Зарим хүмүүс яг л ….

by: Dotorhun

Зарим хүмүүс яг л шинэхэн ургацын жүрж шиг. Амтлан идэхэд арааны шүлс асгаран, ярилцсан даруй цээжнээс нэг том зүйл авчих шиг цэнгэг мэдрэмж төрүүлнэ. Зарим хүмүүс яг л түргэн хоол шиг. Идэх үедээ таатай ч, салан явахад дотор хоосорч, уулзсандаа, цаг зав, сэтгэл зүрхээ түүнд зориулсандаа харамсана. Бас зарим хүмүүс яг л бусдын татсан тамхины утаа шиг цагийн аясаар замхран одох бол зарим хүмүүс эгээ л дуусашгүй урт, амттайхан роман шиг сэтгэл хөдөлгөнө. Уншаад уншаад л байх тусам улам түүнд дурлаж, үнэн сэтгэлийг, жинхэнэ мэдрэмжийг, уужуу ухаалаг харцыг түүнээс л мэдэрнэ.

Зарим хүмүүс яг л эвдэрсэн цаг шиг. Хаях хэрэгтэйг нь мэдсээр байж зүгээр л дассандаа дэргэдээ байлгасаар л байвч, нэг л мэдэхэд өөрөө өөрийнхөө хүсэлтээр хогийн сав руу уначихсан байна. Байхгүйд нь ширээний нэг булан эзгүйрэвч сэтгэлээ цэвэрлэж, илүү том, илүү үнэн зүйлд зай гаргасандаа өөртөө талархана. Тэгээд уучилна. Эдгэнэ. Мартана. Инээгээд дурсахад юу ч мэдрэгдэхээ болино.

Зарим хүмүүс яг л хүнд зузаан хаалга шиг. Гэхдээ хичээгээд, хайрлаад дотор нь орчихвол тэнд хамгийн дулаахан. Зарим хүн яг л азын сугалаа шиг. “Ямар азаар учирсан юм бэ” гэмээр, нандигнамаар. Итгэлийг нь жаахан л сэвтээчихвэл үргэн нисээд эргэж ирэхгүй тийм үнэтэй.

Зарим хүмүүс яг л тэнгэр шиг уужуу, шувууд шиг эрх чөлөөт байх бол өөр зарим нь яг л үнсний сав шиг атгагхан, үнсэлт бүр нь хуурмаг байна. “Би”-г ойлгоогүй жаахнаараа атлаа “Би чамд хайртай” гэж хэлэх зарим хүмүүс байх бол өөр зарим нь хамгийн уудам уулс шиг сэтгэлийн гүнээсээ нөмөрлөн дулаацуулж, сэрүүхэн салхи шиг тайтгарал мэдрүүлнэ. Хайрыг балчирхан хүүхдийн тоглоом авах хүслээр биш үнэн сэтгэлийн ухамсраар хүндэтгэн хайрлаж, “Бид” байхдаа ч, “Би” байхдаа ч үнэнээрээ амьдарч, хайрлаж, хамгийн уудамхан сэтгэлээр амьдралаа туулна.

Зарим нь гар дахь бүхнээ өгөөд инээгээд л явчихаж чадах бол зарим нь хорвоо дэлхийн бүхнийг өөртөө шингээх гэж адган, хүсэл хясалдаа хөтлөгдөн нэгэн насыг уй гуниг, өөрийгөө үзэн ядах ядмаг хүслээр барна. Зарим хүмүүс саяхан чанасан кофе шиг сэтгэл сэргээх ч дэндүү удаан хамт байчихвал зүрх дэлсэж, зугтмаар санагдан, хэтэрхий ойртсондоо үргэлж харуусал төрүүлнэ. Зарим хүмүүс амттай чихэр шиг, хорхойтой шүд шиг, хугарсан хумс шиг, хумсных нь будаг шиг, хаяж урагдаж байхдаа таарсан хог шиг байна. Зарим нь чив чимээгүй хэрнээ үнэнээсээ хайрлах бол зарим нь чангаас чанга хэрнээ худал хуурмагаар дүүрэн байх нь бий. Алийг нь хайрлах нь, алинд нь хайрлуулах нь харин бидний л сонголт байна.

Зарим хүмүүс яг л …

by: Dotorhun

2022.12.08

--

--