Сониуч зан ертөнцийг аварна!

Г.Насун
Арван Нэг
Published in
4 min readFeb 13, 2020

Маш их сэтгэл хөдөлсөнөөс болоод юунаас эхлэхээ мэдэхгүй хэсэг суулаа л даа…

Гэхдээ маш их сэтгэл хөдөлсөн болохоор Keane — Somewhere Only We Know дууг сонсонгоо нөтбүүкээ тачигнуулж эхэлж байгаа маань энэ. Магадгүй та яг одоо сонсож байж болох юм=). Ямартай ч ойрын хэдэн өдөр нэг тийм дундад зууны Европын классик ертөнцөд би яваад байх шиг. Өнөөдөр энэ ертөнц дэх хамгийн сэтгэл хөдлөм мөч ирсэн болохоор хамаг бичих онгод ороод энэ бичвэр нийтлэгдлээ.

Сүүлийн дөрөв, тав хоногийн турш нөгөө л нэг муу зангаараа(цуврал кино үзэж чаддаггүй, нэг үзээд эхэлчихвэл заавал үзэж дуусгаж байж л санаа амардаг, зогсож чаддаггүй) Netflix-ийн “Anne with an E” цувралын гурван улирлыг нэг дор үзэж дуусгасан юм.

Үнэнийг хэлэхэд энэ сонгодог ертөнцөд дурлах болсон шалтгаан маань амьдарч буй хотын минь хамгийн очих дуртай цэцэрлэгт хүрээлэн болох “Царицыно”-гоос л эхэлсэн л дээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнд байхаар яагаад ч юм цаанаасаа тайван амгалан байдлыг мэдэрдэг юм. Доорх зургийг харвал нэг тийм дундад зууны үеийн үйл явдлыг харуулсан кинон дотор байгаа юм шиг хээнцэр, ихэмсэг байдал мэдрэгдэх байх(хүн болгоны мэдрэмж өөр л дөө). Миний мэдэрч байгаагаар нэг талаараа Монголыг минь санагдуулам газар байгаа юм.

ОХУ, Москва хот, Царыцино 03.01.2020

Хоёр дахь шалтгааны тухай өөр нэг бичвэр гэнэт оруулмаар санагдлаа. Удахгүй уншина биз ээ…

Би л хувиасаа бичвэрийг минь уншиж сонирхдог та нартаа энэ цувралыг үзээрэй л гэж зөвлөмөөр байна. Lucy Maud Montgomery гэх Канадын зохиолч хатагтайн Анна гэх охины бараг бүхий л амьдралын тухай бичсэн найман боть зохиол байдаг юм байна. Ерөнхийдөө энэ цуврал зохиол түүний нэрийг дэлхий дахинд цуурайтуулж.

Lucy Maud Montgomery(Багынх нь зураг хөөрхөн харагдаад орууллаа)

Эдгээрээс зөвхөн хамгийн эхнийх нь буюу “Anne of Green Gables”-ыг Канадын жүжигчин, зохиолч, найруулагч Moira Walley-Beckett гэх бүсгүй бүхэл бүтэн гурван цуврал олон ангит кино болгон найруулж олны хүртээл болгожээ. Өмнө нь нэлээн хэдэн удаа энэ зохиол дээр түшиглэн нэг ангит кино хийж байж. Олж үзсэн минь энэ цуврал байлаа л даа. Энэхүү сериалыг үзээд үнэхээр ном нь ямар бол гэж өөрийн эрхгүй бодоод хоёрдугаар ботийг нь(үргэлжлэл нь) тэсэлгүй худалдаад авчихлаа.

Цуврал ерөнхийдөө Анна гэх охины амьдралыг харуулах бөгөөд үзэгдлүүд Канадын “Cavendish, Prince Edward Island” гэх нутгийн “Green Gables” фермийн эргэн тойронд болж буй үйл явдлыг үзүүлнэ. Зохиолын үйл явдал XIX зууны үетэй холбогдож байна.

Цуврал “Green Gables” фермд насаараа ажиллаж амьдарч буй ах дүү хоёр болох Matthew and Marilla Cuthbert нар фермийн ажилдаа туслуулахаар асрамжийн газраас хүү өргөж авах байсан байтал Анна охин ирснээр үйл явдал эхэлдэг.

Энэ охины амьдралыг тухайн түүхэн цаг үеийн нөхцөл байдалтай маш уран сайхнаар холбогдуулсан энэ үнэхээр ямар гоё зохиол вэ. Энэ цувралаас Анна охины амьдралыг хараад зогсохгүй XIX зууны үед охид, эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө хэрхэн зоригтойгоор тэмцэж байсан, тэр үеийн хүмүүсийн дутуу дулимаг сэтгэлгээ, тэр сэтгэлгээ шинэ цаг үеийн содон зүйлстэй хэрхэн танилцаж байгаа, тэдгээрийг хэрхэн хүлээн авч, дасан зохицож байгаа, арьс өнгөний үзэл суртал ямар аймшигтай түвшинд байсан гээд маш олон түүхэн сонирхолтой үйл явдлын талаар мэдэж болно. Өнөөдөр энэ Москва хотод хүртэл “улаан үстэй сэвхтэй хүмүүсийг “монстр” гэж нэрлэдэг шүү дээ гэж хэн нэгэн ярьж байсан” гэж сонссон юм. Уг цувралд ч гэсэн өнөөдрийн онцгой төрх тухайн үеийн хүмүүсийн нүдэнд ямар харагдаж байсныг бас харж болно.

Хамгийн гол зүйл бол зохиолч ямар үзэсгэлэнтэй ертөнцтэй охины талаар бичиж үлдээгээ вэ. Анна охин маш чөлөөтэй, нээлттэй сэтгэлгээтэй охин бөгөөд мэдрэмжээ маш нээлттэй илэрхийлдэг, сэтгэл хөдлөл ихтэй, түүний ертөнцийг үзэх үзэл зүгээр л төгс гэмээр. Тэр багаасаа өнчин хоцроод асрамжийн газар маш аймшигтай хүчирхийлэл дунд өссөн байтлаа энэ дэлхийд ямар их хайртай юм бэ. Тэр аймшигтай зүйлийг мэдэрч байсан дөрвөн хананаас гадна байгаа ертөнцийг номоор дамжуулан мэдээд, гадагшаа оюун санаа нь үргэлж тэмүүлдэг ямар хөөрхөн сониуч юм бэ.

Хүн ер нь амьдралдаа тууштай тэвчээртэй, зоригтой байхаас гадна хамгийн гол нь сониуч байх хэрэгтэй гэдэг бодлыг маань бататгаж өгсөн сайхан уран бүтээл байлаа. Бичвэрээ дахин энэ цувралыг үзээрэй гэж хэлээд “Сониуч зан ертөнцийг аварна” гэдэг үгээр өндөрлөе.

ОХУ, Москва хот

2020/02/13 03:11am

--

--