Хайр сэтгэлд итгээрэй, найз минь

Marc Chagall, Over the Town, 1913

Хайр сэтгэлд итгээрэй. Жинхэнэ. Чин сэтгэлийн. Үнэн. Үүрдийн. Өөр юунд ч итгэлээ нурааж, урам хугарч, зүрхээ зүсүүлсэн бай, намуухан зөөлөн, догдлолоор дүүрэн, дур булаам хайранд л итгэсээр байгаарай. Анх үзэхэд мэдрэгдсэн догдлол нь одоо ч чиний сэтгэлд хадгалагдсаар буй тэр кино шиг, чиний ганцаар үдшээр уншаад хайрлан бишрэхдээ тэврэн авсан тэр зузаан роман шиг, сонсох бүртээ сэтгэлдээ нэг л хүнийг төсөөлөн хэнд ч биш өөртөө л зориулан инээмсэглэсэн тэр л дуу шиг дулаахан, бас цор ганц хайр бий гэдэгт итгээрэй.

Чамайг нуран унахад хамтдаа нуран унасан ч хамаагүй дэргэд чинь байх сонголтыг л хийж чадах хайр байдагт итгэсээр байгаарай. Бүдэрч унаад босох гэж агаар самгардахад хамгийн дулаахан атгалтаар тэврэн босгох нэгэнд бийд итгээрэй. Тэгээд чи ч бас өөрөө түүний дэргэд л байвал бүх зүйлийг давна, түүний гараас итгэл дүүрэн атгаж чадахаа санаарай.

Эргэлзээгээр дүүрэн, авах хүслээр шунамхай, өнгөн талын гоо үзэмжийг чухалчлах хүмүүүсийн дунд чиний л итгэдэг тэр л жижигхэн гэрэл гэгээнд итгэдэг нэгэн амьдардаг тухай бодоод үзээрэй. Тэр жижигхэн гэрэл бол итгэл, хайр, чин үнэн, хайрлах зориг. Чиний үнэ цэн. Хугарч унахад дэндүү эмзэг тэр л итгэлээ чамтай эн зэрэгцэн ирээгүй хүмүүсээс харамлахдаа итгэл дүүрэн орхин явж чадна гэдгээ санаарай. Итгэл хамгийн сүүлд бөхдөг болохыг ч өөртөө сануулаарай.

Чамайг өнгөцхөн биш, бусдад харагддаг байдлаар нь биш, бардамнан өмчлөх шуналаар ч биш, гагцхүү чамайг болохоор л хайрлах нэгэн чамтай л адилхан агаараар амьсгалан буйдхан хотын нэгэн буланд инээмсэглэн зогсоог төсөөлөөрэй. Чамайг шөнөөр бодолдоо дарагдан ганцаардан суухад тэр ч бас энэ л зүйлийн тухай мөрөөсөл болон чамайг ч бас хайсаар байгааг мэдрээрэй. Нүдээ анин, сэтгэлдээ урин дулааныг мэдрэхдээ түүний сэтгэлд ч өнөөх жижигхэн гэрэл гал цог мэт асан, та хоёр нэгнээ олох тэр л мөчид чухам юуг тэгтлээ их хүсэн хүлээж, эрэн хайж, юуны төлөө эцсийн мөч хүртэл итгэсээр байснаа бүх зүрх сэтгэлдээ мэдрэх болно. Үүнд л итгэсээр байгаарай.

-Дотор хүнээс нь

--

--