Бүжиглэх мэт амьдар

Батцэнгэл
Цэнгэлийн блог
2 min readMar 22, 2020

“ Ад үзэгдэх зориг“ номын тэмдэглэлээ хуваалцъя.

Энэ номыг сонгосон шалтааны тухайд: Юун түрүүнд номын нэр анхаарал татсан. Би өөрөө гэр бүл, найзууд, хамт олны дунд үнэнийг хэлж заримдаа хүмүүсийн дургүйг хүргэж явдаг хүний хувьд номын нэрийг хараад надад дэм өгөх байх гэж бодсон. Хэрвээ чиний хэлдэг үг чинь үнэн бол,хожмоо гарах үр дүнтэй бол, ямар нэг юманд тустай бол зүгээр шүү дээ гэсэн тийм дэм хайсан гэх үү дээ. Дээр нь энэ номыг редакторласан Б.Болор-Эрдэнийн номын тухай бичвэрийг хараад уншихаар шийдсэн юм.

Би анх номын нэрийг хараад хувь хүний хөгжлийн ном гэж бодсон. Тэгсэн сэтгэлзүй, философийн ном байсан. Гэхдээ би нөгөө хайсан дэмээ эндээс олсон гэдгээ юун түрүүнд хэлье. Бас илүүг ч олсон. Өмнө нь Зэн буддизмын сургаалиудыг уншиж олж авсан болон, амьдралдаа баримталдаг миний зүг чиг, үзэл баримтлалуудтай огтолцож байсан болохоор аз жаргал, амьдралын утга учрын талаархи ойлголтуудаа бататган тордож авлаа.

Зохиогчдын танилцуулснаар сэтгэл судлалын гурван том магнатын нэг хэмээн алдаршсан Алфред Адлерын үзэл санааг энэхүү номонд тайлбарлахдаа нэгэн залуу ба философич хоёр мэтгэлцэж, ярилцаж буй хэлбэрээр бичжээ. Хүн яаж аз жаргалтай амьдрах вэ, амьдралын утга учир юу вэ гэсэн асуултыг залуу тавих ба философич хариулж, тайлбарлана. Бидний дунд тогтсон байдаг ойлголтоос өөр ухагдахуун гарч ирэхэд залуу үгүйсгэж мэтгэлцэнэ, филофич энгийн жишээгээр дамжуулж тайлбарлана. Философилог ойлголтыг ийнхүү энгийн жишээн дээр тайлбарласан нь хэн бүхэнд ойлгомжтой болжээ. Хэрвээ та өөртөө дээрх асуултыг тавьж, бясалгадаг бол энэ номыг уншаад үзээрэй.

Санаж сэрж баймаар хэдэн эшлэл:

  1. Өнгөрсөнд захирагдахгүй амьдрах. Сэтгэлийг чинь шархлуулах зүйл өнгөрсөнд болсон байлаа ч одоо ямар байгаагаа өнгөрсөнтэй бүү хольж, хүл.
  2. Аз жаргалгүй байгаа нь таны өөрийн л сонголт. Та аз жаргалгүй байгаа нь өнгөрсөн болоод орчны буруу биш. Танд ердөө аз жаргалд хүрэх зориг дутаж байна.
  3. Амьдрал бол бусадтай өрсөлдөх биш. Жишээ нь хүн хөгжиж урагшлах нь тэр хүн өөрөө хөгжихөд үнэ цэн нь байх болохоос хэн нэгний урд гишгэх, дээр гарах гэсэн ойлголт байх учиргүй.
  4. Хамтдаа эв найртай амьдармаар байвал бие биетэйгээ эн тэнцүү хүний ёсоор харьц.
  5. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хэт хүсээд байвал тэр хүлээлтийг хангахын төлөө амьдарч таарна. Өөрөөр хэлбэл жинхэнэ өөрийгөө гээгээд бусдын амьдралаар амьдарна. Тэгэхээр хэн таны өмнөөс таны амьдралаар амьдрах вэ?
  6. “Морийг усны дэргэд хөтлөж авчирч чадах ч ус уулгаж чадахгүй” Бусдын асуудал болон өөрийн асуудлыг ялгаж сураад, бусдын асуудлыг орхиж сурах.
  7. Эрх чөлөөг эдэлмээр байвал өртгийг нь төл. Бусад хүмүүст юу гэж бодогдох бол гэж тунгаахаас урьд өөрийн хэрхэн амьдармаар буйгаа чухалчлах.
  8. Солих боломжгүй зүйлийг хүлээж ав. Энэ “би”гээ тэр чигээр нь хүлээн зөвшөөр. Тэгээд өөрчилж болох зүйлийн тухайд өөрчлөөд явах зоригтой бай.
  9. Амьдрал гэдэг уул өөд өгсөх уралдаан биш тасралтгүй урсах агшнууд юм.
  10. Бүжиглэх мэт амьдар. Амьдрал гэдэг одоо, энэ мөчдөө бүжиглэх мэт эргэлдэн амьдрахуй юм. Өөрөөр хэлбэл бүжиглэж байгаа тэр үйл явц нь өөрөө зорилго болохоос бүжгээр дамжуулж ямар нэг газар хүрэхийг хэн ч зорьдоггүй байлгүй.

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.