Carpe diem!

Г.Насун
Арван Нэг
Published in
3 min readFeb 23, 2019

Жон Кидинг: Өнөөдрөөрөө амьдар! Бид бол хорхой шавжны идэш тэжээл, ургамлын бордоо. Итгэнэ үү, байна уу, өөрөө л мэд. Гэвч бид бүгдээрээ л хэзээ нэг өдөр амьсгал хурааж, газар дэлхийд шингэнэ. Тиймээс “Make life extraordinary”!

Үнэхээр сэтгэлд гал асааж, эрч хүч өгөхөөр, ёстой “Inspiration, Motivation” болсон янзтай нэгэн дэлгэцийн уран бүтээл өчигдөр орой үзлээ л дээ. Магадгүй та нар үзсэн байх, харин үзээгүй нэг нь заавал үзэхийг зөвлөж байна.

Хүсэл мөрөөдөлтэй, зорилготой хүн — Амьд.

Түүгээр хүн тэжээгдэж байдаг юм уу даа. Бодит байдал дээр бид агаараар амьсгалж байгаа мэт боловч үнэн чанартаа зорьж байгаа зүйлээрээ амьсгалж, ургаж төлжиж байх шиг. Хэрвээ сайн харж, мэдэрч чадвал олон арван жилийн дараа биелсэн байгаасай гэж хүсэж байгаа мөрөөдлийнхөө бяцхан бяцхан маш жижигхэн жижигхэн хэсгүүдийг өнөөдөр та өөрийн эрхгүй хийхийг хүсэж байдаг. Гагцхүү хөдлөх л хэрэгтэй. Тийм болохоор өнөөдрөөрөө амьдар гэж.

Яг одоо нүдээ аниад, тайвшраад, амьсгаагаа жигдлээд бодоод үз. Хэн ч юуг ч хүсэж байж болно. Хэний ч амьдралд юу ч үнэ цэнтэй байж болно. Урлаг, уран зураг, шүлэг найраглал, хайр дурлал, бусдад туслах, бусдыг соён гэгээрүүлэх гээд таны амьдралын гол үнэ цэн юу ч байж болно. Магадгүй та шүлэгт дуртай боловч би бичиж чадахгүй ч юм билүү гэж боддог бол зүгээр л бичээд үз л дээ, бичээд хэн нэгэнд уншаад үз. Яг энэ цаг мөчид та биччихлээ, уншчихлаа. Хамгийн чухал зүйл бол энэ.

Магадгүй танд хэн нэгэн бүсгүй, залуу маш их таалагдаж байж болох юм. Намайг тоохгүй гэж бодож суухын оронд зүгээр л хэлчих, таныг хүлээн зөвшөөрвөл алдахгүй байхад л хангалттай, хүлээн зөвшөөрөхгүй бол өөр хэн нэгэн гайхалтай хүн гарч ирнэ гээд л инээмсэглэ. Хамгийн гол нь та өнөөдөр тэр хүнд сэтгэлээ нээчихлээ. Адерналин ялгарууллаа. Өнөөдөр бүтсэн ч бай, үгүй ч бай хэсэг хугацаа өнгөрсний дараа та энэ бүхнийг инээгээд л дурсах болно.

Эсвэл та олон мянган хүний өмнө илтгэл уншмаар байгаа боловч айгаад байж болох юм. Унш. Зүгээр л унш. Босоод зүгээр л ярь. Зовлонгийн түргэн нь дээр. Ингээд л боллоо.

Хүн бүр өөр.

Царай зүс, хөдөлж байгаа, ярьж байгаа, хийж байгаа, бодож санаж, төсөөлж, ухаж, хүсэж, харж байгаа маань ч тэр, бүгд өөр. Хэсэг бүлэг хүмүүсийн дунд суугаад тэднээс өөр зүйл хэлсэндээ бид санаашрах шаардлагагүй. Тэр бүлэг хүмүүс дайрч давшилж, шоолж инээж, муухай харж, нүд үзүүрлэж байсан ч тэр. Харин ч энэ зүйл биднийг бусдаас өөр, ОНЦГОЙ нэгэн гэдгийг харуулж байгаа хэрэг биш үү.

Гэхдээ…

Энэ үгийг хэрэглэсэн бол өмнөх бүх хэлсэн зүйл худал болдог гэж. ГЭХДЭЭ үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү аливаа зүйлд “тун” гэж бий. Хэмжээ..!

Тэгэхээр сэтгэл тань, оюун санаа тань танд юу хэлж байна түүнийг тайван сонсоод, зүрхшээж байсан бүхнээ яг одоо л хий. Битгий хойшлуул, битгий ай, битгий гараагүй байгаа үр дүнгийн талаар бод. Харин хийснийхээ дараа алдсан ч бай, алдаагүй ч бай “Би хийчихсэн юм чинь!” гэж хэлээд санаагаа амраа! Ингэх тусам илүү сонирхолтой зүйлс амьдралд тохиолдож эхэлж, амьдрал илүү баялаг, амттай, тансаг болох биш гэж үү.

Киноны үйл явдлын хувьд гэвэл энгийн уламжлалт үзэл баримтлал, сургалтын арга барилтай, ёс дэг жаягийг шууд болон шууд бусаар хүүхдийн зан характер сэтгэлгээнд суулгаж өгдөг гэхэд хэлсдэхгүй сургуульд бүх явдал өрнөнө. Харин тэр сургуульд НЭГ л ОНЦГОЙ багш бий. Үйл явдлын тухай би ингэж л хэлмээр байна. Бусад хэсгийг та өөрөө үзээрэй.

O Captain, my Captain!

Тэр ОНЦГОЙ багшийн тухай бодоод хүний амьдралд, тэр тусмаа залуу хүний амьдралд ийм хүн хэр олон тааралдаж, нүүр тулдаг бол. Тэднийг бид анзаардаг уу, эсвэл умартаад л өнгөрдөг үү. Би ийм хүнтэй уулзаж байсан билүү, бид бас хойч үеийнхнийхээ өмнө энэ хүн шиг байх хэрэгтэй юм биш үү гэдэг бодол яахын аргагүй төрж байлаа.

…Dead Poets Society, 1989 он.

--

--