Түүний халааснаас түлхүүрээ авах нь

Батцэнгэл
Цэнгэлийн блог
2 min readSep 19, 2019

Олон эмэгтэй аз жаргалынхаа түлхүүрийг өөр хүний халаасанд хийгээд орхичих юм. Найз залуутай, нөхөртэй болж хайр дурлалтай учирснаас хойш олон эмэгтэй өөрийгөө жаргалтай байх эсэхийг эрэгтэйдээ бүрэн даатгачихдаг. Үүнийг би аз жаргалынхаа түлхүүрийг өөр хүний халаасанд хийх гэж хэлж байгаа юм л даа. Тэгээд хүний халааснаас өөрийнхөө түлхүүрийг аваарай гэж ятгахаар үүнийг бичиж байна.

Миний мэдэх нэг бүсгүй. Нөхөр нь хажууд нь байвал тэр жаргалтай хүн, үгүй бол аз жаргалгүй нэгэн. Мэдээж хайртай хүнтэйгээ хамт байх шиг сайхан зүйл үгүй ч, тэр өдрийг баяртай, эсвэл гунигтэй байхыг нэг л хүнд даатгачихна гэдэг харамсалтай амьдрал биш гэж үү?

Би ч найз залуутай болсон эхний жилүүдэд тэр намайг жаргалтай болгож, үргэлж баярлуулж, баясгаж байх ёстой гэж хүлээж, аашилдаг байсан. Гэтэл нэг мэдэхэд миний баяр, гуниг бүхэн өөр хүнээс хамаардаг болж эхлэв. Үүнийг анзаарснаас хойш би аз жаргалынхаа түлхүүрийг өөртөө буцааж авсан юм. Энэ түлхүүрийг хүний халаасанд хийгээд орхих, өөрөө атгаж явахын ялгааг мэдсэний хувьд би ийм хэдэн юм ойлгосон:

Хувийн төлөвлөгөөтэй байх. Төлөвлөгөөтэй хүн түүнийхээ араас яваад завгүй байна. Тушаал дэвших, турах, аялах, гадаад хэл сурах гээд юу байдаг юм, өөрийнх нь хувьд чухал байгаа зүйлээ төлөвлөөд, зорьж буй хүн гомдоллож, хүнээс жаргал горьдож суухгүй лав.

Хоббитой, хийх зүйлтэй байх. Миний л анзаарснаар шүү, эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол яг нэг зүйлд дурлаад, түүнээсээ баяр таашаал аваад, цаг заваа зориулаад хөөцөлдөөд явах нь бага юм шиг ээ. Би бол жишээ нь нөхөртэй харьцуулахад тийм. Тийм болохоор хийх дуртай ямар нэг зүйлтэй байх нь амьдралыг сонирхолтой болгох чухал зүйл яалт ч үгүй мөөн.

Хувь хүн байх. Олон олон эмэгтэй ээж, эхнэр болонгуутаа хувь хүн байхаа больчихдог. Бүх цаг зав, зүрх сэтгэлээ гэр бүлдээ зориулаад өөрийгөө мартдаг, хаядаг. Энэ нь эргээд өөрийг нь тийм ч жаргалтай биш, бусдад гомдоллосон нэгэн болгож хувиргадаг. Нөхөрт нь ч ядаргаатай байлгүй дээ.

Өөрийгөө хайрлах. Өөрийгөө хайрлаж чаддаг хүнийг бусад нь хайрладаг гэдэг бил үү? Тэр.

Найз нөхөд, бусад хүрээлэлтэйгээ харьцсаар байх. Нөхөр, хүүхдүүдээсээ өөр хүрээлэлгүй болчихвол…мэдэхгүй, би бол төсөөлж чадахгүй байна. Бүх алимаа нэг сагсанд бүү хий гэх хэлц байдаг. Юуг ч, хэнийг ч бүх юмаа болгоод хэрэггүй.

Төгсгөлд нь: “Хэн ч чамайг жаргалтай байлгах өргүй” гэж хатуу сонсогдож байгаа ч үнээн. Тэгээд эерэг хандлага, бяцхан хөгжилдөөн ажлын орчинд ч, хайр сэтгэл, найз нөхдийн нөхөрлөлд ч харилцааг зөв, эрүүл байлгадаг шүү дээ.

Нөхөр, найз залуугаасаа аз жаргалын түлхүүрээ аваарай гэдэг нь түүнээс бүхнээ бүү хамааралтай болгоорой гэсэн үг шүү. Өөрөөс хамаарах хэсгээ өөрөө хариуцчих гэсэн үг. Амьдрал бол тэнцвэрийг олох, түүнийгээ хадгалах юм байна лээ шд.

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.