Нөхөрлөлийн гал…

Г.Насун
Арван Нэг
Published in
1 min readDec 12, 2018

Али тарчигхан амьдралтай гэхдээ тэр их зоригтой. Тэр Аммар гэх хөгшин баян худалдаачинд ажилладаг байв.

Нэгэн өвлийн шөнө Аммар ядуу Алид хандан,

-Хэн ч өндөр уулын орой дээр хоол ч үгүй, хөнжил ч үгүй хүйтэн шөнийг өнгөрөөж зүрхлэхгүй байх. Гэхдээ чамд мөнгө хэрэгтэй биз дээ. Хэрвээ чи ингэж чадвал чамд маш их шан харамж өгье. Харин чадахгүй бол 30 өдөр цалингүй ажиллана гэж мэд.

-За, би маргааш таны шалгуурыг гүйцэтгэе ээ!

Гэхдээ Аммарыг харихаар явсан хойно гадаа уулын орой дээр чөмөг царцам хүйтэн салхи салхилж, осгох вий гэсэн бодол Алигийн толгойд эргэлдэж байв. Тиймээс тэр өөрийн сайн нөхөр болох Аядиг гуйхаар шийджээ.

“Магадгүй түүнд би галзуу солиотой зүйл хийж байгаа мэт санагдах байх”

Аяди нэлээд бодолхийлснийхээ дараа,

-Найз минь, би чамд тусалъя. Маргааш уулан дээр бүх шөнийн турш чамд хань болж хажууд чинь байж, гал түлж өгнө өө. Галыг хараад нөхөрлөлийнхөө тухай бодон дулаацаарай. Харин дараа нь үүнийхээ хариуг төлнө шүү.

Али баян худалдаачны шалгуурыг давж, мөнгөтэй ч боллоо. Том тус хүргэсэн найзындаа очоод,

-Чи надаас тусалсныхаа хариуд төлбөр авна гэсэн биз дээ, гэхэд Аяди:

-Тийм ээ, гэхдээ мөнгө биш, найз минь. Харин хэзээ нэгэн цагт миний амьдралд жихүүн салхи салхилвал намайг ч бас нөхөрлөлийнхөө галаар дулаацуулаарай!

Пауло Коэльо

Англи хэлээс орчуулсан: Г.Цэнд-Аюуш

--

--