“Educated” номын сэтгэгдэл

Батцэнгэл
Цэнгэлийн блог
3 min readOct 12, 2020

Төмрийн хаягдал дундаас мөлхөн гарч ирж Кембрижэд доктор хамгаалсан залуухан эмэгтэйн намтар. Гайхалтай мөртлөө сэтгэл өвдөм.

Уншсан сэтгэгдлээ халуун дээр нь энэ зургийг гар утсаараа буулгасан юм.

“Төмрийн хаягдал дундаас мөлхөн гарч ирж” гэдэг дүрслэлийг номын зохиогч өөрөө бичсэнээс эшлэв. Үнэхээр л тийм нөхцлөөс олон сорилт даван байж өөрийн хувь тавилангаа бүтээж яваа бүсгүйн амьдралын түүхийг уншив. Хэн нэгний намтрыг ингэж сэтгэл өвдөн, сэтгэл хөдлөн уншиж байлуу гэж бодсон… үгүй юм билээ. Би энэ номыг Монголоор орчуулагдаж хэвлэлтээс гарсан өдөр нь авч уншиж эхэлсэн ч жирэмсэн байсан болохоор сэтгэлээ үймрүүлэхгүйн тулд үргэлжлүүлж уншиж чадалгүй хааж, хойш тавьсан байсан юм.

Зохиогчийн аав Мормоны шашинтан, гүн итгэгч. Тэрээр дэлхий сөнөнө гэж итгэдэг ба Засгийн Газар хүүхдүүдийг сургуульд сургаж тархийг нь угаадаг гэж үздэгээс хүүхдүүдээ сургуульд сургаагүй. “Төгсгөл ирэхэд бэлдэхэд”хамаг амьдралаа зориулдаг бөгөөд тэр үед хоол хүнстэй, шатахуунтай байхын тулд төмрийн хаягдал ялгаж борлуулан нөөцөө бэлтгэнэ. Долоон хүүхдээс том хоёроо л сургуульд оруулсан ч удалгүй гаргасан гэдэг. Бусдыг нь сургуулийн босго ч алхуулаагүй. (Тэгэхээр мухар сүсэг гэдэг улам ужигран хүндэрч байдаг аюултай аж)

Тийм харанхуй дунд өссөн ч эмээ, нэг ахынхаа нөлөөгөөр бие даан сурах оролдлого хийж, их сургуульд элсэх шалгалтанд бэлтгэж 2 дахь оролдлого нь амжилттай болдог. Тэнцсэн хариу авах хэсгийг нь уншаад нь би баярлан уйлж, дотор цэлмээд ирсэн. Би өөрөө түнэр харанхуйгаас гоё ирээдүйрүү очих боломжтой болсон юм шиг л.

Ингээд 16 нас хүртлээ сургуульд нэг ч өдөр суралцаж үзээгүй Тара 10 жилийн дотор бакалавр, Кембрижэд мастер, Харвардад зочин судлаач, дараа нь Кембрижэд доктор хамгаалсан юм.

Энэ бүх үед түүний оюун санааны өөрчлөлт хэрхэн явагдаж байсныг зохиогч өөрөө нарийн, чадмаг дурсан бичсэн. Миний хувьд ч зохиогч сурч, мэдэж боловсрохын хэрээр харанхуй, мухар сүсэг ,хүчирхийллийг үл зөвшөөрөх болж хэрхэн хүчирхэгжиж байгаа нь энэ номноос үлдсэн онцгой сэтгэгдэл байлаа. Аан нээрээ, бас нэг онцолмоор сэтгэгдэл бол хүүхэд насанд сонсож, харж өссөн бүхэн хүний дотроос тийм ч амархан явдаггүйг түүний болон ах нарынх нь жишээнээс харж байв.Бас хэн нэгний амьдрал зөв тийшээ эргэж, хувь заяанд нь гэрэл гийхэд эргэн тойрны сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэм, нөлөө чухал гэдгийг түүний дурсамжаас уншив. Тара Вестовер хэмээх бүсгүйн анхны ном боловч тэрээр юмыг гүнзгий хардаг, сайн зохиолч гэдгээ харуулжээ.

Зохиогч өөрөө гэр бүлийнхэнтэйгээ үлдэхийг хүсэж, оролдсоор байсан ч тэр хараал идсэн (энэ миний тодорхойлолт шүү) гэр бүлээсээ холдсонд нь би лав маш ихээр баярлав . Яагаад хараал идсэн гэж хэлснийг уншсан хүн л мэднэ дээ.

Ингээд би тэнэг аавыг нь харааж, хүчирхийлэгч ахыг нь үзэн ядаж, энэ бүхнийг хүлцэж байгаа бусдыг нь гайхаж, Таратай хамт баярлаж, өмнөөс нь догдлож энэ номыг сэтгэл хөдлөл дүүрэн уншиж дуусгалаа. Яг энэ цаг үед бидний дунд, тэгээд бүр Америкт сургууль соёлыг эсэргүүцдэг хүмүүс байдаг гэхэд итгэмгүй.

Зохиогч боловсролын үнэ цэнийн тухай эргэцүүлсэн хэсэгтээ ингэж бичсэн байдаг: “Үлэмж олон санаа, олон түүх, олон янзын харах өнцгийг үнэлж цэгнэх чадвар нь өөрийгөө бүтээхүйн цөм гэж итгэдэг болсон минь энэ” гэж.

Номоо дуусгаад би нэг их гүнзгий санаа алдаж аваад Гүүглд бичлээ: Тара Вестовер.

--

--

Батцэнгэл
Цэнгэлийн блог

Хүмүүс, хайр, ном, амьдралын тухай. Бас феминизм.