Намайг битгий мартаарай!

Г.Насун
Арван Нэг
Published in
3 min readMay 28, 2020

Шалгалтуудаа өгөөд хичээлүүдээ хаачихсан чинь нуруун дээрх ачаа жаахан ч гэсэн хөнгөрсөн юм шиг санагдаад сэтгэл санаа амарч цаанаа л нэг тайван сайхан мэдрэмж төрж байгаа болохоор бас л бичиж сууна…

Москва хотод өнгөрүүлж болох байсан сайхан цаг хугацаа, төлөвлөгөөнүүд минь талаар өнгөрч гэртээ ирсэн боловч өнгөрүүлсэн хором мөч бүр огт мартагдахгүй, бодох бүр нэг л мэдэхэд инээчихсэн сууж байх юм.

Яг энэ “мартахыг хүсэхгүй” байгаа мэдрэмжийг минь мэдсэн юм шиг нэг сонирхолтой зүйл хэдэн өдрийн өмнө интернэт ухаж элдэв юм уншиж байхад минь тохиолдсон юм. Сонирхолтой бас хөөрхөн, нандин санагдаад энэ удаагийн бичвэрт сийрүүлмээр санагдлаа.

Хөдөө хээр зугаалж явахад ихэнхдээ уулархаг газраар цагаан өнгөтэй, ой тайгад цэнхэр өнгөтэй тааралддаг тэр юу вэ…?

Ягаан өнгөтэй байдаг юм билээ, би санахгүй байгаа юм болов уу, эсвэл огт тааралдаж байгаагүй юм болов уу, сайн мэдэхгүй юм.

Хонин зангуу” — Жалга, зөөлөн хөрстэй газар ургадаг, өндөр нь тохой шахам, иш гишүү олон салаа гарч сүлжин буталж ургана, навч иш үслэг бөгөөд өнгө цайвар ногоон, мал төдий л идэхгүй” Монгол толь, 2016.

Монгол хэлээр “хонин зангуу” гэж нэрлэгддэг (өөр нэр бас бий, сүүлд хэлье) энэ хөөрхөн цэцгийг европын ихэнх улсуудад болон азийн зарим улсуудад “намайг битгий мартаарай” гэж нэрлэдэг ажээ.

· англ. forget-me-not

· ор. незабудка

· гер. Vergissmeinnicht

· нидерл. vergeet-mij-nietje

· фр. ne m’oubliez pas

· хят. 勿忘我 (wù wàngwǒ)

· сол. 물망초 (勿忘草, mul mang cho)

· исп. Nomeolvides

· тур. Unutma beni

· яп. 忘れな草、ワスレナグサ (wasurenagusa)

· швед. Förgät-mig-ej

· болг. Незабравка

· крым-тат. unutma meni çiçegi гэх мэт. Эдгээр хэлийг мэддэг найзтай бол асуугаад цэцэгсийн тухай ярилцана биз. Энэ жагсаалтыг харсан чинь крымийн-татар хэлэнд монгол хэлний цэцэг гэдэг үг байдаг юм байна.

Ямартай ч ийм хөөрхөн хээнцэр цэцэг ийм сайхан утгатай нэртэй байх гэж. Харин гол сониуч занг минь татсан зүйл бол яагаад ийм нэртэй болсон учир байсан юм. Энэ цэцэгтэй холбоотой янз бүрийн хэл дээр янз бүрийн үлгэр домог байдаг юм байна. Тэдгээрээс дурдвал:

‘Flora’ (detail) by Evelyn De Morgan, 1894

“Цэцэгсийн ертөнцийн охин тэнгэр Флора энэ хорвоогийн түмэн янзын цэцэгст нэр хайрлаж байж гэнэ ээ. Гэтэл тэр бяцхан цэнхэр цэцгийг мартчихжээ. Флора түүнийг харалгүй хажуугаар нь өнгөрөх үед цэцэгхэн “намайг битгий мартаач!” гэж шивнэж. Үүнээс улбаалан Флора түүнд “намайг битгий мартаарай” гэдэг нэр хайрласан бөгөөд бэлэглэсэн хүн нь хэзээд мартагдахгүй бас мартахгүй эргэж ирдэг, алс хол явахдаа авч явбал заавал гэртээ, эх орондоо энх саруул эргэн ирэх сайхан ирээдүйн бэлгэдэл болгосон ажээ” гэсэн домог байдаг юм байна.

Арай өөр төрлийн домог гэвэл ихэнхдээ хосууд салах ёс хийж байх үеийн буюу илүү тодруулбал эрэгтэй нь орхин явж байгааг харуулсан домгууд байх юм.

Эртний Грекийн домогт ийн өгүүлжээ:

“Нэгэн малчин хөвгүүн Ликас Эгле гэх үзэсгэлэнт охинд дурлажээ. Тэд маш жаргалтай, хамтдаа Алфей мөрний эргээр алхан малаа хариулдаг байж. Хэн ч тэдний аз жаргалыг үгүй хийж чадахгүй хэмээн санадаг байлаа. Гэтэл нэгэн өдөр Ликас хүү хайрт охинтойгоо салах ёс хийж, хол газар явахаар болж гэнэ. Охин ихэд гуниглаж нулимсаа барьж чадсангүй. Урссан нулимс нь газарт унаад тэнгэрийн өнгөт бяцхан цэцэг болон дэлгэрчээ. Харин Ликас ургасан цэцэсгийг дурсгал болгон хадгалахаар авч явжээ.”

Харин Англи, Орос, Герман хэлнээ,

“Олон жилийн өмнө дурлалт хосууд их мөрний эргээр зугаалж байжээ. Гэнэт бүсгүй голын хавцалын эрмэгээр бяцхан цэнхэр цэцгүүд ургасан байхыг харж гэнэ. Залуу хавцал руу жаахан тонгойж цэцэгсийг авах гэж байгаад гол руу уначихжээ. Их мөрний ширүүн урсгал хүүг дор нь хөмрөн авах үед залуу “Намайг битгий мартаарай!” хэмээн хашгирчээ. Ингээд бяцхэн цэнхэр цэцэг ийн нэрлэгдэх болж гэнэ.”

Хэдий гунигт түүх өгүүлдэг домгуудтай боловч “бэлэглэсэн хүн нь хэзээд мартагдахгүй бас мартахгүй байсаар буцаж ирдэг” сайхан бэлгэдэлтэй ийм цэцэг манай оронд ч элбэр ургадаг. Монгол хэлэнд яагаад “хонин зангуу” гэж нэрлэснийг нь сайн мэдэхгүй юм. Ямартай ч өөрөөр “дурсгал цэцэг” хэмээн нэрийддэг юм байна гэдгийг бичвэрийн эхэнд амласан ёсоороо өгүүлэн өндөрлөе.

Монгол Улс, Улаанбаатар хот

2020/05/28, 11:28pm

--

--