Улаанбаатарт дурлахын тулд …

Үүлсийн дунд Туулын хөвөөнд

Улаанбаатар хот маань бий

Уулзахаар яарсан биднийгээ

Угтан авахаар чимгээ зүүгээ дээ

Улаанбаатарт дурлахад хамгийн тохиромжтой газрыг та мэдэх үү? Хүн алив хот бүхнээс өөрийнхөөрөө гоо үзэсгэлэнг эрж явдагчлан та ертөнцийн нөгөө булангаас хэрэн хэсүүчлэх мөрөөдөлдөө хөтлөгдөн энд ирлээ гэж бодъё. Хүний сэтгэлд аз жаргал аниргүй ирэх хэдий ч сэтгэл тань хөвсөлзөн догдолохтой зэрэгцээд сэвшээ салхи намуухан үлээж, халууцаж улайсан хацрыг тань сэрүүцүүлвэл хэчнээн сайхан. Тэгээд та бид хоёр Улаанбаатарт л байж болох хаа нэг орцны урдах жижигхэн модон сандал дээр суугаад энэ тухай ярилцаж байя гэж төсөөлье. Та надаас “Энд л байж болох хамгийн эгэл даруухан хэрнээ догдлонгуй түүхийг бүтээлцэх аялалд тохирох газрыг нэрлэж чадах уу?” гэж асууна. Танд хариулт өгөхөөс урьтан дараах хоёр хэсгийг хүлцэнэ үү.

Нэг. Энд Норовбанзад Эминем хоёр адилхан

Нэг нь монгол уртын дуучин, харин нөгөөх нь америк реппер. Тэднийг адитгасан энэ шүлгийн мөр надад бүхэлдээ Улаанбаатарыг тодорхойлчих шиг санагддаг юм. Нүд бүлтийлгэж, бусдыг татах чамирхал энд үгүй. Гэсэн ч оршин суугаа сая гаруйхан зүрх бүхний дурсамж дурдатгал өнөө л эгэл боргилхон өнцөг булан, тэнгэр баганадсан биш тэнгэр өөд мацсан эв энгийн 5, 9 давхар цэнхэр байрууд, хамарласан олон гэр хороолол, хашаануудын дунд бий. Тэдгээрийн өрх цонхоос түгэх борцтой халуун хоол эсвэл шинэхэн солонгос хоолны жигт үнэр, чулуу таалцаж байна уу, iphone утсанд бөөгнөрсөн үү гэдэг нь ялгагдахгүй хаа газрын дэггүй жаалууд, барууны брэнд цүнх монгол гэрийн хана туургатай жигтэйхэн хослох сонин зураглал, хавар оройны 9 цагт нар шингэхүйтэй зэрэгцэн хотыг нөмрөх ухаа улбар туяа цасан ширхэгтэй хослоход ирдэг жир бусын тайтгарал энэ хотыг тодорхойлоход бүр ч хэцүү болгоно. Хот шигээ дэндүү амгалан боловч юу руу ч юм яарсаар л байх хүмүүс- хүмүүс шигээ үзэсгэлэнтэй ч хэзээ ч дүүрч, бүрэлдэхгүй ганцаардмал хот.

Улаанбаатарт дурлахын тулд та гэр хороолол, тансаг сууц тийм ч ялгаагүйг мэддэг байх хэрэгтэй.

photo by tumblr

Хоёр. Хуучинсаг гэдэг шинэ

Танд өөрийн мэдэх хамгийн сайхан хайрын түүхийг ярьюу. Энэ бүхний талаар би анх аав ээжийнхээ хуримын зурагнаас олж үзсэн юм. 1986 оны тэр хар цагаан гэрэл зурганд зөвлөлтийн ид моодны тайрмал хар үстэй нүдэнд дулаахан эмэгтэй, түүнээс нэг шатны доор зогссон хэрнээ зурганд чацуу гарсан пинтүү үстэй, албаны хүрэм, өнгө дагуу цүнхтэй залуухан эр дүрслэгдсэн нь бий. Гартаа “Хуримын батлах” барьсан тэд нэгнээ үнсэх байтугай гараа ч хөтлөөгүй нь сонин. Гэхдээ хоёул нүүр дүүрэн инээмсэглэсэн нь магад аз жаргалыг заавал бусдад харуулах албагүйн баталгаа биз. Хуучин цагт хүмүүс ямар ч гэнэн хэрнээ чин үнэнээр аз жаргалтай байсан юм бэ дээ гэж би хааяа боддог юм. Эгээ л энэ мэдрэмжийг минь батлах шиг өдгөө Улаанбаатарын залуус хуучны бүхнээ авч үлдэхээр тэмцэж байна. Шинэ мянгантай зэрэгцэн техник технологи, мэдээ мэдээллийн урсгал дунд өссөн миний үеийн залуус 80, 90-аад оны стилийг даган дууриаж, ээж аавынхаа өмсдөг байсан загварт дурлаж, атар талхаа арав хувааж идээд л жаргалтай сайхан амьдарч байсанд нь бяцхан атаархана. Би л хувьдаа чат гэх гуравхан үсэгтэй харилцааны асар хялбархан хэрэгслээс илүү ил захидлыг нандинд тооцож, интернэтээр хайгаад л сонсчих хөгжмүүдээс илүүтэй эрт цагийн пянзны хяхарсан хэрнээ онцгой чимээнд сэтгэлээ хөглөхийг илүүд үзнэ. Улаанбаатарын залуус өдрөөс өдөрт нэмэгдэх шилэн барилга байшингуудаас тоглоомын талбайгаа харамлаж, цагаан приус машингуудаас дугуйн замаа нэхэж, дурсамжтай нь сүлэлдсэн музейгээ нурсаныг хараад нулимсаа залгиж, багад нь хүний сэтгэл шиг цэв цэлгэр байсан гудамж талбайгаа нэхэн дуурсахдаа өдрөөс өдөрт хэрсүүжиж байна. Хэдэн мянганыг элээсэн барууны буурал хотуудын дэргэд цэл залуухан энэ хот өдрөөс өдөрт хөгжиж буй мэт боловч урьдын гэсэн сайхан бүхнээ авч үлдэхээр чадахаараа зуурсан нь энэ бизээ.

Улаанбаатарт дурлахын тулд та дурсамжаа хайрлаж чаддаг нэгэн байх хэрэгтэй.

photo by @u5.photography

Биднийг байрны урд бүхээгт хүүрнэлдэх зуур Улаанбаатарын гудманд үдэш хэвийж, харанхуй наашилж байна. Эв энгийн гоёл зүүсгэлгүй ижий шиг минь үзэсгэлэнт наран шингэж, маргааш дулаахан өдөр болох нь. Яг л энэ байрны урд талаас гараад хэдхэн цаг яваад л хүрчих уул мод, байгал ус ертөнцийн хаана ч байж болох эв энгийн хэдий ч нүдээ аних бүртээ нандигнан дуурсаж болох дулаахан дурсамжийг бүтээлцэхийн тулд бид нэг нэгнээ эрж хайж, олсондоо баярлаж, догдолж, бас хагацахдаа шаналдаг ч юм билүү. Тэгээд би танаас “Энд л байж болох хамгийн эгэл даруухан хэрнээ догдлонгуй түүхийг бүтээлцэх тийм аялалд тохирох газрыг нэрлэж чадах уу?” гэж асууна. Та харин чимээгүйхэн инээмсэглэх бизээ.

--

--