Эдгэрэл

Ariun Sanna
Монтений сормуус
5 min readFeb 1, 2024

--

@shchemelinskii_aleksandr

Бид сэтгэл эдгэх тухай барагтай л бол сонсож байгаагүй байх. Харин сэтгэлзүйн асуудал, сэтгэлийн шарх гэх мэт голдуу хайр дурлалтай холбоотойгоор үүсдэг элдэв сэтгэлийн бэрхшээлийн тухай сонсож байсан болов уу.

Жаргаж явахдаа хааяахан гаргаж харж баймаар
Сайхан гүн шархтай боллоо, баярлалаа.
Ийм шархны ард бас жаргаж чадна гэж боддог
Эрмэг хүн ирмэгээсээ жаахан л эмтэрлээ, зүгээр ээ.

гэж эхэлдэг шүлэг Тагтаа паблишинг үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн “Эдгэрэл” нэртэй түүвэрт нь бий. Тэгэхэд эдгэрэл гэдэг үгийн утгыг илүү анхаарч бодож байжээ. Иртэй хутганд гараа эсгэхэд эхэндээ өвдөхгүй, цус урсана. Цусаа тогтоох гэж үзсний хэсэг хугацааны дараагаар хорсож, сая өвдөж эхлэнэ. Ямар нэг зүйлд хөндчих юм бол бас л хорсоно. Цаг хугацааны эрхээр арьс нөхөн төлжиж, заримдаа сорви үлддэг шүү дээ. Сэтгэл ч бас үүнтэй ялгаагүй санагддаг юм. Аливаа нэг нөхцөл байдал, хүн хоорондын харилцаанаас хамаарч ямар шарх, айдас, харамсал авч үлдэж буйгаа тухайн үедээ төдийлөн анзаардаггүй. Тэгээд бага багаар хүнд итгэх итгэлээ алдаж, зүрх сэтгэлээ хааж эхэлнэ дээ.

Алив зовлонг хэн нэгнийхтэй харьцуулах утгагүй. Гэвч амьдрал бидэнд хагацал, салалтуудыг бэлдсэн шигээ сайхан учрал, хайрыг ч мөн багтаасан болов уу. Өмнөх сэтгэлийн шарх бүхнээсээ эдгэж байж л бид өөрсдийгөө ойлгож, хайрлаж, өөр хэн нэгэнд бүрэн дүүрэн итгэл үзүүлэх чадалтай болдог юм шиг ээ.

Блог бичиж эхэлсэн тэр үеүүдэд би нэг л шаналалтай хүн явсан. Шаналалтай байсан учраас хүмүүсийн шаналалыг анддаггүй, шаналалтай нэгнийг аргадаж, бараг өөрөө олж очиж эдгээхийг хүсдэг байсан шиг санагддаг. Өөрт минь хэрхэн гай ланчиг учруулахыг бодож үзэхгүйгээр шүү дээ кк. Тэр үед үнэхээр миний дотор нэг жижигхэн, ухаад л байвал байгаад л байх ёроолгүй гүн хар нүх байх шиг санагдаж билээ. Орилмоор, уйлмаар, хачин давчуу. Гүн харанхуй. Тэр үеийн мэдрэмжийг би сэтгэл гутрал, трауматайгаа холбон ойлгож байсан бол далд ертөнцийн хувьд бас хараал хүрэх ч гэж хэлдэг юм билээ. Аль нь ч байсан гэсэн ардаа үлдээсэн мэт санагдаад энэхүү бичвэрээ бичиж суугаа минь энэ.

Бага насны траума

Аав, ээжийнхээ санаатай, санаагүй хэлсэн үгсэд хэдэн удаа бүдэрсэн гэх вэ. Өөрөө ч дутахгүй гомдохоор үгсийг хэлж орхисон байх. Гэвч тэд бас над шиг хүн учраас төгс төгөлдөр байхгүй. Зүрх сэтгэлд нь ч мөн урт удаан эдгэж амжаагүй хэсгүүд байгааг нь анзаарч болдог учраас тэднийгээ уучилсан. Хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хүсэл мөрөөдлийг минь дэмжихийг хүлээхээ больсон. Би намайг ойлгодоггүй, дэмждэггүй гэж их гомддог байж дээ. Гэтэл энэ нийгэмд хүн өсгөн гэдэг ямар их анхаарал, халамж, хайр билээ дээ. Төгс хүлээлтийг би өөрөө тавьж, тэднийгээ байгаагаар нь хүлээн авч чаддаггүй байжээ. Саяхныг хүртэл би энэ асуудлаар сэтгэлзүйчтэй уулзаж суусан. Хүлээн зөвшөөрөх гэдэг чинь энэ тухайгаа ярьж, илэрхийлээд, уйлмаар байвал уйлаад дотроо хадгалсан мэдрэмжүүдээ гаргах юм билээ. Тэгээд тэр бүхнээс хойш цаг хугацаа өнгөрсөн гэдгийг, тэднийгээ үүрд биш гэдгийг, тэдэнд бас туулахад хэцүү өдрүүд байсныг ойлгох хэрэгтэй болно.

Далд ертөнцөд хүн эцэг эхээ сонгож төрдөг гэж үздэг. Би магад тэднийгээ ойлгох гэж сонгосон л байх.

Хайрын шарх

Энэ бол дэндүү амттай, давс нь ихэдвэл шорвог, чихэр нь ихэдвэл нялуун сэдэв дээ. Анхны үерхэлээсээ салаад тэнгэр, газар хоёр солигдож, би гэдэг хүн өөрийгөө болон өрөөлийг их өөрөөр хардаг болсон. Тэр үед яах аргагүй зүсэгдэх ёстой зүрхтэй явжээ. Хайрлах гэдэг чинь чухам юусан билээ гэдэгт одоо ч суралцсаар яваа. Харин хууртагдан, мэхлэгдэх мэдрэмж бол ёстой ёрын. Ер нь өөрийгөө ойлгохгүй байгаа, юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй үед хүн бусдыг ямар их зовоодог вэ гэдгийг тэр нэг зун мэдэрч билээ. Хамгийн дотно гэж бодож байгаа хүн чинь нэг л өдөр танихгүй хүн болон хувирдаг гайхалтай эргүүлэг энэ амьдралд бий. Хөндүүрлэнэ. Сэтгэл үнэхээр л яг нэг газраа амьсгал гацах шиг, сонин хөндүүр оргидог. Нэн их шаналалтай, хөндүүр өдрүүдэд азаар надад хуваалцах найз нөхөд байжээ. Гэвч ахиад хүнд итгэдэг болох, зөв хүнээ олоход хугацаа хэрэгтэй. Сонирхох, таалагдах, хөөрхөн харагдах маш олон хүмүүс бий. Яг дотно болчихъё гэхээр хуучин дурсамж, айдас “бэлэн биш байна” гэдгээ илэрхийлнэ. “Чиний биш хүн хичнээн гүйгээд зугтаана, чиний хүн хөөгөөд байсан ч салахгүй дээ” гэсэн үг саяхан сонссон. Өөрийгөө ч тэр, нөгөө хүнээ ч тэр үнэнээр нь хүлээн авахдаа бэлэн болох хүртлээ эдгэсээр байх болно доо.

Хайрын шаналангийн араас гоё наалддаг үгс

Эдгэрэл

Тэдгээр өвтгөм дурсамж, харуусал, гуниг бидний сэтгэл гэгч тархины холбоосонд хадгалагддаг шүү дээ. Олон жилээр ч тэрхүү бодлууддаа дөнгөлөгдөж, байгаа боломжуудаа олж харж чадахгүй болтлоо харалган болох нь ч бий. Ирээдүйд ахиад л тийм шарх хүлээж байх вий гэж бодохоос л зүрх өвдөнө. Гэхдээ хамгийн чухал нь нэгэнт болж өнгөрсөн зүйлсийг хүлээн зөвшөөрөх юм билээ. Үгсээс ч мөн эдгэрэл ирдэг гэдгийг, амьдрал дээрх гоо сайхныг олж харж, тэднийг таашаах нь сэтгэл зүрхийг эдгээдэг.

“Go back and take care of yourself. Your body needs you, your perceptions need you, your feeling needs you. The wounded child in you needs you. Your suffering needs you to acknowledge it.”
Thich Nhat Hanh, Reconciliation: Healing the Inner Child

Оюун санааны мастерууд бодол санаа үргэлж үнэн байдаггүй гэдэг бол сэтгэл судлалд ч мөн хүн өөр өөрийгөө хамгаалах механизмаараа бусдыг өөрөөсөө түлхэж, өөрийгөө тусгаарлах юм уу, ямар нэг мэдрэмжээ дарж орхидог тухай өгүүлсэн байдаг. Тэгэхээр бидний хийж чадах зүйлс амьсгалах л юм уу даа. Амьсгалаарай, амьсгалаарай.

Миний зүгээс санал болгох:

Архи, тамхийг сонгох амархан. Хэн нэгнийг хэн нэгнээр мартах арга бол бүр дордуулна. Харин цаг хугацааг өөр шинэ зүйлс сурч өнгөрүүлээрэй. Өөртөө урам өгч үсээ засуулдаг, иоганд явсан, Герман хэл жаахан сурсан юм байна. Хэд хэдэн удаа сэтгэлзүйчид итгэх зориг гаргасан. Аурад үзүүлсэн, сэтгэлийнхээ тухай ярилцсан. Хэн нэгэн гарч ирээд сэтгэл зүрхийг тань эдгээхгүй юм билээ. Харин өөрсдөө хичээж, зэгэл саарал өдрүүдийг давахыг хүсэх юм бол учир нь олдох юм шиг санагдсан даа. Тэгээд үргэлж л хэцүү мэдрэмж өгөөд байдаг харилцаанд хил хязгаар тогтоох, холдохоос огтхон ч санаа зовох хэрэггүй. Үнэхээр сайн сайхныг хүсдэг хүн цаанаасаа өөр байдаг хойно. Мэдрэнээ. Яг мэдрэгдсэн мэдрэмжтэй ойрхон яруу найраг олж унших хичнээн сайхан гэж санана. Ханьтай. Хийх дуртай зүйлсдээ цаг гаргаж, хэлмээр байгаа зүйлсээ хэлж, хэлж чадахгүй бол бичээд устгаж, сэтгэлээ үргэлж онгойлгож байгаарай. Мөн л амьсгалаарай, амьсгалаарай.

“Сэтгэл хаана байдгийг хэн ч хэлж чадахгүй ч, харин яаж өвддөгийг бүгд мэднэ” гэдэг дээ. Өөрийгөө нэг тэврээрэй, өөрийгөө аргадаарай, өөртөө зөөлөн хандаж, эдгэх, тэнхрэх хугацааг нь өгөөрэй. Заримдаа бид болж бүтээгүй зүйлдээ хэт их ач холбогдол өгсөөр, биднийг хайрладаг хүмүүсээ мартчихдаг. Чамайг маш дулаахан хайраар хайрлаж байсан, хайрласаар ирсэн, хайрлах хүн заавал байдаг. Тэдгээр хүмүүстээ талархаарай. Бас өнгөрсөн бүх өвдөлтийн дараа үргэлжлүүлэн амьдрах зоригтой байгаа өөрөөрөө бахархах юм шүү ❤

Өөрийгөө бүүвэйлэх энэ гайхалтай дууг сонсоорой. Айдас үргэж, хайр ирэг ээ.

--

--

Ariun Sanna
Монтений сормуус

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.