Хоёр онооны уруул, гурван онооны хамар

Батцэнгэл
Цэнгэлийн блог
2 min readMar 25, 2019

HBO дээр өсвөр насны охидын тухай нэг кино гарч байсан юм. Охидтойгоо (7;9 настай) үзэж байв. Тэр киноны хэсэгт найз охид нэг тоглоом тоглов. Дөрвөн найз охин тус бүрийн нэрийг цаасны дээр бичнэ. Тэгээд тэр найзынхаа хамранд, урууланд, үсэнд, царайнд гэхчилэн бусад найзууд нь үнэлгээ өгнө. 1–10 оноогоор үнэлэх ба, тоо өсөх тусам гоё гэсэн үг.

Киноны энэ хэсэгт бид гурав инээлдэж байсан болохоор киноны дараа би энэ тоглоомыг тоглохыг санал болгож, манай хоёр ч тэгье гэлээ. Би далимд нь дандаа 9;10 оноо өгөөд авъя гэж бодсон юм. Өөртөө итгэлтэй байг, өөрийгөө хайрлаг гэж бодоод. Буруу тоглоомоор зөв мессэж өгчихье гэж бодсон хэрэг. (Яагаад буруу тоглоом гэж үү? Хүний цайрай төрөхийг оноо өгч үнэлнэ гэдэг чинь…)

Тэгсэн чинь миний картан дээр миний урууланд хоёр оноо, хамранд гурван оноо байж байдаг байна шд! 😂😂😂 Бөөн инээдэм болсны дараа бүүр сүүлд нь манай 7 наст тоглоомын дүрмийг өөрөөр ойлгосон байсныг мэдсэн л дээ. Охин минь хөөрхөн, гоёор нь биш хэр жижиг эсвэл том гэж бодож байгаагаараа дүгнэнэ гэж ойлгож л дээ. За аль нь ч байсан минийх 2;3 оноохых байгаа биз дээ 😜

Миний 2 онооны уруул, 3 онооны хамрыг харж авна уу :)))

“Охинтой бол заавал уншаарай” номонд бичсэн нэг түүх байдаг юм. Өөрийгөө царай муутай гэж боддог охин метронд толгой гудайж, бусдаас нуугдан явна. Тэгтэл түүний хажууд хөгжлийн бэрхээлтэй (дээр нь арьсны асуудалтай санагдана) нэгэн охин ээжтэйгээ элдвийг ярилцан маш аз жаргалтай, өөртөө тун итгэлтэй явж байдаг. Тэр охиныг ээж нь тийм хүчирхэг нэгэн болгож сэтгэл санааг нь дасгалжуулсан тухай түүх.

Би хоёр онооны уруулаараа хоолоо идэж, хайртай гэж хэлж, хайртай хүмүүсээ үнсдэг. Гурван онооны хамраараа үнэрлэж чаддаг, зохисон шилээ дээр нь тохоод зүүж болдог.

Хүүхнүүд ээ, өөрийгөө байгаагаар нь хайрлаарай! Бусдын тогтоосон гоо сайхны үнэлэмжинд нийцэх гэж өөрийгөө битгий зовоогоорой.

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.