Намуухан энэ л үдэш…

Дотор хүн

Намуухан энэ л үдэш нэгнээ налан суугаад хамтдаа мөрөөдлөө ярилцах уу? Чиний зүрхэнд дүрэлзэн асаж байсан ч хэзээ ч юм, нэг л мэдэхэд бусдын хүйтэн илчинд царцан унтарсан тэр жижигхэн галыг хамтдаа асаая. Чамд шүдэнз бий юү? Мөрийг чинь дэрлээд мөнхөд удаан ширтээгүй тэр тэнгэрийг би ширтэе. Толгой минь бодлоор дүүрээд тэнгэр ширтээгүй яасан удаа вэ? Чи надад тэнгэрийг сануулаарай. Харин тэнгэрийн алсаас би өөрийнхөө мөрөөдлийг ахин олж хараад бяцхан цучлаас нь гартаа атган чамд авч өгье. Шүдэнз бидэнд хэрэггүй болох ч юм бил үү?

Хамгийн хатуу, хүйтэн, дэргэд нь дааран чичирмээр хүмүүсээс холдон хамтдаа алсын алсад зугтаая. Өнөө орой, маргааш үүрийн таван цагаас, эсвэл таван жилийн дараах энгийн нэг мягмар гарагт… Хэзээ ч яах вэ. Хүсэж л байвал хүлээх надад хэцүү санагддаггүй. Харин чамд? Холын холд ой модон дунд жижигхэн модон байшин бариад хамтдаа гал түлж, дээврийнхээ цасыг цэвэрлэж, усанд явж, мөс хагалж, үдэд дааран сэрж, оройдоо мөрөөдлөө түүгээд түүгээрээ шөлтэй хоол хийж идье. Амттай байх байх даа? “Чи юу бодож байна”, “Чи юу мэдэрч байна”, “Чиний ертөнцөд тэнгэр ямар өнгөтэй вэ”, “Чиний шүүгээнд хэдэн чулуу байгаа вэ”, “Зүрх чинь өвдвөл би хэсэг холдох уу?” Чамаас би юм бүхнийг асуумаар байна.

Намуухан тэр л үдэш хамтдаа тэнгэр ширтэн тэндээс өөрсдийгөө олж харах уу? Модон байшингийнхаа буланд бяцхан савлуур хийгээд шөнөжин тоглоцгооё. Нүдээ анин, гараа савлаж, урт удаан далд хийсэн далавчаа дэвэн нисэх үү? Хэн ч харахгүй юм чинь, хүүхэд шиг гэнэ үү, хэнэггүй гэнэ үү, дүрдээ орчихсон юм гэнэ үү? Бидэнд хамаагүй болчихно шүү дээ. Чи хэн баймаар байна? Чи хаашаа явмаар байна? Чи ойн цоорхой дахь моддын шивнээнийг сонсож байна уу? Үүрээр хамт гарч тэдэнтэй мэндлэх үү? Чи үхлээс айж байна уу? Хамтдаа аймшгийн юм ярих уу? Хэн нь эхэлж нэгнээ тэврэхээ үзэх үү? Би бууж өгөх дургүй шүү. Чи өнөө орой хэнийг уншмаар байна? Чиний бүх хариултыг би сонсмоор байна.

Хүсэж л байвал хүлээх надад хэцүү санагдахгүй ээ. Харин хэр удаан бэ? Үүнд л чи хариулаач.

2024.06.24

--

--