“Бар ээж”-ээс авсан сургамжууд

Батцэнгэл
Цэнгэлийн блог
3 min readAug 12, 2019

Иелийн их сургуулийн багш, проффессор Эми Чуагийн хоёр охиноо хэрхэн хүмүүжүүлсэн тухайгаа бичсэн ном. Хоёр охин нь хоёулаа ээжийнхээ нэгэн адил Харвардын их сургуульд элсэн суралцсан. 2011 онд хэвлэгдсэнийхээ дараа олон сая хувь борлогдсоны сацуу ялангуяа барууныхнаас хатуу эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан нь түүний арга барил хэр хатуу чандыг илтгэнэ. Ер нь эхний хуудаснаас л номын зохиогч хэр зарчимч хүн бэ гэдгийг та мэдэрч эхлэнэ дээ. Энэ хүчирхэг эмэгтэйн арга барилд хүлээн зөвшөөрөмгүй хатуу хандлагууд байсан ч хэд хэдэн сургамж авснаа хуваалцъя:

Хоёр удаагийн барилтаар л дуусгасан өгөөжтэй ном байлаа.

Дадал суулгахын чухал. Нэг охиноо хийл, нөгөөг нь төгөлдөр хуураар хичээллүүлсэн. Охид нь Хятад ээжүүдийн хүүхдээсээ шаарддаг A дүнг авчихдаг байсан болохоор ч юм уу хичээлийг нь орхигдуулахгүй хөгжмөөр нь хэрхэн хичээллүүлсэн тухай бараг дурдаагүй байсан. Харин охид нь дэлхийд нэртэй том театрт тайлан тоглолт хийж, шилдэг багш нараар хичээл заалгаж, олон хүний магтаал, бишрэл, алга ташилт сонсох хүртэл хэрхэн хичээллэж байсан тухай бичсэн байдаг. Энэ бүхний ард ердөө нэг том нууц байсан нь- өдөр бүрийн сургуулилт, дадал байсан юм.

Дүрмээ дагаад, зарчмаа барих. Номын зохиогч Эми Чуа охидоо бие дааж хөгжмийн давтлагаа хийдэг болтол нь өдөр бүхэн тэдэнтэй хамтдаа сургуулилдаг. Тэдний гэр бүл жил бүхэн заавал шинэ газар үзэж аялдаг уламжлалтай бөгөөд, аяллын өдрүүдэд ч сургуулилтаа тасалдуулахгүй гэдэг дүрэмтэй. Хийл хөгжмийг аваад явчихаж болох тул, буух буудлаа сонгохдоо төгөлдөр хууртай газар олох гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Олдог, сургуулилтыг нь хийлгэдэг. Хүүхэд өсгөх тухай олон зөвлөмж дээр гардагчлан гэр бүл гаргасан дүрмээ дагадаг байх нь чухал юм аа.

Ээж аав хоёр нэг талд зогсох. Бар ээж Эми Чуа Америкт цагаачилсан Хятад эрдэмтний охин бөгөөд түүнийг хүүхэд байхад нь ээж, аав нь бүр ч хатуу шаардлага тавьж өсгөсөн гэдэг. Түүнийг Америкт Хятад аргаар, охиддоо хатуурхаж өсгөхөд бишгүй олон саад тулгарч байсны дотор нөхрийнх нь эсэргүүцэл ч орно. Гэвч эхнэрийнх нь хэт зарчимч байдал охидынхоо сайхан ирээдүйн төлөө гэдгийг нөхөр нь мэддэг, ойлгодог байсан нь охидын амжилтанд ч,гэр бүлийн зөв уур амьсгалд ч нөлөөлсөн гэдгийг харж байлаа.

Боловсрол ба санхүүгийн чадамжтай байх. Бар ээж охидоосоо зүгээр нэг амжилт шаардаад, давтлагаар нүдээд байсангүй. Тэр охидынхоо хөгжмийн хичээл дээр хамт сууж, өөрөө тухайн аялгууны талаар судлагаа хийж, охиноо аль хэсэгт нь арай буруу тоглоод байгааг мэдэх хэмжээний мэдлэгтэй болдог. Бас охиддоо хамгийн сайн багш олж өгөхийн тулд эрэл хайгуул хийж, зүтгэл гаргаж, тэднийг хөлслөж авах хэмжээний хуримтлал үүсгэсэн эмэгтэй.

Бар ээж охидынхоо хамт.

Аялал, баяраар амьдралаа тэнцвэржүүлэх. Өмнө дурдсанчлан тэднийх жил бүр шинэ газар үзэж, гэр бүлээрээ аялдаг уламжлалтай. Мөн охидоо томоохон амжилт гаргасны дараа хүлээн авалт хийх гэх мэтээр баяр тэмдэглэдэг. Ийнхүү тэд сахилга баттай амьдрал, хатуу чанга сургуулилтуудын хажуугаар амьдралдаа дурсамж, өнгө нэмдэг.

Зөв үед буулт хийх. Бар ээж хэдийгээр охидоо тодорхой зорилготой болгож, ирээдүд сайн бэлтгэж, өөрийгөө ялан дийлж сургахын тулд охидоо хөгжмөөр шаргуу хичээллүүлдэг ч бага охин нь ээжийнхээ хэт их шаардлагыг эсэргүүцэж, ээж охидын харилцаа бүр хэцүү болох үед ээж нь буулт хийж, охин нь газрын теннисээр хичээллэж эхэлдэг.

Төгсгөлд нь тэмдэглэхэд: Ямар ч байсан тэр охидоо хувийн сахилга баттай байж, өөрийгөө ялж, чадна гэдгийг мэдрүүлж, амжилт амтуулж байж санаа нь амардаг эмэгтэй юм. Миний хувьд хоёр сурагч охинтой бөгөөд би бол залхуу ээж 😬 Охиддоо тэднийг яагаад хичээлд явж байгаа, онц сурвал тэдний ирээдүй ямар гоё байх тухай ярьж, ойлгуулахыг л хичээдэг. Хааяа дэвтрийг нь сөхөж, гэнэтийн шалгалт оруулдгаас биш өдөр бүхэн зууралдаж, даалгавраа хийхэд нь сахиж суудаггүй. “Бар ээж”-ийг уншаад миний ээж байх хариуцлага ямар ч байсан бүтэн шатаар ахисаан. Та нарынх ч гэсэн тэгнэ гэдэгт итгэлтэй байна.

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.