Мөрөөдөл өөрөө зүгээр л биелчихгүй!

Г.Насун
Арван Нэг
Published in
3 min readDec 20, 2019
Пауло Коэльо, 1971 он, АНУ, Grand Canyon

Сурч байгаа хэл дээрээ ном унших, уншиж байгаа номоо ойлгох сайхан. Ойлгохоос гадна мэдрэх нь бүр ч илүү сайхан байдаг юм байна гэдгийг “Рио-Пьедра голын эрэг дээр” (Англи хэл дээрх нэр нь) номыг уншаад бодлоо л доо.

Үргэлж л хичээл хичээл гээд эрдэм шинжилгээний янз бүрийн хэцүү, ойлгоход төвөгтэй ном, өгүүлэл уншиж өөрийгөө байнга зовоодог байж. Үргэлж л семинар, илтгэл, презентаци гээд хэцүү зүйл ярих гэж толгойгоо гашилгаж, биеэ зовоодог байж.

Харин одоо уран зохиол, энгийн ярианд илүү татагдаж эхлэх нь…

Сүүлийн нэг, хоёр сард тохиолдсон онцгой үйл явдалтай давхцсан болоод ч тэр үү, энэ ном үнэхээр ойр дотно найз минь хажууд хань болж суугаад баяр хөөр, гуниг гутрал гээд сэтгэлийн минь олон өнгийг хуваалцаж буй мэт санагдаж байлаа. “На берегу Рио-Пьедра села я и заплакала” буюу “Рио-Пьедра голын эрэг дээр”(англи хэл дээрх нэр нь) ном хайрын тухай өгүүлжээ.

Бага зэрэг шашны өгүүлэмж ихтэй байх талтай боловч, ерөнхий үйл явдалд нь анхаарлаа хандуулж уншвал хайр ямар хүчирхэг болохыг ухаарах болов уу. Ерөнхийдөө багаасаа хамт өссөн бие биедээ хайртай байсан хоёр тухайн үед өөр өөр газар амьдрах болсны улмаас яаж ч чадалгүй салж хагацсан. Гэвч олон жилийн дараа тэд дахин уулзаж бие биедээ хайртай хэвээрээ байгаагаа, өмнөхөөсөө ч илүү хүчтэйгээр бие биеэ хайрлаж дурлаж байгаагаа ухаараад бие биенийхээ төлөө хамгийн үнэ цэнтэй бүхнээ золиослон байж хамт байхаар тэмүүлж байгаа тухай гардаг.

Пауло Коэльо гэх зохиолч өөрөө ер нь хүний доторх галыг асааж өгсөн, алдаад сууж байгаа хүнд урам хайрлахаар, гуниглаад сууж байгаа хүнд эрч хүч, зориг өгөхүйц утга агуулга бүхий зохиолууд бичдэг гэж шүүмжлэгчид үздэг.

Пауло Коэльо, “Рио-Пьедра голын эрэг дээр”, 1994 он

Өмнө нь түүний “Алхимич” гэх зохиолыг уншаад хүн ер нь зорилгодоо хүрэхийн тулд бууж өгөлгүй, өөрийн чин сэтгэл дотор нуугдаж байгаа тэр их хүчиндээ үргэлж итгэх хэрэгтэй гэдгийг ухаарч байсан бол уг зохиолыг уншаад хүн бүрт өөрийн гэсэн цаанаасаа(хаанаас ч юм) төрөхөд л заяасан онцгой хүч бий. Түүнийг хайрын хүчээр асааж болдог, тийм болохоор хосууд бие биенийхээ тэр заяагдмал онцгой хүчийг цэцэглүүлэхийн төлөө хамтдаа хичээх хэрэгтэй. Бие биенийхээ төлөө нэг нэгнээ асаах гэж хичээж байгаа тэр хайрын хүч бол хамгийн агуу хүч юм байна гэдгийг ухаарлаа.

Мөн зохиол хайрлаж, дурласан эмэгтэй хүний сэтгэл хөдлөлийг түлхүү харуулж өгч. Эрэгтэй хүн хэн нэгнийг хайрлах үед ямар зүйл мэдэрдгийг үнэндээ мэдэхгүй юм(Коммэнт хэсэгт та бүхэн энэ тухай бодлоо хэлээсэй гэж хүсэж байна). Зохиолд харуулснаар эрэгтэй хүн хайрлаж байгаадаа илүү итгэлтэй байдаг учраас тэр чинээгээрээ тайван байдаг юм шиг байна. Харин эмэгтэй хүн хэн нэгнийг хайрлаж байна, хэн нэгэнд дурласан байгаагаа ухаарч, түүнтэйгээ эвлрэхийн тулд нэлээд хугацаа зарцуулахаас гадна тухайн эрэгтэйгээс үргэлж өөрийг нь үнэнчээр хайрлаж байгаа эсэх талаар байнгын баталгаа шаардаж, үйлдэл бүрийг нь ажиглаж, дүгнэсээр нэг хэсэг явдаг юм шиг байна(Тэр үнэээн :))). Яг энэ үед нь эрэгтэй нь бууж өгөхгүй бол тэд гараасаа нэг л өдөр атгалцаад дахиж тавихгүй байх…

Бичвэрийн төгсгөлд уг зохиолын сүүлийн сэтгэл хөдөлгөм жижиг хэсгийг та бүхэнд хүргэе.

-Не знаю. Но Господь всегда давал мне вторую попытку. Он дает мне тебя. И ты поможешь мне вновь обрести мой путь.

-Наш путь, — поправила я.

-Да, наш.

Он взял меня за руки, помог подняться земли.

-Собери свои вещи. Едем. Сами собой мечты явью не станут.

***

- Мэдэхгүй юм. Бурхан надад үргэлж хоёр дахь боломжийг өгсөөр ирсэн. Тэр одоо надад чамайг өгч байна. Харин чи надад дахиад өөрийн замыг олоход минь тусал.

-Бидний зам, — гэж би засаж хэлэв.

-Тийм ээ, бидний зам.

Тэр гараас минь атгаад босоход минь тусаллаа.

-Ачаагаа багла. Явцгаая. Мөрөөдөл өөрөө зүгээр л биелэчихгүй!

2019/12/21 12.07ам

ОХУ, Москва хот

--

--