Stranger’s letter /37/: Би хайр, сэтгэлгүй амьдарч чадахгүй ч гэлээ чиний хайраар дутах азтай нэгэн биш ээ…

Ariun Sanna
Монтений сормуус
3 min readMar 15, 2024

--

Магадгүй тэр үүнийг хэзээ ч олж уншиж чадахгүй байх. Ийм блог бичдэг платформ байдаг эсэхийг ч мэддэггүй хүн л дээ. Өнөөдөр би хагацлын тухай аль эсвэл хэн нэгэнд гомдсон гомдол, хэрхэн хайрлаж, түүний орон зайг үгүйлж буйгаа бичих гэсэнгүй. Би зөвхөн өөрийгөө ямар их амиа бодсон хүн бэ гэдгийг бас тэр хүнтэй нүүр тулж уучлалт гуйн, бүхнийг дуусгаж чадах ч өөрийнхөө бардам занг унагааж чадахгүй болохоороо бачуурсан сэтгэл минь ийн захидал явуулахад хүргэв. Басхүү эрэгтэйчүүд зөвхөн гэнэт л хайрлаж, гэнэт л орхиж хөөрхий эмэгтэйчүүдийг нус нулимстай нь хольдоггүй гэдгийг мэдээсэй.

Нэг тийм үг байдагдаа. Залуус эмэгтэйчүүдтэй унтахын тулд яриа эхлүүлдэг бол, эмэгтэйчүүд ярилцахын тулд залуустай унтдаг гээд… Яг ч худал зүйл биш биз дээ? Шуудхан чамтай унтахыг хүсээд анх яриа эхлүүлсэн гэх гээгүй ч ганцаардаад байсан болохоор яриа эхлүүлсэн гэж ойлгоорой. Маш их ганцаардаж байсан үед чамайг олж хараад энэ хүнтэй хайр сэтгэлийн сэжимээр хумсны толион чинээ ойртчихгүй болохоор хэсэг ч болтугай ярилцаад, нөхөрлөөд байж байвал гэсэн бодол орж ирсэн. Анхандаа чамд татагдсан нь үнэн. Чиний надад тавьдаг халамж, ажил дээр туслах тусламж, уншаагүй мэргэжлийн номыг лекц болгоод явуулдаг гээд өмнө мэдэрч байгаагүй тэр халамж байсан. Чихэрлэг, нялуун амттай халамжаас илүү гаа шиг сэнгэнэсэн, өег халамж гэх юм уу? Ер нь өөрийнхөө дутуу мэдлэгийг дүүргэх гэсэн амиа хичээсэн хүүхэн байлаа. Надаар хэлүүлэлтгүй чи намайг ганцаараа байх дуртай, амралтын өдрөө хичээлээ хийгээд аль эсвэл гэртээ амрах дуртай гэдгийг. Амрах өдөргүй чи амралтын өдөр зохиогоод надтай уулзаж, завгүй амьдралынхаа нэг өдрийг ч чамд зориулмаар байна гэж хэлэхэд надад үнэндээ ямар ч сэтгэл хөдлөл мэдрэгдээгүй ч гэмшил мэдрэгдсэн. Чамтай аль болох уулзахгүй байх гэж худлаа үнэн баахан ажил өөртөө хураагаад л. Чамтай хамт хуриманд явсан тэр өдрийн орой гэртээ ирээд гутлаа тайлж ч чадахааргүй хэмжээний ядарч билээ. Би өөрийгөө зүгээр болчихно, ажил ихтэй байгаа болохоор ингэж байгаа гэж бодсон ч үгүй байв. Өөрийгөө хүчлээд хэдэн өдөр өглөө эрт босч өдрийн хоолыг чинь бэлдэхдээ хүртэл тун удахгүй зүгээр болчихно гэж бодсоор л. Чамайг мэдрэмжгүй гэх үү? Аль эсвэл чи мэдсээр байж чимээгүй суудаг төрлийн хүн үү? Би ч төөрөлдөж орхилоо. Чамд хариу бичихгүй олон өдөр болоход, тэмдэглэлт баяраар зөвхөн чамаас аваад л байдаг. Чамд завгүй гэж биччихээд өөр хүнтэй уулзах бэлтгэлээ хийгээд сууж байсан намайг анзаараадаггүй. Таалагдаж, удаан харж явсан нэгэнтэйгээ хамт байх гэж чиний дуудлагыг нүдээ аниад аваагүй байхад амиа өгөхөд бэлэн хагалгаагаа хойшлуулаад гэрийн ойролцоо хүлээж байхдаа л чи анзаарсан биз. Харамсалтай нь чи хүлээн зөвшөөрөөгүй юмдаг. Чамайг надаас юуг хүсч, ямар үйлдлийг хүлээдгийг мэдэх боловч гар маань хүлэгдэж, хоолойгоо боолгуулсан би чиний хүлээлтийг хэдэнтээ эвдсэн. Цаашдаа ч эдвэнэ. Угтаа би ийм хүйтэн сэтгэлтэй, амиа бодсон хүн байгаагүй. Яагаад ч юм чамтай шүргэлцсэн тэр өдрөөс хойш улам л хог шаар шиг боллоо. Дургүйд хүчгүй гэгчээр, одоо зөвхөн чамтай хог шаар шиг ханддаг байсан бол сүүлдээ бүх хүнтэй ингэж харьцдаг болчихов. Эсвэл би өөрөө хог шаар шиг болохоороо л тэр биз. Хатуу ханддаг байсандаа уучлалт гуйхгүй. Хатуу хандах бүртээ чамайг шаналахыг харах дуртай байсандаа, хатуу хандсан үйлдэл бүрийн дараа чамайг тэр байрандаа байсаар байна гэж мэддэгтээ уучлалт гуйна. Магад би бээр эрэгтэй хүн байсан бол өдийд, хамаг муу муухай нэрстэй болж, олон найз нөхөд, ажлын хамт олон дундаа цайны цагийн амны зугаа болох байж. Чамтай хамт байсан бүх мөчүүдээ дурсаж бичьюү гэхэд цөөхөн хэд нь л бүдэг бадаг байна. Албан ёсны анхны болзоон дээр, аль эсвэл анх нэг оронд орсон үеэ санах гэсэн ч юу ч алга. Би анхнаасаа байлгахыг хүсээгүй. Тэгээд л ийм юм болчихлоо. Надад бүү гомдоорой. Чамд ч тэр, надад ч тэр ядахнаа кино театрт үлдээсэн дурсамж юу ч алга. Хосууд уу? Аль эсвэл хэд хэдэн удаа хамт шөнийг өнгөрөөсөн ухаанд нь ухна ишиг үхчихсэн улсууд гэх үү? Бид ямар ч үгэнд тодорхойлогдох ёстойгоо мэдсэнгүй явж. Анхнаасаа хамаагүй байсан болохоор бодсон ч үгүй. Би чамайг цас орсон ч, бороонд шүхэргүй шалба норон гүйсэн ч дурсахгүй. Гоймонгийн газар очоод хүйтэн шар айраг уухдаа ч өөр нэгний талаар бодсоор, хамгийн адгийн зүйл нь чамаас авсан номонд хуруугаа ч хүргэхгүй. Чи урагш алх. Би ч бас цаашаа алхах болно. Хайрыг чинь ганцхан даахаар бус зөрүүлж хайрлаж чадах нэгнийг ол. Би хайр, сэтгэлгүй амьдарч чадахгүй ч гэлээ чиний хайраар дутах азтай нэгэн биш ээ…

-ХХХ-

--

--

Ariun Sanna
Монтений сормуус

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.