ӨНГӨРСНӨӨ ОЙЛГОХ ТУХАЙД
Сэтгэл хямрал, траума, хүлээн зөвшөөрч, боловсрох нь

Сайн байна уу? Сэтгэл нь хямраад удаж байгаа хүн байнаа би. Үүнийгөө өчигдөр л хүлээн зөвшөөрсөн тухайгаа сийрүүлье:
Сэтгэл хямрал
90-ээд оны сүүлээр нийгэм солигдон, айл гэр бүрт эдийн засаг болон сэтгэлзүйн хямралууд нүүрлэсэн байх. Тэр үед гэрт маань юм л бол хэрүүлтэй байдаг байв. (нөгөө өрөөнд сууж байгаа ээж, аав маань намайг юу бичиж байгааг уншвал чи болиоч, далан булчирхайгаа тоочлоо гэхээс илүү энэ мэт зүйл өөрт нь хүнд тусаж явдаг гэдгийг мэдсэндээ илүү зовж мэднэ. )
Яагаад хүмүүс аль ч цаг үед хэвийн харагдах гэж, сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж, хэт сайхан харагдахын тулд өөрсдийн нүүр тулах учиртай зүйлсээсээ зугтаж ирснийг мэдэхгүй юм. “Хүмүүс” ч гэж дээ, би болон бусад хүмүүс. Өөрөө энэ гайхшралдаа хамаатайгаас хамаатай гэдгээ мэдрэв.
Өнөөдөр би хорин таван настай. Насаа нуугаад ч яах билээ. Багаасаа л намайг илүү ойлгодог ч болоосой гэж хүсэж, шүүмжилж ирсэн ээж аавыгаа хувь хүмүүс гэдэг утгаар бага багаар ойлгодог нас бололтой. Тэд хямралтай. Дотроо. Нэг удаа ээж надад: “Амьдрал хатуу шүү. Заримдаа орилоод гүймээр, заримдаа үхээд өгмөөр ч санагдана” гэж хэлж байлаа. Овоо том болоод, ээж аав руугаа уцаарладаг болов. “Та хоёроос болж би хүнтэй сууя гэж боддоггүй. Та хоёроос болж” гэх мэт эвгүй ааш араншин гаргаж орхино. Тэгэхэд ээж: “Чи амьдрал ямар гэдгийг мэдэхгүй байна. Заримдаа үнэхээр хэцүү байдаг. Чамайг их зовоожээ, уучилаарай” гэж хүйтэн өнгөөр хэлэв. Ээж бид хоёрын харилцаа, ээжийн эгч нартай харилцах харилцаанаас жаахан өөр.
Гэхдээ би ээжийгээ асар хүчтэй хүн гэж боддог. Тэвчээр, хатуужилтай эмэгтэй. Аав маань ч мөн адил. Үнэнийг хэлэхэд өсвөр насандаа аавдаа дургүй үе байсан. Ээжийг зовоож, уйлуулдаг хүн шиг л харагдана. Гэтэл өнөө нийгмийн шаардлага ч юм уу, хэвийн, асуудалгүй харагдах “дүрэм”-ээр ч юм уу, дотроо юу хэцүү байсныг хэлж чаддаггүй байсныг нь яваандаа ойлгосон. Мэдээж тэд төгс биш шүү дээ. “Сэтгэлийн хямрал” тулаад ирэхэд, олж унших, өөрийгөө ойлгох мэдээлэлээр дутмаг нийгмийг туулж өнгөрүүлсэн хүмүүс.
Анзаарсан нь
Одоо уншиж байгаа номоосоо болоод, эцэг эхээ болон өссөн орчин, цаашаа хаа хүрэх гэж буйгаа бодохоос өөр аргагүй нөхцөлд орчихсон сууж байна. Энэ ном бол Тара Вестовер гэх эмэгтэйн “EDUCATED” буюу Боловсролд тэмүүлсэн дурсамж”.
Америкийн баруун хойд хэсэгт орших Айдохо мужийн уулархаг нутагт төмрийн хог хаягдал ялгаж амьжиргаа залгадаг гэр бүлийн долоон хүүхдийн отгон нь Тара Вестовер. Мормоны шүтлэгтэй эцэг нь их эзний шүүлтэнд бэлдэж, засгийн газартай холбоотой бүхэн рүү буюу сургууль, эмнэлэг явбал эцгийн адислалаас урваж, чөтгөртэй нэгдсэн хэрэг гэж үздэг байв. Зохиолч бүсгүй хожим Харвардын их сургуулийг төгсөж, докторын зэрэг хамгаалж “боловсрол”-г сонгожээ.
Тэр мөчийг хүртэл сэтгэцийн өвчний тухай дуулсан удаагүй. Галзуурсан хүмүүсийн тухай сонссон нь мэдээж. Гэхдээ толгой дээрээ үхсэн муур тавьж, манжинд дурладаг тийм хүмүүсийг мэдэхээс биш, ухаан цэлмэг, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг, итгэл үнэмшилтэй ч цаанаасаа ямар нэг юм болж өгдөггүй хүмүүсийн тухай бодол төрж байсангүй.
Тара боловсролыг сонгож, суралцах хугацаандаа үргэлжид өнгөрсөн амьдралыхаа олон асуудлыг задлан, шинжлэж байсан нь ойлгомжтой. Би ч бас амьдрал дээр гарч, олон дунд холилдох тусам, багадаа авсан гомдолуудаа бага багаар ойлгодог болжээ. “Тийм зүйл болох ёсгүй байсан”, “Надад яаж тэгж хандаж чадав аа” гэх давтамжтай орж ирдэг буруутгахаас хэтэрдэггүй бодлууд бидний “итгэл”-ээс хороодог ч байж мэдэх юм..
Траума
Өнгөрсөн 5-р сард манай хуучин ажлынхан цалин буусан гээд гадуур жаахан ууж сууцгасан юм. Ажлын ахын найз бүсгүйгийнд бүгдээрээ очицгоохоор болов. Хурдан ч согтлоо. Гэрийн эзэн хосууд юунаас ч юм болоод өөр өрөөнд орон маргаж эхлэх нь тэр. Дуунууд нь өндөрсөн, хараал хэлнэ. Subconciously би айж бас уйлж эхлэдэг юм байна. Хэн ч ойлгоогүй нь мэдээж. Зарим нь намайг “болиочээ хүүе” гэж загнаж гарав. Би амандаа “миний буруу, миний буруу, битгий хэрэлд л дээ, гуйж байна” гэж давтаж байв. Тэгсэн ажлын маань зураач залуу: “Санаа энэ хэрүүлд өөрийгөө буруутай гэж бодоод, уйлаад байгаа юм аа” гэж бусдадаа тайлбарлахыг нь сонсоод, “өө хүүдий! миний траума сэдэрчихжээ” гэж хальт ухаарсан. Яг л олон хүмүүсийн дунд өмд минь салтаагаараа урагдчихаж байгаа юм шиг, надаас шалтгаалахгүй хэр нь надтай хамаатай эвгүй байдал болов.
Намайг дөрөв билүү таван настай үед ээж, аав маань их л хэрүүлтэй байдаг байсан тухай бичвэрийн эхэнд дурссан шүү дээ. Би уйлаад л, битгий хэрэлдээч гэж гуйна. Уурласан хүмүүст ухаан байхгүй хойно “чи энэ өрөөнөөс гар, эр эмийн хооронд илжиг битгий жороол гэдэг юм, юундаа уйлаад ядаргаа болоод байдаг юм бэ” гэж зандрана. Тэгээд би угаалгын өрөөндөө ороод, сонсогдохгүй гэж ус гоожуулж, уйлдаг болчихсон. Тэгэх бүртээ яах гэж төрсөн юм болоо, үхчихвэл энэ хүмүүс илүү жаргалтай амьдрах болов уу гэж санагддаг байлаа. Азаар яаж оролдлого хийчихээгүй юм. Ингээд согтох юм уу эгзэг таарвал, сэдрэх боломжтой олон траума тээж яваагаа анзаарав. Бид бүхний амьдрал төгс биш. Хүн бүрт гэр бүлийн болон харилцааны олон траума бий. Бүх хүнд л байгаа юм чинь гэлээ гээд илчлэх хэцүү, зүрх зүсчих гээд өвтгөдөг гомдол, харамсал. Зарим хүмүүсийн туулсан замын дэргэд юу ч биш юм шиг хэрнээ өнөөдөр чиний амьдралыг харах, хүлээж авахад шууд нөлөөлж байгаа тийм дурсамж.
Хүлээн зөвшөөрөх нь
Хүчтэй бай, амжилтанд хүр, залуу хүнд гутраад, арчаагүйтэж, гоншгоноод суух цаг зав байхгүй! гэж шахах, нэгэнтээ бүрдүүлсэн амбицаар л хүлээж авдаг, үнэлдэг амжилтын төлөөх ардчилал холилдсон КАПИТАЛИСТ нийгэмд амьдарцгааж байгаа маань үнэнээс илүү үнэн. Яагаад хүмүүс эморч, ганцаардаж, үүнийгээ өөрөөсөө нуух тусмаа бусдыг “аймар эмо, зожиг, хачин” гэж дүгнэн, шоолж яридагийг мэдэхгүй юм.
Наанатай, цаанатай бодож, мэдэрч чаддаггүй найз нөхөдтэй болвол чамайг трауматай чинь хамт булшилж ч мэднэ. Хичнээн олон шинэ найзуудаасаа “би тэрний найз байсан, тэр чинь тийм ариухан амьтан биш ээ. Гэр бүл нь, өөрөө, ийм тийм” гэж ярихыг нь сонсож байв. Хөөрхий тэд муухайдаа ч биш, бидний нийгэм жаахан ХАРГИС юм даа. Нэг нэгийнхээ зовлон дээр хахаж, цацан инээж, давуу байдлаа мэдрэхийг хүсдэг ӨЛСГӨЛӨН НИЙГЭМ. Бидэнд жинхэнэ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ-руу тэмүүлэх - Тарагийнх шиг өөртэйгээ тулж, өөрлүүгээ өнгийж суух ЦАГ ЗАВ хийгээд ЗОРИГ байхгүй. Ард нийтээрээ “Саарал жагсаалт”-д орчихсон мөртөө л өөрсдийгөө ӨЛСӨЖ БАЙГАА-гаа хүлээн зөвшөөрч чадахгүй л хийрхэн, хэвтэцгээж байгааг хар л даа.
Харвардын “Ph.d” зэргийг өөртөө авч БОЛОВСРОЛ-той гэх баталгаатай нөхцөлд очих хүртэлх үйл явцад нь Тара-г ойлгох хүн нь ганц тэр өөрөө л байсан. Өөр хэн ч биш. Өөрийгөө ойлгоогүй хүн яаж өрөөлд ойлгомжтой байх билээ. Гэхдээ тэр бүсгүй өөрийн ТӨГС БИШ өнгөрснөө үгүйсгээгүй, харин ч зоригтойгоор ухаж төнхөн, идээ бээрээ шахан байж, хариултаа олжээ. Хариулт нь бүтэн зузаан номын дайтай, бусдыг ойлгох хэрэгтэйг мэдрүүлсэн мэдрэмж байв.
Энэ бичвэрийг бичих явцдаа emotional healing өөртөө бага ч болов хийж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Энэ хорвоод маш олон нөхцөл байдалд өөр өөрийнхөө зовж, өөр өөрийнхөө жаргаж, өөр өөрийнхөөрөө шархалж, өөр өөрийнхөөрөө эдгэж яваа хүмүүс бий. Нэг нэгнээ битгий дорд үзээрэй, битгий засах гэж хичээгээрэй. Хүн өөрийнхөө алдааг, амьдралд нь байх ёстой ч ГЭЭГДЧИХСЭН тэр дутагдалаа өөрөө ойлгоод, хүлээн зөвшөөрөх л юм бол өөрчлөгддөг гэдгийг нь ойлгохыг хичээж байгаарай. БИД АМЬД ХҮМҮҮС. БИД ЖИЖИГ, ЖИЖИГ ЯЛГААТАЙ бас ЖИЖИГ, ЖИЖИГ ИЖИЛ ТАЛУУДТАЙ.
Боловсрох нь
“Хүн бүр өөр өөрийн зовлонтой” гэж бичвэрээ “ерөнхий” төгсгөхөөс илүүтэй бидний нийгэмд хүүхдээ ирээдүйн нас биенд хүрэх хүн гэж сэтгэл, мэдрэмжийг нь ойлгох мэдлэг, боловсрол дутмаг байгааг ухаараасай гэж хүсэх болов. Нэг нэгнээ шүүмжлэн буруутгахаас илүүтэй, гэр бүл хамт байх, үүсэж буй асуудлаа хамтдаа ухаалагаар, эрүүлээр шийдэх гэх, тэр бүгдийг олж харах БОЛОВСРОЛ, тэр дундаа СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ-оор бид дутагдаж байна. Салалт ихтэй оронд хүмүүс нь бусад орон руу дайжих нь мэдээж шүү дээ. Бидний сэтгэлийн хямрал, траума хийгээд боловсрол ганц бидэнд ч бус эргэн тойрон, цаашлаад нийгэм, эх орны маань хувь заяанд нүдэнд үл үзэгдэх байдлаар оролцох ажээ…

