Хором бүрийг хайрла…

Г.Насун
Арван Нэг
Published in
2 min readDec 1, 2018

Та хэзээ нэгэн цагт “Энэ хэд хоног хурдан дуусаасай, дараа жил хурдан болоосой, бүх зүйл хурдан болоод өнгөрөөсэй” гэж бодож байсан уу?

Би лав яг одоо “Cigarettes After Sex-Apocalypse” дууг сонсоод энэ тэмдэглэлээ бичээд сууж байгаа энэ мөчөө аз жаргалын минь бас нэг хэлбэр гэж бодож байна. Магадгүй би бичиж дуусаад босоод өрөөнийхөө толинд өөрийгөө хараад хэсэг зогсож, нуруугаа амраангаа жаахан дасгал хийх байх. Энэ ч бас миний жаргал. Жаахан амарчихаад 34 хуудас өгүүлэл уншиж рефератаа бичнэ гэж бодож байна. Яг одоо ингээд бодож байгаа энэ момент маань хүртэл жаргал, тэр олон хуудас өгүүллийг уншаад, рефератаа бичээд суух минь ч бас жаргал.

Ингэж бодож эхэлснээр хүн олдож байгаа хугацаагаа зөвөөр өнгөрөөж эхлэн, бие махбод болон дотоод сүнсэн бие хоёр нэгэн цэг дээр төвлөрч оршдог юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл яг өнөөдрөөр амьдардаг болно гэсэн үг. “Өчигдөр яасан билээ, өчигдөр би ямар тэнэг зүйл хийчихсэн билээ, маргааш яах бол, маргааш бас надад юу тохиолдох бол” гэж огт бодохгүй, сэтгэл санаа, бодол, өөрийн сүнсийг маргааш нөгөөдөрт нисгэхгүй, зүгээр л өнөөдрийн тухай бодож эхэлдэг.

Өнөөдрийн тухай бодож эхэлснээр та тархиндаа, сэтгэл дотроо өнөөдөр би юу хийх ёстой билээ гэдэг талаар “төлөвлөдөг” болно. Бүх зүйлийг маргааш гэж хойшлуулалгүйгээр өнөөдөр л амжуулах ёстой зүйлээ бодож, хийхэд л анхаарлаа хандуулна гэсэн үг. Логик дарааллаар бодож үзэх юм бол яг өнөөдөр хийх зүйлээ төлөвлөөд, өнөөдөр хийх ёстой зүйлээ л бодоод өнөөдөр амжуулж чадсанаар “маргааш амжуулчихъя” гэдэг их ч, бага ч стресс бий болгодог бодол үгүй болж, өчигдөр юу дутуу орхисон тухайгаа бодож бухимдах бас шаардлагагүй болно.

Нөгөө талаар хүн хийж байгаа зүйлээсээ таашаал авч, яг одоо хийж байгаа зүйлдээ талархаж, түүнээсээ кайф авч, эд эс бүрээ эерэг төлөвт барьж хийснээр тухайн хийж байгаа зүйлээ өөрөөсөө хэт их нерв, энерги зарцуулалгүйгээр хурдан хугацаанд амар хялбараар, сайн үр дүнтэй гүйцэтгэж чаддагаас гадна тухайн хийж байгаа зүйлдээ гүн төвлөрч, хийж байгаа зүйлтэйгээ нэгдэж илүү “утга төгөлдөр” хийж чаддаг юм байна гэж олон удаа төвлөрч хийснийхээ дараа ухаарсан юм.

Гэхдээ та нарт “Энэ хэд хоног хурдан дуусаасай, дараа жил хурдан болоосой, бүх зүйл хурдан болоод өнгөрөөсэй” гэж бодохоор “Энэ амьдрал хурдан дуусаасай” гэж байгаа юм шиг, өөрийгөө хурдан нөгөө ертөнц рүү яваасай гэж бодож байгаа юм шиг санагдахгүй байна уу?…

--

--