“The Ballad of Cleopatra” буюу дөрвөн хананы дундаас гар!

Г.Насун
Арван Нэг
Published in
3 min readMay 13, 2020
The Lumineers — Sleep on the Floor дууны хэсэг

Хэрвээ The Lumineers хамтлагийг маш сайн мэддэг бол миний энэ бичвэртээ сийрүүлсэн бүхэн уйтгартай эсвэл эсрэгээрээ танил дотно мэдрэмж төрүүлж, өнгөрсөн дурсамжийг тань сануулж болох юм.

The Lumineers хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Wesley Schultz нэгэн ярилцлагадаа “Эхнэрийн маань найз таксины жолооч хийдэг юм. Эмэгтэй таксины жолооч шүү дээ. Бид түүнтэй Гүрж Улсад уулзаж байсан л даа. Тэр үнэхээр хүчирхэг бас зоригтой эмэгтэй. Түүний амьдралаас энэ зохиолыг бичих санаа төрсөн юм” хэмээн хуучилсан байдаг.

Нэлээд хэдэн жилийн өмнө юм аа. Яг хэдэн жилийн өмнө гэдгийг мэдэхгүй байна. Анх энэ хамтлагийн “Sleep on the Floor” дууг сонсож байлаа. Видео бичлэгтэй нь хамт үзэж байснаа санаж байна. Тухайн үед клип нь маш их таалагдаж билээ. Гэвч клипний эхлэл төгсгөл нь маш гунигтай, яг яагаад ийм гунигтай байгаа учрыг нь ололгүй, тайлъя ч гэж бодолгүй олон жил явчихсан байна. Гэтэл хэзээ хойно хоёр гурав хоногийн өмнө дахиж нэг сонсоод учрыг нь олж мэдээд маш их сэтгэл хөдөлсөн юм. Сэтгэл хөдөлсөн болохоор бүр бичвэр болгон оруулах гээд бичээд сууж байгаа минь энэ.

The Lumineers хамтлаг 2016 оны гурван сард “The Ballad of Cleopatra” гэх цомог гаргасан юм байна. Тухайн үедээ Billboard-ийн жагсаалтыг тэргүүлж байж. Бас шүүмжлэгчдээс ч эерэг үнэлгээ авч байсан юм байна. Цомогт орсон дуунуудын клип болон дууны шүлэг нь хоорондоо утга агуулгаараа холбоотой, нэг ёсондоо дуу болон бичлэгүүд нийлээд нэг хөгжимт кино болсон гэж хэлэх нь зүйтэй байх.

Магадгүй уг зохиолын гол баатрын хамгийн аз жаргалтай, хамгийн эрчтэй үеийг харуулсан дуу байсан болохоор би яг энэ дуунд нь илүү дурласан байж болох юм.

“The Lumineers — Sleep on the Floor” гэх дууны утгыг товчхон хэлэх юм бол нэгэн охиныг найз залуу нь гэрлэж, хамтдаа хорвоо дэлхийтэй танилцахаар аялалд гарахыг гуйж байгаа утгатай гэх юм уу даа. Дээрх “The Ballad of Cleopatra” гэх дуут түүхэнд хамтлагийн тус цомгоос “Ophelia”, “Cleopatra”, “Sleep on the Floor”, “Angela”, “My Eyes” гэх дуунууд нийлж гүрж таксиний жолооч эмэгтэйн амьдралыг хүүрнэж байгаа юм. Харин яагаад гунигтай юм бэ гэдгийг бас ямар сургамжит утга агуулга бүхий бүтээл болсныг доорх “The Ballad of Cleopatra” гэх бяцхан дуут түүхийг үзээд мэдээрэй.

Харин энэ уг түүхийг үзээд бодсон зүйл маань гэвэл хүн ер нь бүх л амьдралынхаа туршид сонголтон дунд л амьдрах юм. Заримдаа хэчнээн хүн чанар зулгааж байлаа ч хүн өөрийгөө жаргалтай болгох сонголтыг тухайн үед алдалгүй хийх л хэрэгтэй юм шиг. Үлдсэн амьдралдаа баярлах уу, гуниглах уу гэдгийг шийддэг тийм айхавтар сонголт бас хүний амьдралд байдаг юм байна даа гэж бодлоо. Эсвэл ямар ч сонголтыг хийж болно, харин хийсэн сонголтондоо харамсахгүй амьдрах хүчтэй, зоригтой байх чанарыг олж авах нь чухал юм болов уу.

Нөгөө талаас Cleopatra-ийн хайртай залуугийн үзэл бодол хүн ер нь одоо байгаа орчноо байнга сэлгэж, дөрвөн хананы дундаас гарч, өөрчлөгдөж, дэлхий ертөнцтэй танилцаж, хорвоогийн олон янзын өнгийг мэдэж мэдэрч амьдрах нь алсдаа харамсал тээж үлдэхгүй, тайван амар бас аз жаргалтай, бусдад ярьж суух дурсамжтай үлдэх гэсэн хүний амьдралын бас нэг гол мөн чанарыг харуулж байх шиг. Эсрэгээрээ ийм сонголтоос татгалзах нь ямар үр дүнд хүргэж байна вэ гэдгийг Cleopatra-ийн амьдрал харуулаад ч байх шиг.

Дуучин Wesley Schultz-ийн хэлснээр уг таксины жолооч эмэгтэй амьдралдаа хийсэн хоёр зүйлдээ өөртөө маш их талархаж явдаг аж. Нэг нь хүүгээ төрүүлсэндээ, нөгөө нь нөхрөөсөө тусдаа амьдрах болсондоо гэсэн байна. Харин залуудаа учирсан түүндээ маш их хайртай байсан бөгөөд найз залуу нь шархалсан зүрхтэй гарч явахдаа гэрийнх нь довжоон дээр үлдээсэн гутлынх нь мөрийг хүртэл арилгалгүй, угаах үедээ тойруулж угаадаг байсан тухай дуучинд дурсан ярьж байсан гэнэ.

Монгол Улс, Улаанбаатар хот

2020/05/13, 03:41pm

--

--