Stranger’s letter /36/: Хуучин өрөө

Ariun Sanna
Монтений сормуус
1 min readDec 19, 2023

--

Amboy, California. Judging by its appearance, the ghost town was popular in the heydays of Route 66.

Чийг дааж, тоос дарсан харанхуй өрөө
Чиглүүлж авчирчихаад, үлдэх эсэхийг минь ажих шиг
Чилтэл үүдэнд зогссоныхоо дараа
Чийдэнг нь асааж жаврыг нь үргээлээ.
Цонхыг нь нээж хөшгийг нь татахад
Цэвэр агаар, цэлгэр зайн дах тавилгууд
Цэнхэр шүүгээ, цэцгэн хээтэй даашинзууд
Цоожыг нь шалгачихаад цоорхой бүрийг нөхлөө.

Өмнөх эзний үлдээсэнг хаяад
Өөрийн гэсэн бүхнээрээ солив
Өрөө бүр түүнд атаархахаар
Өөр өнгийн цэцгүүдээр чимэглэв
Гэрлээ сольж гэрээ болгож аваад
Гараа элэгдтэл гялалзуулан цэвэрлэлээ
Гаднаас ирэх зочид хүртэл
Гутлаа тайлан орох, миний дулаахан өрөө

Хэзээнээс ч юм бороо орж
Хар толбо үүсгэн дусаал дуслаа
Ханын цааснууд муудан хууларч
Хүйтэн агаар сэвэлзэнэ
Даарах бүрдээ дулаан хувцаслаад
Дараагийн өдөр нартай байгаасай гээд хонодог боллоо
Даанч нар гарсан ч дулаацхаа больж
Далдхан явах хүсэл үе үе төрдөг боллоо.

Тэгтэл нэгэн өдөр ирэхэд
Танихгүй гутлын мөр тодров
Түлхүүртэй урилгагүй зочин
Түрүүчийн эздийн нэг байж уу?
Гартаа тааралдсан бүхнээ аваад
Гарч гүйгээд ахиж эргэж очсонгүй
Гэр минь байсан тэр өрөөнд
Ганцаараа би амьдардаггүй байсан юм болов уу?

2023.12

--

--

Ariun Sanna
Монтений сормуус

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.