдэг өөд өөдөөсөө тачаадан харах биш, хамтдаа нэгэн зүгт тэмүүлэхийг хэлнэ”
гэх алдарт ишлэлийг санагдуулна даа.
“Гээгдмэл өөдөс Том О-той учирсан нь“ зурагт ном заавал ямар нэг шаардлагатай норм бүхий текст, зураглал ашиглалгүйгээр маш гайхалтай, гүнзгий утга агуулгыг илэрхийлж чадсан юм.
Эх сурвалж: www.brainpickings.org
Хайр дурлалд “Хаясан”, “хаягдсан” гэх бүдүүн баараг, эго тэжээх хариулт үнэндээ ямар ч утгагүйг энэ бяцхан түүх өгүүлэх шиг. Нэгэн цагт би өөрөө “хохирогч синдром”-оосоо болж, хэн нэгнийг шархлуулж орхисон юм биш байгаа ч гэж бодов. Хайрын вирусыг өөр дотроосоо олж илрүүлэх амар явдал биш л дээ. Бусдыг буруутгаж буруутгаж, буруутгах ч хүнгүй хоцрохдоо өөрөөсөө буруу хайж эхлэдэг юм билээ. Гэхдээ мэдээж “мэдээгүй” байсан өөрийгөө “уучлах” нь зүй. Яагаад гэвэл одоо чи “өөрчлөгдсөн” шүү дээ..
Өөр өөр өнгө, хэлбэр, үнэр, амттай хүмүүс минь. Өөрийн гэсэн дүрс нэгт нэгнээ олоод хамтдаа нэгэн зүгт тэмүүлж амьдраарай, харин хэдийн учирсан бол аз жаргал, хамгийн гэрэл гэгээтэй бүхнийг хүсье!
Зохиолчын ярилцлагыг сонсох бол:

