Tushigt-Erdene
Aug 29 · 4 min read
Зочин: PU

Зарчим байгаа учраас хүмүүс өөр хоорондоо ялгаатай сонголт хийж цаашлаад ажил, амьдралын түвшинд ялгаатай амжилтад хүрдэг. Иймд “Миний зарчим” нэртэй энэхүү цуврал яриагаар өдгөө өөрийн салбартаа манлайлж яваа эрхмүүдийн ажил, амьдралдаа баримталдаг зарчмуудыг танилцуулах болно.

Энэ удаагийн зочноор Монгол улсын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч СТАРТ компанийн COO, PU Podcast-ийн хөтлөгч Б.Пүрэвсүрэн оролцож байна.

Яагаад заавал зарчимтай байх ёстой вэ?

Миний хувьд зарчим гэдэг хэцүү үеийг даван туулах, жанжин шугамаа алдахгүй байх сэтгэлийн тэнхээ, хүч чадлыг өгдөг зүйл. Хүн бүр л өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Тэдгээр мөрөөдөлдөө хүрэхийн тулд том жижиг гээд олон төрлийн зорилгыг урдаа тавьж түүнийхээ төлөө хичээдэг. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэх зам дандаа хүссэнээр байхгүй. Яг үнэндээ тун их бартаатай. Харин зарчим гэдэг зүйлс нь тэрхүү хэцүү үеүдэд таны түшиг тулгуур, чиглэл болох юм.

Таны баримталдаг зарчим чинь юу?

Товчхондоо бол “тууштай хөдөлмөрлө”. Дэлгэрүүлбэл, хүсэл мөрөөдлийнхөө араас тууштай хөдөлмөрлө, хэрэв нэг мөрөөдлөө биелүүлбэл дараагийн том мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлө гэсэн үг. Мөн аливаа зүйлийн оргилд хүрнэ гэсэн итгэлээ алдаж болохгүй гэсэн зарчим бий.

Юун дээр үндэслэж ийм зарчимтай болсон бэ?

Өөрийн гэсэн зарчим бий болоход мэдээж ажил, менторууд гээд олон хүний тусламж, нөлөө бий. Гэхдээ хамгийн том нөлөөлөгч нь миний эргэн тойронд байгаа гайхалтай хүмүүс болон ээж маань юм. Бүх л цаг үед гэр бүл, эргэн тойрныхон маань хүсэл мөрөөдлийг минь үгүйсгэж, няцааж байгаагүй. Харин ч эсрэгээрээ улам бадрааж хурцалж байдаг. Ийм ч болохоор алдаа гаргасан ч гэсэн шантраад байлгүй итгэл дүүрэн урагшилж чаддаг даа. Дээрээс нь ийм сайхан хүмүүс миний амьдралд байгаа юм чинь аливаа асуудлын зөвхөн мууг нь хараад байлгүй сайныг нь хараад тууштай хөдөлмөрлөх ёстой гэж бодогдох үе тун олон тохиолддог.

Хүн өөрийн гэсэн зарчимтай болохын тулд яг юу хийх ёстой юм бол?

Зөвхөн зарчимтай болоход бус ер нь л өөрийгөө дараагийн түвшинд хүргэе гэвэл дараах хоёр зүйлийг хийвэл зүгээр санагддаг.

Хамгийн эхэнд өөрийгөө таньж мэд. Үүнд өөрийн давуу тал, сул тал, үнэ цэнэ гээд бүх зүйл орно. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шиг бүх зүйлийн эхлэл хувь хүн өөрийгөө таньж мэдэх, цэгцлэхээс эхэлнэ. Хэрэв өмнө нь тусгайлан цаг гаргаж байгаад энэ талаар бодож байгаагүй бол заавал цаг гаргаж өөртэйгөө ярилцаасай гэж хэлэх байна.

Өөрийгөө таньж мэдсэний дараа сайжруулах хүсэлтэй байгаа талуудаа тодорхойл. Ингээд тууштайгаар, өөртөө итгэлтэйгээр ажиллаж эхлэх л хэрэгтэй.

Тэгэхээр зарчимтай болъё гэвэл эхлээд өөрийгөө таньж мэдээд дараа нь бага багаар шинэ зарчмуудыг дадал болгож эхлээрэй. Энгийн сонсогдож байгаа байх, гэхдээ үүнийг хийгээд л өөрийн гэсэн, дийлдэшгүй зарчимтай болж болно.

Таны бодлоор хэдэн настай хүн ямар зарчимтай байвал тохиромжтой вэ?

Олон наслаагүй болохоор энэ асуултад яг сайн хариулж мэдэхгүй л юм (инээв). Гэхдээ үргэлж шинэ зүйл сурч мэдье, чадъя гэсэн хандлага, зарчимтай байхад наснаас үл хамааран илүү сайныг бүтээж чаддаг гэж боддог. Тиймээс хүн бүр л шинэ зүйл сурч мэдэх зарчимтай болбол зүгээр байх.

Ярилцлагынхаа төгсгөлд өөрт таарсан зарчмыг бий болгохын тулд яг одоо хийж болох нэг алхмыг хэлж өгөөч?

Амьдралд чинь ямар ч зүйл тохиолдсон, чи өөрөө ямар ч нөхцөл байдал орсон түүний сайн талыг олж хардаг байгаарай. Нэг үгээр энэ нь балиар өөдрөг байна гэсэн үг. Балиар өөдрөг, шинийг туршиж үзэх хүсэлтэй, үргэлж боломжийг түрүүлж хардаг хүн нэг л мэдэхэд өөрийн гэсэн зарчимтай болчихсон байна. Үүнийг би өдөр тутамдаа байнга ашигладаг учир үр дүнтэй эсэхэд нь эргэлзэхгүй байж болно.

Түүнтэй дараах хаягуудаар холбогдоорой.

Фэйсбүүк: https://www.facebook.com/purevsurenby

Инстаграм: https://www.instagram.com/purevsurenby/

Юүтүб: http://bit.ly/2ZzU2IS

Подкаст: Soundcloud, Apple Podcasts

Манай BOO Podcast суваг нь өдгөө 9 подкаст артисттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Цар хүрээ маань тэлэхийн хэрээр сонсогчдын тоо дагаад ихсэж байгаа тул бид 8-р сарын 31-нд Балиар Өөдрөг Подкаст! Live Event-ийг зохион байгуулж байна. Уг арга хэмжээн дээр манай подкаст артистууд бүгд хүрэлцэн ирж сонирхолтой яриаг өрнүүлэх болно. Та ч мөн хүрэлцэн ирээрэй.

Хүн хэдий чинээ өөдрөг байна төдий чинээ сайн сайхан зүйлсийг бүтээж бас түгээж байдаг. Балиар өөдрөг буюу BOO брэндийн гол зорилго нь өөдрөг хандлагыг түгээхэд оршино. Биднийг 50 clap дарж дэмжээрэй.

Балиар өөдрөг

Балиар өөдрөг хүмүүст зориулав!

    Tushigt-Erdene

    Written by

    "Life is not always beautiful, but it's a beautiful ride."

    Балиар өөдрөг

    Балиар өөдрөг хүмүүст зориулав!

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade