Хүчирхэг байх нь илүү амархан…

Г.Насун
Арван Нэг
Published in
3 min readDec 15, 2018

Өдөр би ажлын өрөөндөө хүүхдүүдийн маань гэрийн багш болох Юлия Васильевнаг дуудан ирүүллээ. Цалингийн тооцоо бодох хэрэгтэй байсан юм.

- Та суу л даа, Юлия Васильевна! За, тооцоцгооё. Танд магадгүй мөнгө хэрэгтэй л байх, гэтэл та өөрөө асуудаг ч үгүй их даруу хүн юм аа. Бид сарын 30 рубль гэж тохиролцсон байх аа…

- 40 рубль биш үү?…

- Үгүй ээ, 30. Би энд биччихсэн байна. Өмнөх асрагчдаа ч бас 30 рубль төлдөг байсан юм. Та хоёр сар энд амьдарсан байна.

- Хоёр сар таван өдөр?…

- Яг хоёр сар. Би энд бас биччихсэн байна аа. Тэгэхээр танд би 60 рубль өгөх ёстой гэсэн үг. Бүтэн сайн өдрийн 9 рублийг цалингаас тань суутгах болно. Та Колятай бүтэн сайн өдөр хамт байгаагүй байх аа, зөвхөн зугаалсан шиг санагдаж байна. Аа, тийм бас гурван баярын өдөр байна.

Юлия Васильевна банзалынхаа хормойг зулгаан,

- …!

- Гурван баяр… Харж байна уу? Ингээд 12 рубль…

- Коля дөрвөн өдрийн турш өвчтэй байсан болохоор хичээл ороогүй… Та зөвхөн Варятай л хамт хичээллэсэн. Таны шүд гурван өдөр өвдсөн учраас өдрийн хоолны дараа хичээллэхгүй байхыг эхнэр минь танд зөвшөөрсөн. Арван хоёр дээр нэмэх нь долоо. Арван ес. Суутгах…суутгах…суутгах…ингээд 41 рубль үлдэж байна даа. Зөв үү?

Юлия Васильевнагийн зүүн нүд улайн, нулимс нь цийлгэнэв. Түүний эрүү чичирч байлаа. Тэр сандарсан байдалтай хоолойгоо засаж, нусаа татаад,

- Ү…!

- Шинэ жилээр та цайны аяга хагалсан. Хасах нь хоёр рубль. Цайны аяга үнэтэй л дээ, гэр бүлийн минь өвлөгдөж ирсэн зүйл байгаа юм…гэхдээ яах вэ, бурхны аврал! Аа тийм, таны хайхрамжгүйгээс болж Коля модонд авираад цамцаа урчихсан шүү дээ. Хасах нь арав… Бас л таны хайхрамжгүйгээс болоод Варягийн гутлыг шивэгчин хулгайлчихсан. Та чинь бүх зүйлийг харж байх ёстой шүү дээ. Битгий гомд доо. Ингээд хасах нь тав… Нэгдүгээр сарын арваны өдөр та надаас 10 рубль авсан.

- Би аваагүй шүү дээ гэж Юлия Васильевна шивнэн хэлэв.

- Гэхдээ энд бичээтэй байна шүү дээ!

- За яах вэ, тийм болог.

- 41-ээс хорин долоог суутгалаа, 14 рубль үлдэж байна.

Бүсгүйн нүдийг тэр чигт нь нулимс бүрхэн, хөөрхөн жижигхэн хамарт нь нус шархиран байв. Юлия Васильевна хоолойгоо чичрүүлэн,

- Би ганц л удаа зээлсэн шүү дээ! Би эхнэрээс тань гурван рубль л авсан. Өөр юу ч аваагүй…

- Тийм гэж үү? Өө, би үүнийг чинь бичээгүй байна. Дахиад гурван рубль хасаад 11 рубль үлдэж байна . За, ингээд цалинг тань өгье.

- Гурав…гурав, гурав… нэг, нэг…авна уу!

Би түүнд 11 рубль өглөө. Тэр аваад хуруугаа салгануулан тоолчихоод халаасандаа хийхдээ,

- Баярлалаа! хэмээн шивнэн хэлэв.

Би сандлаасаа үсрэн босоход, дотор минь уур хилэн дүрэлзэн асаж байлаа.

- Чи юунд баярлаа вэ!?

- Мөнгө өгсөнд тань…

- Гэхдээ, чөтгөр ав гэж! Би таныг дээрэмдчихээд байна шүү дээ! Харваас таны мөнгийг хулгайлчихсан байхад юунд талархана вэ!?

- Өөр газруудад ажиллаж байхад юу ч өгдөггүй байсан юм…

- Өгч байгаагүй гэнэ ээ? Итгэмээргүй юм! Би танаар тоглосон юм. Хэтэрхий хатуу тоглоом хийчихлээ. Цалинг тань бүтнээр нь өгөх болно. Энэ, дугтуйнд бүгд 80 рубль байгаа шүү. Ийм бүдүүлэг байж болно гэж үү дээ? Та юунд эсэргүүцээгүй юм бэ? Яагаад амаа үдүүлсэн юм шиг суусаар байсан юм? Хэл үгтэй байж болохгүй хэрэг үү? Ийм сул дорой байж болно гэж үү?

Бүсгүй сулхан инээвхийлэхэд “Болно оо” гэх үг нүүрэн дээр нь бичээстэй байлаа.

Би түүнээс хатуу тоглоом хийсэндээ уучлал гуйгаад, түүнийг гайхшран байж мөнгийг нь өгсөн юм. Тэр хурдхан гэгч нь өрөөнөөс гарлаа. Би түүний араас хараад “Энэ дэлхий дээр хүчтэй байх нь илүү амархан ажээ!” хэмээн бодсон юм.

А.П.Чехов, 1883 он

Орос хэлээс орчуулсан: Г.Цэнд-Аюуш

--

--