“Зоримог эмэгтэй”-гээс олсон миний 8 олз

Батцэнгэл
Цэнгэлийн блог
3 min readAug 1, 2020

Ажил хэрэгч эмэгтэйчүүдийг өөртэйгөө ажиллаж, өсөн дэвшихэд туслах гоё ном уншлаа. Маш их судалгааны үндсэн дээр бичигдсэн, практикал зөвлөгөөнүүд байна лээ. Ажил хэргийн талбартаа амжилт гаргах чадвартай хэрнээ өөрийн хандлага болон, зарим алдаанаас болоод зорьсондоо хүрч чадахгүй байгаа эмэгтэйчүүд уншихад тун тохиромжтой ном. Унших явцдаа өөртэйгөө ажиллаад явбал илүү үр дүнтэй байхаар.

Эмэгтэйчүүдийг өсөн дэвшихэд саад болдог 12 зуршлыг энэхүү номонд танилцуулах бөгөөд, яаж салах тухай зөвлөгөө бичжээ. Эдгээрээс олонхи нь надад байна :)

Хүүе, яг би байна гэж дуу алдан өөрийгөө олж харсан 8 алдаагаа (номонд нэрлэснээр зуршил) олж тодорхойлж авсан нь миний ОЛЗ юм аа.

1. Амжилтаа илчлэхээс зайлсхийх. Онгироо зан гавьдаггүйн адилаар өөрийнхөө хийсэн ажил, гаргасан амжилтыг бодитоор мэдээлэхгүй байх нь тусгүй хэрэг байх нь.

2. Хувь нэмрийг тань хэн нэгэн олж харж сайшаахыг хүлээх. Хамгийн сайнаараа хичээж ажиллабал хөдөлмөрийн үнэлэмж ч нэмэгдэнэ гэж хүлээж байсан миний тэртээх өдрүүдийн хандлага эмэгтэйчүүдэд нийтлэг байдгийг мэдээд яаж өөрчлөхдөө анхаарав.

3. Мэргэшилд хэт ач холбогдол өгөх. Мэдээж хийж буй ажлаа хамгийн чадварлагаар гүйцэтгэдэг байх нь чухал ч карьертаа анхаарахгүй дан ганц мэргэжлийн ур чадвар, мэргэшилд хэт анхаарах нь бас нэг алдаа болдог байх нь.

4. Холбоотнуудтай болохоос алгуурлах буюу тойрон хүрээлэлтэй болохоос цааргалах. Жишээ нь байгууллага дотор элдэв фракци үүсгэх, ийм хүрээлэлд харьяалагдах, элдэв нутгийн зөвлөл гэх мэтийн уулзалт, үдэшлэгийн урилгаас татгалзаж, ажил хэргээр холбогдсон хүнтэй эргээд холбогдох зэргээс эрс татгалзаж ирсэн нь нэг талаар миний үнэт зүйл ч, хэтрүүлэн туйлширсан нь карьерт саад болж буй нэг зуршил гэдгийг улам бататган ойлгож авав. Мөн ажил хэргийн харилцаанд хэрхэн харилцаа холбоогоо тэлэх, зөв зохистойгоор харилцаж болох санаа авч, харах өнцгөө өөрчлөв.

5. Ажлаа карьераасаа илүү чухалчлах. Миний хувьд хийж байгаа ажлаа л өөрийн хамгийн сайн чадахаар гүйцэтгэхэд, мөн хийж буй зүйлийнхээ үнэ цэнэ, утга учирт л ач холбогдол өгдгөөс биш хажуугаар нь өөрийн карьерт огт анхаардаггүй нь бас нэг өөрчлөх шаардлагатай зуршил байв.

6. Төгс төгөлдрийн занга. Өөрийн хийсэн ажлаа эргэж хянахдаа хүртэл байнга гаргасан алдаагаа түүж, илүү сайнаар ингэж хийж болох байх гэж хардаг зуршилтай. Энэ нь өөрөө хөгжихөд, дараагийн ажлаа чанартай хийхэд тустай ч өөртөө ингэж хатуурхах нь бас нэг төрлийн алдаа болдгийг мэдэж авав. Заавал төгс юм хийх гэдэг энэ чанараасаа болоод л би маш олон гоё санаагаа ажил болгож чадалгүй унтраасан байдаг билээ. Өөрөөсөө төгс байдлыг шаардаж байгаа учраас бусдаас ч бас тийм зүйл хүлээж, шаардах нь мэдээж учраас хамт олон чинь ч энэ зуршилд чинь дургүй гэдгийг энэ номонд сануулжээ.

7. Хэтэрхий их. Сэтгэл зүрхээ ажилдаа бүрэн зориулж ажилладаг минь сайхан чанар гэж бодсоор ирсэн ч, үүнтэй зэрэгцээд элдэв алдаа гарахад шаналах, бусдыг сэтгэлгүй ажиллаж байна гэж буруутгаж, түүнийгээ шууд илэрхийлэх гэх мэт алдаа гаргаж ирснээ хүлээн зөвшөөрөв. Сэтгэл хөдлөлөө удирдаж, зөв цагт нь зөв илэрхийлж сурах ёстой гэдэг даалгаврыг өөртөө өглөө.

8. Хэт санаашрах. Багийн ажилтан маань алдаа гаргасан нэг түүх шууд санаанд орсон бөгөөд удирдах ажилтны хувьд буруу хүндээ буруу даалгавар өгчээ гэж өөрийгөө дотроо зэмлэж суусан билээ. Гэтэл тэр тохиолдол бол тухайн ажилтан мэргэжлийн бус хандлагаар удаан ажиллаж ирсний нэг гор байсан юм. Энэ мэтээр дүн шинжилгээ хийж байгаа нэрээр өөрийгөө буруутгадаг минь бас нэг засах ёстой зуршил гэдгийг ойлгов.

Төгсгөлд нь давтахад карьер нь аль нэг шатандаа зогсонги байдалд орсон бол, ажлын талбар дээр харилцааны төвөгтэй байдалтай тулгараад байгаа бол, ер нь л дэвшиж, урагшилъя гэж зорьж буй ч нэг л эвээ олохгүй байгаа эмэгтэйчүүдийг энэ номыг уншаад үзээрэй гэж зөвлөнө өө.

Манлайлагчдад зөвлөж, тэднийг дасгалжуулдаг дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн бичсэн энэ номыг Монголд албан ёсны эрхийг нь авч орчуулсан “Оюут паблишинг” болон орчуулж, редакторласан бүсгүйчүүддээ баярлалаа. Байн байн сөхөж уншиж, санаж сэрж байх нэг номтой боллоо.

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.