Амжилтгүй жилийн сургамж-амжилт

Батцэнгэл
Цэнгэлийн блог
2 min readDec 24, 2019

Энэ жилийн сүүлчийн долоо хоног. Урсан өнгөрөх цаг хугацаанд дагаж хөвж үү, учиртай явж уу гэдгээ хүн бүр дүгнэж суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Утсан дээрх хуанлиг харж суухдаа энэ оноо дүгнэж бичье гэж бодлоо.

Муу нь: Гаргасан амжилт, хийсэн ажил, явсан газар, үзсэн зүйлс…Үнэнийг хэлэхэд жагсаагаад бичих олигтой юм алга.

Хажууд 2014 оноос хойш хөтлөсөн миний ногоон дэвтэр байна. Шинэ он болгоны эхэнд тэр жилдээ зорих жагсаалт гаргадаг юм. Оноос он дамжаад байсан ч одоо ч биелүүлээгүй зорилгууд хэд хэд байна. Одоо ичихгүй 2020 онд… гэж байгаад дахиад нөгөө хэдээ бичих юм уу яах юм, мэдэхгүй л байна 😁😄😏

Энэ ногоон дэвтрэн дээр өнөөх биелээгүй зорилгын жагсаалтууд минь бий.

Сайн нь: Амьдралаа зөвхөн төлөвлөгөөний биелэлт, амжилтын жагсаалтаар дүгнэх нь өрөөсгөл гэдгийг ойлгожээ. Тэгвэл миний энэ жил ойлгосон зүйлс юу байв?

Амжилт гэж зөвхөн зорьсондоо хүрэх, хийж бүтээх биш ч байж болох юм. Тулаад ирсэн саад тотгорыг даваад гарсан чинь ч амжилт байж болно шүү дээ.

Өөрөөс шалтгаалахгүй гэнэтийн цохилт, төлөвлөөгүй өөрчлөлт мэтэд цохигдоод, заримын жишгийг дагаад амар хялбараар, гэхдээ хүсээгүй замаар явмаар үе тохиох аж. Гэвч тэгэлгүйгээр үнэ цэнээ хадгалж, өөрийгөө гээхгүй үлдэнэ гэдэг ч амжилт байж болох юм.

Цуглуулсан мөнгө, худалдаж авсан байшин, машин, карьерийн амжилт амьдралын зайлшгүй хэсэг. Гэвч үрстэйгээ инээлдэж шуугих мөчүүд, найзуудтайгаа хөхрөлдөж хундага тулгасан аялалууд, өөртэйгөө ярьж, тулсан эв энгийн өдрүүд энэ жилийн сайхан мөчүүд байжээ.

“Амьдрал гэж амьд явахын төлөөх тэмцэл биш. Аз жаргалтай мөчүүдийн хэлхээс юм” гээд сайхан үг хэлчихсэн байна цаана чинь, Далай лам. Бид нэгэнт амьдарынхаа нэг хэсгийг хэр үр дүнтэй, амжилттай өнгөрүүлж вэ гэдгээ дүгнэж байгаа бол сайхан мэдрэмж, олж авсан сургамж туршлага, хайрлаж, хайрлуулсан, баярлуулж, талархсан мөчүүдээ ч бас эргэн санах учиртай аж.

Амьдралд утга учир нэмж байдаг аз жаргалтай мөчүүдээ бид дэвтэрт жагсаалгүй, зүрхнийхээ хаа нэгтээ халуу оргиулан тээж явдаг ажээ. Үл хэмжигддэг тийм мэдрэмжүүдэд бидний амьдарч байгаагийн мөн чанар нь оршдог шиг…

Юу ярьж байлаа? Аан тийн, өнгөрсөн жилийн зорилго, амжилт 😉

Төлөвлөгөө гаргахдаа бодитой байх, тэр зорилгоо өдөр өдөрт хийх зүйлсдээ хуваарилах нь чухал юм байна гэдгийг ойлгосон байдаг юм. Би жишээ нь өөрийгөө ганц бие мэтээр, ээж, эхнэрийн хувьд ирэх ачааллыг бодитоор тооцоолдоггүйгээс биелээгүй зорилгын жагсаалтанд дарагджээ.

Тиймээс төлөвлөгөө минь яагаад биелэхгүй байгааг үнэлж цэгнэсэн нь, бас өнгөрсөн жилээ зөвхөн дэвтэрт бичсэн хэдэн жагсаалтаар дүгнэх хэрэггүйг ойлгосон нь миний амжилтгүй жилийн сургамж-амжилт юм аа.

Үүнийг уншиж суугаа танд шинэ жилийн мэнд! Ирэх жилдээ амжилттай, бүтээмжтэй, аз жаргалтай байгаарай.

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.