Дөрөвдүгээр сар…

Батцэнгэл
Цэнгэлийн блог
2 min readApr 2, 2020

Хаврын улиралд үнэхээр дуртай. Тэр дундаа дөрөвдүгээр сард л хорвоо дэлхий хөдөлгөөн,өнгө, аялгуу орчих шиг санагддаг. Жинхнээсээ дулаахан болж, жинхнээсээ хавар ирдэг болохоор. Өөрийгөө энэ сард төрсөн болохоор ингэж хэтрүүлэн гоё сайхнаар мэдрээд байна уу гэж боддог байсан нь үгүй ажээ. Дөрөвдүгээр сар угаасаа яруу болохоор Өрнөд ч, Дорнод ч гоё сайхныг дөрөвдүгээр сараар төлөөлүүлж, зүйрлэдгийг нэг биш удаа уншиж мэдэв.

Өчигдрөөс хойш гэхэд л дөрөвдүгээр сарын тухай хоёр гоё бичвэр уншчихлаа. Тэгээд одоо, энд утга уянгаа хөгжөөж сууна.

… Хайлж буй цас мэт гэрэлтсэн шар өнгө — чи бол, хавар цагийн
Анхны нахиа мэт тунгалаг ногоон — чи бол, зүүдэнд дохилзох лянхуаг
Усны мандал мэт бүүвэйлэх зүрхэн дундах энхрийлэл!

Чи бол энд тэндгүй дэлбээлж буй цэцэгс, гүүр тойрон
Эрх дураараа жиргэж буй хараацай. Чи бол хайр, халуун,
бас найдвар, чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

Линь Хуэй-Инь.
Орчуулсан: Нац. Энхбаяр. Бүтнээр нь эндээс уншаарай.

Нөгөө нь “Хүмүүсийн дундах дөрөвдүгээр сарууд” эсээ. Утга зохиол судлаач У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” номыг (Уран зохиолын эсээ) өнгөрсөн жил уншсанаас хойш түүний бичвэрүүдийг унших дуртай болсон юм. Тэрээр энэ эсээндээ хүүхэд байхдаа хайрладаг байсан нэгэн багшийнхаа тухай бичжээ. Энэ эсээг уншаад би бас нэг багшийнхаа тухай дурслаа.

Дөрөв билүү, тавдугаар ангид байсан санагдана. Хичээл орж байсан чинь гаднаас нэг багш орж ирээд Батцэнгэл байна уу гэж асуугаад надад захидал ирснийг хүлээлгэж өгөв. Үеийн хөвгүүдээс үерхье гэсэн захиа л авч байснаас биш шуудангаар захиа хүлээж авч үзээгүй би гайхах, догдлох зэрэгцэж байсансан. Тэр захиа манайд байгаль шинжлэлийн хичээл ордог байсан багшаас ирсэн байв. Багш нөхрөөсөө тусдаа амьдрахаар болж, хүүхдээ аваад өөр газарлуу шилжсэн байсан юм. Олон ангид, олон сурагчдад хичээл заадаг байсан ч яагаад жаахан намайг тоож, дотночлон захиа бичсэнийг одоо ч би сайн мэдэхгүй л байна. Багш захиандаа хаана ажиллаж байгаагаа, охин нь их ухаантай,өхөөрдөм тухай гээд дотны найздаа хуваалцах сэдвээр надад бичсэн байсныг тод санаж байна. Хариуг би ганцаараа бичихээс яагаад ч юм ичээд (хүүхэд байсных л байх)нэг найзтайгаа хамт хариу захидал бичиж явуулсан юм даг. Тэгээд багшаас ирсэн хариуг ангийнханд бүгдэд нь уншиж өгч байсан, ямар ч тэнэг байсан юм. Захиаг нь ангийнханд уншиж өгснөө хариу захидалдаа бас бичиж байсан санагдана.

Бидний захидлын харилцаа тэгcээд төгссөн дөө. Магадгүй дотночлон надад бичсэнийг ангийнханд хуваалцсанаас болсон биз. Том болоод заавал уулзана даа, цэцэг тэвэрч очоод дотно сайхан яриа өрнүүлнэ дээ гэж боддог байсан. Харамсалтай нь “том болсон” хойноо сураглахад багш залуухнаараа бурхны оронлуу явчихсан байлаа.

Гэхдээ багш минь миний дотор оршсоор байдаг юм. Дулаахан, гоё мэдрэмж төрүүлдэг ийм нэгэн дурсамж… Та бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар байсан шүү багш аа!

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.