Stranger’s letter /39/: Түүнийг санахаа бага багаар больж буйгаа мэдрэхсэн

Ariun Sanna
Монтений сормуус
3 min readAug 20, 2024

--

Сайн уу, хүндэт Монтений Сормуус минь,

Ганцаардал гэхэд ганцаардал биш ч юм шиг мөртлөө эгээ л ганцаар байх сонголтыг хийсээр л явна даа. Emotionaly not avialable буюу сэтгэл хөдлөлийн харилцаа нь хаалттай хүмүүстэй учирсаар, шархалхаас айж байгаа ч, ахиад ийм бүдэг цэнхэр өдрүүдтэй болохоо мэдсээр л байж, дасаж л орхих юм даа. “Чи цаанаа гэр бүлтэй болохыг хүсээд байх шиг байна. Надад одоогоор гэр бүл зохиох хүсэл байхгүй ээ” шулуун шудрага үгсийнх нь заримд нь дургүй хүрсэн ч жинхнээсээ дургүйцэж чадаагүй. Магадгүй надаас илүү хүн гэж хардагтаа тэр биз. Эгогоо даран байж л тэр хүнтэй учирсан өдрүүддээ хамт байхыг, үнсэхийг, тэврэхийг, унтаж байгааг нь харахыг, толгойг нь илэхийг, амар амгалан мэдрүүлэхийг гээд л хиймээр байгаагаа бүгдийг л хийлээ. Ямар ч найдвар тээхгүй гэж өөрийгөө өнөөх аргаараа хуурсан ч, хүлээхдээ, санадаг болохдоо өндөлзөж буй найдвартаа оройтолгүй цэг тавьлаа.

Зөвхөн бие махбодын таашаал давамгайлж, үнэн зүрхнийхээ асуудлыг хэрхэн хойш тавьж чаддаг юм бол? Нээрээ сурсан гэсэн шүү дээ. “Зүгээр гэсэн үг биш, гэхдээ сайтар зохицуулж сурсан” гэж байсан. Маш нээлттэй, зоригтой, улам улмаар чөлөөлөгдөхийг хүсэж буй насан дээрээ ирж, ямар ч хил хязгаар тавилгүй өөртөө ойртуулсан ч үдшийн бүрийгээр гомдол мэдүүлж буй сэтгэлээ хуурч чадсангүй. Сэтгэл нь түүн шиг л recover хийх чадалтай хүнтэй тэр илүү тухтай байх байхаа. Магадгүй “цавын цаанаа бидний нэг л юм эвлэж өгдөггүй” гэж хэлснийг нь л сайтар санаж явах хэрэгтэй байх. Нэрийг нь, зургийг нь харахаар нэг л юм гомдолтой санагдана. Нэжгээд хүмүүстэй учирсан учралууд мөн л тийм байсан, одоо хэвийн болж чадсан ч, нурсан сэтгэлийн балгас дунд гуниг, ганцаардал нь хэвээр байх шиг.

Одоо бүр дасаж дээ. “Хоёулаа болъё” гэж сэтгэлгүй хүнээс сэтгэлээ хамгаалж үлдэхдээ хэлдэг үгээ хэлсэн цагаас л жинхэнэ салалт, жинхэнэ тавьж явуулах өдрүүд эхэлдэг. Түүнийг санаж байгаа ч, уулзмааргүй байна. Хайр руу дөхөж явсан ч, өөрийгөө л илүү хайрлаж чадахаар байна. Мэдрэмжүүдээ ялгаж салган сурч, хуурамч хайруудын цаадах янз бүрийн хэрэгцээнүүдээ ялгаж нэрлэж чаддаг болсон ухаалаг насан дээрээ ирэх тусам л хэн хэндээ хатуу ханддаг болцгоодог ч юм шиг. Хатуу. Нээрээ л хатуу юм шиг байна. Түүнээс хайр хүлээж буй, түүнээс ч гэлтгүй энэ амьдралаас хайр хүлээн горьдож буйдаа би өөрийгөө өрөвдөхгүй ээ. Учир нь би түүнийхээр биш ч өөрийнхөөрөө хэн нэгнийг хайрлаж чадна гэдгээ маш сайн мэддэг. Гунигтай байгаа ч өөрийгөө хуурч чадахгүй учраас, дотоод хүмүүс маань нэг нэгийгээ түлхсэн биз ээ. Хорвоо ертөнцийн аль нэг өөр хүн түүнийг минь миний хайрлахыг хүссэн хайраар хайрлах биз ээ. Тэр нь түүний хэлсэнээр яг л “match” нь байгаасай. “Чамайг минь хайрлаасай, чи минь хайрлагдаасай.”

“Хайртай, санаж байна” гэдэг үгсийг хэрэглэх шаардлагагүй боллоо, бидний харилцаа. Нэр төдий л мэддэг байсан хүнтэйгээ таарч, сэтгэлдээ ойрхон хүлээн авч, хүссэн шиг хайраар минь намайг хайрлаж чадахгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд, эргээд нэрийг нь л мэддэг төдий болон хувирцгаах. Нэр төдий л мэддэг хүмүүсээс нь арай өөр, бусдын огт хардаггүй талуудыг нь харж, мэдэрч, хүрч үзэв. Харамсахгүй л гэж эхлүүлчихсэн болохоор, ахиад л харамсахгүй нэгэн дурсамж үлдлээ. Улаанбаатарын гудамжаар алхах дурсамжууд түүнтэй алхсан, ярилцсан өдрүүдээр нэмэгдлээ. Цаг хугацаа өнгөрч, ахиад л намар болох нь. Ахиад л дурсамж төдий болон ахин нэг учралыг үдлээ дээ.

Намар хурдан болоосой, налгар талд хэвтэхсэн. Түүнийг санахаа бага багаар больж буйгаа мэдрэхсэн.

--

--

Ariun Sanna
Монтений сормуус

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.