Хан Ган “Миний эмэгтэйн жимс” өгүүллэг

БНСУ-ын зохиолч Хан Ганы “The Fruit of My Woman” өгүүллэгийг хүргэж байна.

1.

Тавдугаар сарын сүүлчээр би эхнэрийнхээ биен дээрх хөх няцыг анх олж харсан юм. Орцны жижүүрийн дэргэдэх цэцгийн мандал дундах голт борын дэлбээ эгээ л тасар татуулсан хэл мэт дэлбээ юугаа дэлгэн, ахмадын төвийн үүдний хучмал хавтангууд үнгэгдэж гишгэгдсэн цэцэгсийн цагаан дэлбээнд хучигдсан байв. Нар орой дээр шахуу гарчээ. Боловсорч гүйцсэн тоорын өнгөт нарны элч зочны өрөөний шалан дээр тусахуйяа үй түмэн тоос тоосонцор агаарт гэрэлтэнэ.

Эхнэр бид хоёр ням гарагийн өглөөний сонин унших зуур цагаан хантаазны араар нарны таатай дулаан илч ээлээ. Өдөр хоног хэдэн сарын турш хэрхэн өнгөрсөн, тэр л залхуутай янзаараа урагшилж байв. Би амралтын өдрөөр орондоо баахан хулжаах агаад хэдхэн минутын өмнө нойрноосоо дөнгөж сэрээд байв. Хэвтэнгээ бадайрч сулбайсан үе мөчөө сунган тухалж, урдах хэвлэл рүүгээ зугуухан нүд бэлчээнэ.

“Хар даа. Энэ хөх няц яагаад арилахгүй байгаа юм бол?”

Түүний үг чимээ аниргүйг гэнэтхэн эвдсэнд би тэр дор нь ойлгосонгүй. Эхнэр өөд алмайран хараад биеэ цэхлэн урагш суулаа. Уншиж байсан хуудсаа хуруугаараа тэмдэглээд, гарынхаа алгаар нүдээ нухчлав. Эхнэр цамцаа хөхөвч хүртлээ өргөхөд нуруу гэдэс нь тэр чигээрээ тодоос тод хөхөрсөн байв.

“Яачихсан юм бэ?”

Бүсэлхийгээр нь шагайхад банзлынх нь цахилгаан даган нуруу хаа нь нилдээ харагдав. Нярай хүүхдийн нударган чинээ цэгээн хөх толбо саяхан дуссан бэх мэт илхэн.

“Яагаа вэ?” Миний арга ядсан чанга дуу манай арван найман пёнг* гэрээр нэг цуурайтав.

* пёнг — 3.3 квадрат метртэй тэнцэх солонгос талбайн нэгж

“Мэдэхгүй ээ… Санаандгүй юманд цохичхов уу гэтэл арилдаггүй. Улам томроод…”

Эхнэр буруу зүйл хийсэн жаал шиг өөдөөс бүлтгэнэв. Түүнийг загнасандаа гэмшин дуу аядлаа.

“Өвдөж байна уу?”

“Огтхон ч үгүй. Хөхөрсөн хэсэгтээ юу ч мэдрэхгүй. Тэгэхээр бүр илүү санаа зовоод байх юм”

Түүний гэмшсэн төрх хормын дор замхарч, оронд нь эелдэг дулаахан инээмсэглэл тодров. Эмнэлэгт очихыг асуухад түүний уруул дээр мөнөөх инээмсэглэл тодорсон хэвээр. Эвгүйхэн эл явдалд тавгүйрхэхдээ эхнэрийнхээ өөдөөс хүсэл үл татах хүйтэн харцаар шалгаасанд, нүүр тулсан тэр төрх бүр ч харь хөндий санагдаад явчхав. Дөрвөн жил шахуу хамт амьдарсан улс бус үл таних хүн, хуурмаг дүр ч юм шиг.

Надаас даруй гурваар дүү эхнэр тэр жил хорин ес хүрээд байв. Гэрлэхээс өмнө гадуур хамт явахад сургуулийн охин гэж андуурмаар даанч жаахан харагддаг байж билээ. Гэнэн томоогүй бүлтгэр нүд нь өдгөө ядарч цуцан цүлхийжээ. Одоо түүнийг сургуулийн сурагч байтугай их сургуулийн оюутан гэж эндүүрэх нь юу л бол. Юутай ч тэр наснаасаа ч овортой харагдах болжээ. Боловсорч гүйцээгүй алим шиг ягаа татдаг хацар нь эгээ л ховхолсон шавар шиг хөнхийн сааралтана. Амтат төмсний суулгац шиг уяхан зөөлхөн бэлхүүс, дур булаан мугуйрах ташаа хаа нь өрөвдмөөр хорчийжээ.

Би эхнэрийгээ хамгийн сүүлд хэзээ нүцгэнээр нь харснаа санах гээд чадсангүй. Тэр жилдээ лав үгүй, жилийн өмнө ч харсан эсэхээ хэлж түвдэхгүй нь. Харин одоо сайн харахуйц гэрэлтэй болж эхэллээ. Хамт амьдарч буй цор ганц хүнийхээ биен дээрх ийм гүн гүнзгий хөх няцыг анзааралгүй өнгөрч яахин чадав аа? Нүдийг нь тойрсон гүнзгий үрчлээсийг тоолох зуураа “Хувцсаа тайл” гэв. Тураад хэрзийсэн хацрын яс нь ичингүйрэн ягаараад, эсэргүүцэх аядлаа.

“Хүн харчих юм биш үү?”

Цэцэрлэгт хүрээлэн юм уу, машин зогсоол руу харсан орон сууцуудыг бодвол манай тагт зүүн талын төв зам өөд хардаг юм. Хамгийн ойрын орон сууцны барилга дор хаяж гурван гудамжны цаана, төв зам болон Чуннанг голоор тусгаарлагдсан тул өндөр хүчин чадалтай дуран авиагаар л шагайдаггүй юм бол хэн ч биднийг харах боломжгүй ээ. Зам дээр хурдтай явж буй машинууд дотроос хэн нэгэн зочны өрөөг харах нь юу л бол. Тиймээс би эхнэрийнхээ үгийг зүгээр л ичсэндээ биз хэмээн бодов. Дөнгөж хуримласан үедээ бид хоёр амралтын өдрүүдээр наймдугаар сарын бүгчим халууныг намжаахаар нэг давхрын тагт руу гарах шилэн хаалга болон цаад талынх нь цонхыг томоос том нээчхээд, яг л энэ унтлагын өрөөндөө ядарч туйлдан унацгаах хүртлээ өдрийн цагаар хэдэнтээ загас наадуулж, хэн хэнд нь шинэхэн байсан тэр л үйлийг эв хавгүйхэн хийцгээдэг байв.

Жил гараны дараагаар бидний хайр сэтгэл илчээ алдан, анхны өдрүүдийн тэрхүү гал халуун сэтгэл аажим аажмаар замхарсан билээ. Эхнэр эрт гэгч нь орондоо орж, хэвтэв үү үгүй юү гүн гэгч нь бөх нойрсоно. Оройтох үед тэр “зоолттой” унтаж байна. Би үүдний хаалгыг түлхүүрдэн ороход хэн ч угтахгүй агаад гараа угаан, харанхуй унтлагын өрөөнд ороход эхнэрийн жигдхэн амьсгалах нь хүртэл надад үгээр хэлэмгүй орь ганцаар мэдрэмж төрүүлдэг байв. Ганцаардлаа үргээх гэсэндээ түүнийг тэвэрвэл нүдээ хагас нээн, өөдөөс нойрмогхон харах бөгөөд чухам тэврэхэд дургүйлхэж байна уу, эсвэл халуун дулаанаар хариу өгч буйн аль нь болохыг би ялгаж үл чадна. Тэгээд намайг унтан унттал чимээгүйхэн хуруугаараа үс илнэ.

“Бүр үү? Бүгдийг нь тайлах юм уу?”

Эхнэр нулимсаа тэвчих мэт нүүрээ үрчийлгэснээ дөнгөж тайлсан дотуур хувцсаа бөөрөнхийлөн нуудгай хэсгээ хаан ядна.

Түүний нүцгэн бие хаврын наранд бүрэн илчлэгдэв. Түүнийг хараагүй үнэхээр уджээ.

Сэтгэл хөндөх өчүүхэн ч хүсэл төрсөнгүй. Өгзөг үл барам өвчүү шилбийг нь даван, гуя хааных нь дотуурх цагаан мах шаравтар ногооноор няцарсан буйг хараад эрхгүй дотор бачууран хилэн төрж, базан авах гэж татвалзавч, тэр даруй жир бусын уй гуниг төрөөд явчхав. Унтаад сэрэхийнхээ завдалд үдшээр нойрмогхон гудамжаар алхаж байснаа ч мартчихаж мэдэхээр ухаан санаагаа туйлын амархан алдчихдаг энэ эмэгтэй гэнэхэн явж байгаад машины урдуур орсон ч юм уу, байрныхаа харанхуй шатаар уруудаж байгаад хөл алдчихсан ч байж мэднэ шүү.

Хавар сүүлчийн нарны илч нурууг нь ээхүйеэ, ичимдэг хэсгээ далдлан зогсох эхнэрийнхээ биеийг ийн харсандаа алмайрсан би бээр эмнэлэг явахыг л ятгахаас өөрөөр хэлэх үг үл олдон, урт удаан хугацаанд мэдрээгүй дэндүү хөөрхий, ичмээр, уймран гашуудмаар уйтгар гунигт автлаа. Түүний чөрийсөн туранхай биеийг өөртөө наан тэвэрлээ.

2.

Удахгүй эдгэчих байлгүй гэж би өөртөө итгүүллээ. Бодолдоо итгэсэндээ л хаврын тэр өдөр эхнэрийнхээ ясан хэдрэг биеийг тэврэнгээ “Өвдөхгүй байгаа юм чинь удахгүй арилчих нь даа. Анх удаа л ингэж байгаа биз дээ?” гэсэн юм. Зэмлэсэн үгээ чанга инээдээр зөөлрүүллээ. Зуны эхэн сарын шөнийн бүгчим салхи агч модны давирхайт навчсыг шүргэсхийн, харанхуй дунд цусан нүдэт гудамжууд нүд цавчуулан гэрэлтэнэ. Бүрийн үеэр оройн хоолоо идэцгээх зуур өөдөөс харан суусан эхнэр халбагаа тасхийн унагаалаа. Өнөөх хөх няцыг нь би нэгэнтээ мартсан байв.

“Хмм, сонин юм даа… Хар даа”

Богино ханцуйнаас нь цухуйх хэрзийсэн гарыг нь хармагцаа эхнэрийнхээ цамц, хөхний даруулгыг хурдхан тайчив. Буцаан өмсүүлэх зуур тэр аяархан ёоллоо.

Ноднин хаврын нярайн нударган чинээх хөх няц нь одоо томхон таро навчны дайтай болон, дээгүүрээ харлан хүнхийжээ. Цонхийсон ногоон навчис нь зуны эхээр хөхөрчихдөг ужгар уд мод лүгээ болжээ. Гар салгалан танихгүй хүний биед хүрэх мэт эхнэрийнхээ хөхөрсөн мөрийг илбэлээ. Ийм аймар хөхөрсөн юм чинь ямар их өвдөж байгаа бол?

Одоо бодохнээ тэгэхэд эхнэрийн нүүр хар тугалгатай усаар дүүрсэн мэт хөхрөн цийлэлзэж байж. Урьд нь гялалздаг асан үс нь улаан луувангийн хатаасан навчис шиг юу юугүй нь тасрах нь. Нүднийх нь цагаан нял хөхөөр туяаран, тас хар хүүхэн хараанд нь бэхэн цус татаж, нүд нь чийгтэн гялалзана.

“Би яачихсан юм бол оо? Байсхийгээд л нарламаар… нар харав уу, үгүй юу бүх хувцсаа тайчин хаямаар! Цаанаасаа л хүсээд байх юм.”

Эхнэр босон зогсоод хувхай цайсан нүцгэн биеэ хэзээ язаанаас ч тодхон харууллаа. “Уржигдар би хүн харчихна ч юм уу, нуугдана гэж огт бодолгүйгээр тагтан дээр шалдан гараад угаалгын машины дэргэд зогссон. Ухаан солио эмэгтэй шиг!” Би суусан чигээрээ эхнэрийнхээ эцэнхий цээжин бие наашлан дөхөхийг ажиглан, сандарсандаа гар дахь савхан дээгүүрээ хуруугаа гүйлгэлээ. “Хоол ч орохгүй юм. Жирийн үеэсээ илүү их ус уумаар… Өдрийн турш аяганы тал будаа ч барахгүй нь. Идэхгүй байхаар ходоодны хүчил ялгарахаа больсон болтой. Хүчлээд идлээ ч шингээж чадахгүй буцаагаад гаргачих юм.”

Тэр уяа нь алдуурсан нохой шиг миний өвдөг дээр сөхрөн унаж, нүүрээ гуяанд булхав. Уйлж байл уу? Миний бэлтгэлийн өмдний доохно дулаахан толбо чийгтэн үлджээ.

“Өдрийн хэдэнтээ бөөлжих ямар гэж санана? Яалт ч үгүй хатуу гадаргуу дээр зогсож байгаа хэрнээ л толгой эргэх шиг, босон зогсож чадахгүйгээс бөгтийхөөс аргагүй. Баруун нүдийг өрмөөр цоолох аятай толгой хатгуулна. Мөр вандан шиг хөшиж, зам дагуух моддын үндсийг хучин асгасан шар хүчил арааны шүлс асгаруулах юм.”

Унтраалттай чийдэнгээс шавжийн амь тавин гаслах чимээ сонстохуйяа, нуруундаа каталпа навчин чинээ хөхөрсөн эхнэрийн ёолох чимээ дарагдав. Түүний өөдөөс харан “Эмнэлэг яв. Маргааш шууд дотор өвчний тасаг яваадах” гэлээ. Нойт даан цоохортсон царай нь ёозгүй гэж. Эхнэрийнхээ хугаран уначихмаар хэврэгхэн үсийг нь илбэнгээ өөдөөс нь ярзайн инээмсэглэлээ. “Болгоомжтой яваарай. Ахиад бэртүүзэй. Унаж бүрдэн, мөргөөд явдаг жаал биш дээ”

Эхнэрийн нойтон царай төрх чичвэсхийн инээмсэглэхэд уруул дээр нь ширхэг нулимсан дусал бөнжгөнөн тогтоод урсан одов.

3.

Тэр ийм амархан уйлчихдаг бил үү? Ийм хүн бишсэн. Анх уйлж буйг нь харахад тэр 26 настай байв. Залуухан охин байхдаа инээд муутай гэж жигтэйхэн, аядуухан зөөлхөн ярих хэр нь чанга чанга инээд алдана. Залуухан төрхтэй нь нийцэж өгдөггүй намуухан хоолой нь анх удаа л чичивхийлэн “Санггёо-донгийн өндөр байшингуудыг үзэн ядаж байна” хэмээв.

“Дотор нь хатаж үхэх мэт долоон зуун мянган хүн нэгэн дор шавчихсан. Зуу зуу, мянга мянган адилхан барилга, адилхан галт тогоо, адилхан хана тааз, адилхан жорлон, адилхан ванн, адилхан тагт, адилхан цахилгаан шат, адилхан зогсоол, адилхан амралтын талбай, адилхан дэлгүүр, адилхан гарцуудыг ч бүгдийг нь үзэн ядаж байна”

Эхнэрийнхээ хэлж буй үгсийг бус хоолойных нь өнгийг чагнан сонсоод “Юунаас болоо вэ?” хэмээн би уйлагнасан хүүхдийг аргадах мэт хэллээ. “Хүмүүс нэгэнтэйгээ ойрхон амьдрахад юу нь болохгүй гэж?”

Түүний нүд рүү эгцлэхэд яагаад ч юм төрх нь улам ширүүссэн мэт санагдав. Нүд нь тодрон гялалзана.

Би хэзээд хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт өрөө түрээслэх гэдэг юм. Үргэлж дүүрэн хүн холхиж, гудамж талбайд нь дуу хөгжим цангинан, зам дээгүүр нь машинууд бужигнан дохио юугаа хангинуулсан газруудад л амьдарч байсан. Өөрөөр байж чаддаггүй юм. Ганцаараа байхыг тэвчиж үл чадна. Эхнэр нулимсаа нудран арчих ч нүүрийг нь дагуулан нулимс нь тасралтгүй урссаар байв.

“Би ужирсан өвчнөөр үхэж байх шиг байна. Арван гурван давхраас буун гадаа гарч ч дөнгөхгүй нь.”

Олон давхар орон сууцанд нүүн ирсэн эхний жил эхнэр байсхийгээд өвддөг байв. Сөүлийн уулархаг дүүргийн байгальтай ойрхон түрээсийн өрөөндөө дассан түүний бие төвлөрсөн халаагууртай, бив битүү байранд дасан ядна. Төд удалгүй хамаг цог золбоо нь барагдан, багашаархан хөлсөөр ажилладаг хэвлэлийн газар руугаа очихын тулд өдрийн нэгэнтээ эгц энгэр даган шогшихоо ч болив.

Ажлаасаа гарсан нь зөвхөн гэрлэснээс болоогүй ээ. Яг гарсных нь дараа ч бил үү, нэг их удаагүй үед нь би гэрлэх тухай ам нээсэн юм. Тэр гэрлэлтэд сарын цалин, даатгалын мөнгөө цааш хийн, амралтын өдрүүдээр цагаар ажиллан гадагш явахаар хураасан бүхий л мөнгөө үрж барав.

Ахлахдаа халагдах өргөдөл өгдөг өдрийнхөө орой “Явж цус сэлбүүлмээр байна” гэлээ. Тэр судсыг нь уйланхай мэт бөглөсөн муу цусаа сэлбэн, ядарч туйлдсан уушгиа цэвэрлэхийг хүсэж буй гэв. Эрх чөлөөтэй амьдарч, эрх чөлөөтэй үхэхийг багаасаа мөрөөдөн, одоо хараахан тэр цаг нь болоогүй тул хойшлуулж байгаа ч мөрөөдлөө биелүүлэх дайны мөнгө хуримтлуулсан гэдэг байв. Эхлээд явах улсаа сонгоод, тэндээ зургаан сар орчим амьдраад, дараа нь нүүхээр төлөвлөжээ. “Үхэхээсээ өмнө л явмаар байна. Аль чадах холын хол руугаа яваад дэлхийн зах хязгаарыг харахсан” гэж хэлээд аядуухан мишээж билээ.

Гэвч эцэстээ тэр дэлхийн гудаа булан руу бус энэ байранд, хуримын зардалд тачирхан мөнгөө үрэн таран хийсэн юм. Тэгээд товчхон ганц өгүүлбэрээр надад учир начрыг бүрэн ойлгуулав. “Чамаас салж чадахгүйдээ л тэр”.

Түүний мөрөөдөл, эрх чөлөөний төлөөх мөрөөсөл нь чухам хэр үнэн байв аа? Ийм амархан татгалзаж буйгаас нь би тийм ч их гэж хэлэхгүй ээ. Хийсвэрлэл, романтик бодол төдий эл төлөвлөгөөнийх нь дэргэд хүүхдийн зохиосон саран дээр газардах төлөвлөгөө хувь илүү хэрэгжихүйц байлаа. Хожим нь тэр өөрөө ч үүнийг ойлгон ухаарч, чухам үнэн гайхалтай дүгнэлт хийсэндээ би өөртөө чамгүй бахадсан билээ.

Эхнэрийгээ тагт руу харсан шилэн хаалганд хацраа хаан, хатаж хорчийсон байцааны навч шиг мөрөө унжуулан хурдтай явж буй машинуудыг ширтэн зогсоог нь хараад байнга шахуу өвчин ороодгийг нь мэдэх хэрнээ л зүрх шархирлаа. Асар том төмөр бөмбөг дүүжлээстэй үл харагдах гинжинд ороогдоод, үл үзэгдэх хоёр гараар мөрөө хавчуулсан мэт анир чимээгүй зогсох түүний бүдэгхэн амьсгал л амьд оршихуйг нь батлахаас өөрөөр үл хөдөлнө. Шөнө дунд юм уу, өглөө үүрээр эзгүй гудамжаар хаа нэг өнгөрөх такси, мотоциклийн дуугаар эхнэр уулгалж цочин сэрнэ. Тэгээд “Машин биш зам хурдалж байгаа юм шиг. Байр тэр чигээрээ замаар урсах шиг” гэнэ. Хөдөлгүүрийн чимээ цаашлан нойр нь сэргэсэн ч дур булаам төрх нь цайран цонхийсоор хоцордогсон.

Нэг шөнө эхнэр зүүдлэх аятай сөөнгө хоолойгоор сонстохгүй шахам “Хаанаас ирчхэв ээ… хаашаа яваад байнаа” гэж билээ.

4.

Маргааш орой нь үүдний хаалгыг нээн гэртээ ороход хонгилоос ирэх хөлийн чимээг сонссон бололтой эхнэр угтан ирлээ. Ойр зуур тэр бүр авдаггүй хөлийн хумс нь хувхайран цайгаад хөл нүцгэн зогсож байв.

“Эмч юу гэж байна?”

Хариу дуулдсангүй. Гутлаа тайлахыг минь чимээгүйхэн ажиж байгаад хацартаа наалдсан сул үсээ чихнийхээ араар хийв.

Түүний царайг би төсөөллөө. Бид хоёр хэзээ, хэрхэн анх танилцсан, манай ажлын эр биднийг уулзуулаад хоёуланг минь үлдээхэд бий болсон нам гүм, тэгэхэд ирээдүйн эхнэрийн минь царайнд тодорч асан нууцлаг төрх хэчнээн дургүй хүргэснийг би дурслаа. Түүний харц хаа нэгтээ холын хол л тогтож ядах шиг санагдаж билээ. Халтихан харахад гэгээ татсан, дур булаам тэр төрхөөс хэн хүний анзаарч үл харам ганцаардал олж хараад огт өөр хүн мэт надад санагдсан бөгөөд хормын төдий л намайг ч бас ойлгох шиг болсонсон. Үүгээр үл барам, чинхүү бодол болон уусан архиндаа хөлчүүрхсэн би нэгэн насны ганцаардлаа түүнд хэлчихсэн юм. Өнөө эхнэр минь болсон тэр хорин зургаатай бүсгүй тэгэхэд яг л саяных шигээ хүйтэн, хов хоосон төрхөөр надаас харц буруулсан билээ.

“Эмнэлэг явсан биз?” Эхнэр толгой дохих аядав. Тавгүй байдлаа нуух гэсэндээ нүүр буруулсан уу, эсвэл би буруудчихав уу? “Алив ээ, хэл л дээ. Эмч юу гэнэ?”

Тэр үг хэлэхээс илүүтэйгээр амьсгал авах төдий “Зүгээр гэсэн” хэмээхэд хоолой нь аймшигтайяа сулхан сонстов.

Би анх түүний хоолойнд дурлаж гүйцэж билээ. Утгагүй зүйрлэл байж мэдэх ч, түүний хоолой эгээ л хамгийн чухал зочдоос өрөөл бусдад тэр бүр үйлчлээд байдаггүй, зөвхөн хамгийн сайхан аяганд хамгийн сайн цайг л гүцлэн ууж баймаар нямбайлан зүлгэсэн цайны ширээг сануулсан юм. Шөнө нь тэр надад огтхон ч бухимдалгүйгээр, бахь байдаг зүйлийг л хэлэх шиг “Би бүхий л амьдралаа нэг газраас үл хөдлөн өнгөрөөхийг хүсэж байна” гэв.

Дараа нь би түүнд ургамлын тухай ярьж өгөв. Тагтан дээр том том цэцгийн савтай маалинга, ногоон шанцай байна гэж би зүүдэлсэн юм. Зундаа маалингын навчин дээр цасан ширхэг шиг бяцхан цэцэгс дэлгэрч, зуухны өрөөнд буурцгийн нахиа ургахыг түүнд хэллээ. Ургамлын тухайх эл ярианаас бид хоёрын бодол хэчнээн зөрүүтэйг ойлгох мэт эхнэр над өөд тээнэгэлзэнгүй хараад инээхчээ аядав. Гэмгүйхэн инээдийнх нь ул мөрийг үгүй хийхгүй гэсэндээ би “Би бүх насаараа ганцаардсаар ирсэн” хэмээлээ.

Гэрлэснийхээ дараа ярилцаад тагтан дээрээ савтай цэцэгс тавьсан боловч бидний хэн хэнд нь ургамал ургуулах авьяас тийм ч их заяасангүй ээ. Тогтмол усалгаа шаардахааргүй хамгийн бүдүүн хадуун ургамал хүртэл ургаж шалихгүй хатаад үхчихнэ.

Манайх нэлээд дээд давхарт тул газрын дулаанаас хэтэрхий холдоод ургамлууд үхээд байгаа гэж нэг хүн хэлэх бол өөр нэг нь агаар ус муутайгаас гэнэ. Бүр амьд ургамлыг ургуулъя гэх итгэл сүсэггүйгээс ургахгүй байгаа гэсэн удаатай. Дэгсдүүлж байдаг шүү. Эхнэр минь ургамлуудыг ургуулахаар чин сэтгэлээсээ арчилж тордож, тэр хэрэндээ илүү ихийг хүлээсээр. Өргөст хэмх, маалингын навч хатчихвал өдрийн тал сэтгэлээр унаж, амьтай голтой байвал өдөржин дуу аялан баясна.

Ямартай ч, өдгөө манай тагтан дээр дөрвөлжин цэцгийн савтай хуурай хөрснөөс өөр юу ч алга. Өнөөх баахан үхсэн цэцгүүд хаачсан юм бол? Борооны хүйтэн дуслуудаар чийглэх гэсэндээ цэцгийн савуудыг тавцан дээр тавьж асан эрт залуугийн тэр л бороот өдрүүд хаачаа вэ?

Эхнэр над өөд эргэн “Хоёулаа хаа нэгтээ явъя” гэж билээ. Бороонд норсон навчис нь өнгө орон жавхааждаг ургамлаас ялгаатай нь эхнэр минь улам бүр сэтгэлээр унан хатаж байлаа. Шанцайны навчин дээр бороо дусгахгүй гэсэндээ гараа сулбайлган бороон дуслыг тосонгоо “Боож үхмээр энд амьдарч чадахгүй нь. Нус шүлс шиг харлайсан бузрын бороо!” гэлээ. Нүд нь надаас хариулт нэхэх шиг. “Ингэж ч амьдрах гэж!” хэмээн согтуу хүнийх шиг дайсагнан зэвүүцсэн хоолойгоор нулимав. “Бүр илжирчихсэн! Юу ч ургахааргүй байгаа биз дээ? Хатаж үхмээр, дүлий таталсан газар… шорон орон гэлтэй! Тэвчишгүй нь.”

“Хатлаа гэнэ ээ?” Шинэхэн аз жаргалыг минь бүдээн баараг няцаан, сэтгэлдээ тээсээр ирсэн зовлон шаналлаа үг болгон над өөд цавчлаж буйг нь би тэвчиж дийлсэнгүй. “Хэл л дээ.” Алгандаа тоссон борооны усаа цацлан эхнэрийнхээ мөрөн дээгүүр гараа тавилаа. “Юу нь хатаж үхмээр байна? Юу нь дүлий татлаад байна?”

Эхнэр цочисхийн гараа нүүрэндээ наагаад чимээгүйхэн гиншиж гарлаа. Борооны хүйтэн ус тагтны цонх даган урссаар миний нүүр рүү асгарна. Цонхны тавцан дээрх цэцгийн сав цохигдон газарт унахдаа эхнэрийн хөлийг ирмэглэн зүсэж орхив. Түүний нүцгэн хөл, хувцсыг барзгар шавар, бөөгнөрсөн шороо бялдлаа. Тэр бөхийн, зүсүүлсэн хөлөө хоёр гараараа барин доод уруулаа хазална.

Намайг уурлах юм уу, дуугаа өндөрсгөхөд уруулаа хазалдаг нь түүний гэрлэхээс ч өмнөх эртний дадал билээ. Уруулаа хазлаад бодол нь цэгцэрсэн мэт миний хэлсэн бүхэнд дэс дараатай хариулан, тайван бөгөөд цэгцтэйгээр бодлоо хэлж эхэлдэгсэн. Гэвч тагтан дээрх эл ослын дараа тэр уруулаа хазлахаас өөрөөр надад хариу хэлэхээ болив. Түүнээс хойш бид ахин маргалдаагүй билээ.

“Эмч санаа зоволтгүй гэсэн үү?” Би ядарч туйлдан, уймран ганцаардаж байлаа. Гадуур хүрмээ тайлахад эхнэр надаас авсангүй.

“Оношлох өвчин олдоогүй ээ” гээд тэр нүүрээ бурууллаа.

5.

Эхнэр үлдсэн сулхан хоолойгоо бага багаар алдаж эхлэв. Өөртэй нь ярих гэхгүй л бол дуугарахаа больж, толгой сэгсрэх, дохих төдийхнөөр хариу өгөх болов. Хариулахыг шаардан дуугаа өндөрсгөвөл нүд нь хий хоосон холыг ширтэн, тэр гэхийн тэмдэггүй хариу үзүүлнэ. Өдрийн чийдэнгийн бүдэг гэрэлд ч түүний царай цагаас цагт муудаж буй нь илхэн. Эмч оношилж чадаагүйгээс үзвэл дотрын өвчин бус энгийн нэг сэтгэл хямрал байлгүй. Гэвч тэр юунд тэгж их түгшиж зовно вэ?

Өнгөрсөн гурван жил миний амьдралын хамгийн дулаахан таатай он жил байлаа. Ажилдаа тийм ч их татвар төлөхгүй, байрны түрээс нэмээд байхааргүй түрээслэгчтэй болсон нь аз болж, шинэ байрныхаа зээлийг бараг л төлчхөөд байв. Гойд сэтгэл татам биш ч, бас ч гэж өөрийнхөө хүсдэг шиг эхнэртэй болж, ванн дүүрэн бүлээн усанд ядарч цуцсан биеэ амраах мэт үнэхээр л сэтгэл ханамжтай он жилүүд байлаа. Тэгэхээр эхнэр юунд зовно вэ? Хэрэв үнэхээр нэг зүйлд адган тэмүүлж байсан бол хэрхэн яагаад ийм мэдрэлийн өвчин болтлоо бугшин хүндэрснийг би яагаад ч ойлгож чадсангүй. Энэ эмэгтэй намайг ингэж их ганцаардуулах эрхтэй гэж үү? Ийн бодох тоолонд зэвүүцэл төрөн, сэтгэл дотор өнө эртний тоосон давхарга бий болох мэт хөндийрхөл мэдрэгдэнэ.

Дараах ням гарагийн өглөө нь би гадагшаа долоо хоног ажлаар явахынхаа өмнө эхнэрийг тагтан дээр угаасан хувцсаа сэгсэрч байхыг харлаа. Одоо түүний гар тэр чигтээ, арьсных нь цагаан хэсэг нь хүртэл хөхөрч, хөхөрсөн дагуу нь жижигхэн цагаан толбууд туурчээ. Амьсгалаа түгжлээ. Түүнийг хоосон угаалгын сагсаа зочны өрөөнд авчрах зуур би замыг нь хаан зогсоод хувцсаа тайлахыг шаардлаа. Тэр эсэргүүцсэн ч цамцыг нь шудартал мөр нь тэр чигтээ бараан хөх өнгөөр будагдсан байлаа.

Би гуйван ухарч түүний бие рүү цоо ширтлээ. Түүний суганы өтгөн үснийх нь тал нь шахуу унаж, зөөлхөн бор өнгөтэй байсан хөхнийх нь толгойн өнгө ууссан мэт алга болжээ.

“Ингээд байгаад байж болохгүй. Ээж рүү чинь ярилаа”

“Хэрэггүй ээ, би өөрөө ярья.” Хэлээ зажлах мэт хоолой нь ээдрэн яаран ориллоо.

“Эмнэлэгт үзүүл, за юу? Арьсны эмчид үзүүлээдэх. Аа, үгүй. Төв эмнэлэг яв” гэхэд тэр дуугүйхэн толгой дохилоо. “Хамт явах завгүйг мэднэ дээ. Чи өөрөө явчихна биз?” гэхэд тэр ахин толгой дохив. “Алив ээ. Ээж рүүгээ яриарай.” Эхнэр уруулаа нийлүүлэн толгой дохив. Толгой дохих нь сонсож буйн илрэл мөн үү? Магад миний үгс нэг чихээр нь орон нөгөө чихээр нь гарсан биз. Тэр зочны өрөөний шалан дээр хямдхан жигнэмэг шиг үйрэн уналаа.

6.

Цахилгаан шатны хаалга тэрхийн нээгдэв. Би нүсэр том чемоданаа чирэн харанхуй коридороор алхлан хонхоо дарлаа. Хариу байсангүй.

Хонх ажиллаж буй эсэхийг шалгахаар хоёр, гурав, дөрвөн ч удаа дараад, хаалганд чихээ наан чагнавал хаа нэг холын чимээ мэт боловч ямартай ч хонх хангинан дуугарч буй нь сонсогдов. Чемоданаа хаалга түшүүлээд цагаа харлаа. Оройн найман цаг. Эхнэр бөх унтдаг ч арай ч оройн наймд унтахгүйсэн. Ядарч унах нь. Ядаж байтал хэлэн дээрээ юу ч тавиагүй. Ганц тэгэхэд л би түлхүүрээ хайн мугуйдлахыг хүссэнгүй.

Эхнэр магад ээжийгээ дуудаад миний хэлснээр эмнэлэгт хэвтсэн ч юм уу, хөдөө хамаатныдаа очсон байж мэдэх юм. Гэвч үгүй санж. Хаалгаар орж ирмэгцээ би түүний танил гэрийн шаахай, пүүз, гутал зэргийг харлаа. Гутлаа тайлан гэрийн шаахайгаа углаад, гэрт жигтэйеэ жихүүн байгааг анзаарлаа. Хэд алхтал жигшүүртэй муухай үнэр ханхийв. Хөргөгч нээвэл дотор нь хуушуур, өргөст хэмхийн хачир үрчийж хатаад өмхийрсөн бөөн юм болон хувирчээ. Будаа агшаагчин дахь хагас аяга будаа савтайгаа наалдаж хатсанаас нэлээдгүй удсан болтой. Тагийг нь нээвэл элжирсэн будааны жигт дулаан үнэр хамар цоргив. Угаалгын цоргонд бохир аяга таваг овоорч, угаалгын машины дээдэх хуванцар угаалгын төмпөн доторх савантай саарал ус шалбааглан, үжрэн өмхийрсөн үл ялиг үнэр сэртхийнэ.

Эхнэр унтлагын өрөө, угаалгын өрөө, бид хоёрын элдэв янзаар ашигладаг илүү өрөөнд ч байсангүй. Нэрээр нь дуудтал хариу алга. Зочны өрөөнд миний орхисон өглөөний сонин дэлгээтэй хэвээрээ үлджээ. 500 мл сүүний хайрцаг, өтгөн сүүний толботой шилэн аяга, эхнэрийн дотогшоо харчихсан өрөөсөн цагаан оймс, хиймэл арьсан улаан хэтэвч зэрэг энд тэнд таржээ.

Төв замаар хурдтай давхих машины мотор гэрийн хоосон зайг дүүргэн хүнгэнэнэ. Өлсөж цуцсандаа будаа халбагадах ганц цэвэрхэн халбага ч байсангүйд баахан ганцаардаад явчхав. Гайхалтай аяллаас эргэн иртэл хоосон гэр угтсанд, холын нислэгийн үеэр болсон жижиг сажиг сонин хачин, галт тэргийн цонхоор урсан өнгөрсөн байгалийн үзэсгэлэнт газруудын тухай яримаар байвч хэн ч байсангүй. “Зүгээр дээ” хэмээн тэвчээртэйеэ хариулах гэсэн ч “Ядарч байна уу?” гэх асуултыг хэн ч тавьсангүйд ганцаардаж байлаа. Ганцаардсандаа цухалдаж эхлэв. Биеийнхээ ялих шалихгүй ачаа дарамтыг мэдрэн, энэ хорвоо ертөнцийн хийц загварт үл нийцэн, амьдралаа нэгэнт гартаа авлаа гэж бодтол үнэндээ жаахан хүүхэд хэвээрээ мэт санагдсанд уур хүрээд явчихлаа. Ганцаараа, намайг хайрлах хэн ч үгүйг мэдрэхэд би аль хэдийн үхэж байна уу гэлтэй.

Тэрхэн мөчид сул бөглүү хоолой сонсогдлоо.

Чимээрэх зүгт чагнавал яалт ч үгүй эхнэрийн хоолой. Тагтнаас сонстохгүй шахам бүгтнэх чимээ гарах нь тэр. Агшин зуурт өнөө их ганцаардал минь тайтгарлаар солигдон, тагт өөд харайлгахад аманд уур хилэн асаж байлаа. “Байсан юм бол хариу дуугарч болсонгүй юу?” хэмээсээр би тагтны хаалгыг нээв. “Айл гэрийг ингэж ч авч явах гэж. Яаж амьдарч байгаа чинь энэ вэ?”

Эхнэрийнхээ нүцгэн биеийг харан зогтуслаа.

Тэр тагтны цонх дагуух сараалж өөд хараад, хоёр гараа алга таших мэт дэлгэн сөхөрчээ. Бүх бие нь хар ногоон өнгөөр будагджээ. Хүрэнтэн барайсан царай нь мөнх ногооноор гялтганана. Хатаасан улаан луувангийн навчит үс нь зэрлэг ургамлын иш шиг гөлийжээ.

Ногоон царайн дундаас хоёр нүд нь цайран гялалзаж байв. Би арагшаа тэрийн барьц алдахад тэр босох гэж хичээх мэт над өөд чичирсхийсэн ч хөлийн шөрмөс нь дэмий л татвалзах аж. Тэр зогсож, алхаж ч чадахгүй болтой. Уян налархай бэлхүүс нь зовуурьтайяа муруйж, гүн хөх уруулынх нь завсраар хатаж хатингиртсан хэл нь усны ургамал мэт булталзана. Шүдний ор тэмдэг юу ч алга. Цайран цоохортоод үрчийсэн уруулных нь завсраас шивнэхээс арай чанга гинших дуулдан “Ус…” гэлээ.

Би угаалтуур руу харайлган, цоргыг шувтран хуванцар угаалгын төмпөнг усаар бялдуулан дүүргэлээ. Тагт өөд эв хавгүй эргэн гүйх зуур зочны өрөөний шалан дээгүүр ус асгарсаар байв. Эхнэрийнхээ цээж рүү саванд үлдсэн багахан усаа цацлахад түүний бие эгээ л асар том ургамлын навч адил чичрэн сэргэлээ. Буцан харайлгаж угаалгын саваа дүүргээд эхнэрийнхээ толгой дээр асгав. Үсийг нь нүдэнд үл үзэгдэх жин дарж байсан мэт сунайн тэнийлээ. Хишгийг минь дөнгөж хүртсэн түүний гялтганасан ногоон биеийг би ажиглалаа. Толгой ч эргэх шиг.

Эхнэр минь хэзээ ч ийм үзэсгэлэнтэй байсангүй ээ.

7.

Ээж минь, би цаашдаа танд захидал бичиж, цамцыг тань ч өмсөж чадахгүй нь. Улбар ноолууран цамцаа та өнгөрсөн өвөл ирэхдээ мартаад явчхаагүй юү. Нөхрийг ажлын аялалдаа явсны дараа өдөр би өмссөн юм. Намайг ямар бээргийг та мэднэ дээ. Угаагүй болохоор хоолны үнэр таны үнэртэй холилдон үнэртэж билээ. Угаах гэснээ хүйтэнд жийрхээд, үнэрийг тань ч үнэрлээд л баймаар санагдсан болохоор тайлалгүй бүр өмсөөд унтчихсан юм. Маргааш өглөө нь гэрийн жавар арилаагүй байв. Даарч цанган сэрээд өглөөний нарны гэрэл унтлагын өрөөний цонхоор тусахад эрхгүй “Ээж ээ” хэмээн дуу алдав. Дулаахан илчинд ээмээр санагдахуйяа тагтан дээр гаран хувцсаа тайчлаа. Нарны гэрэл яг л таны үнэр шиг нүцгэн биеийг минь нэвтлэн, өвдөглөн суугаад “Ээж ээ, ээж” гэснээс өөрөөр дуугараагүйсэн.

Тэнд хэр удсаныг мэдэх юм алга. Нэг өдөр, нэг долоо хоног, нэг сар уу? Агаарын хэм багахан нэмэгдээд удалгүй багассаар хүйтэрч буйг л би анзаарав. Удалгүй Чуннанг горхины дээгүүр холын байшингуудын цонх улбар шар гэрлээр дүрэлзэн асах болно. Тэнд амьдардаг хүмүүс намайг хардаг болов уу? Төв зам дээгүүр гэрлээ анивчуулан уралддаг машинууд хардаг болов уу? Би одоо ямар харагдаж байгаа бол?

Нөхөр надад үнэхээр сайн хандаж байгаа. Том цэцгийн сав худалдаж аваад дотор нь намайг суулгасан. Ням гарагийн өглөө тэр тагтан дээр ургамлын ширх түүн өнждөг юм. Байнга л ядарч туйлдсан харагддаг тэр одоо өглөө бүр хашааны арын ууланд авирч, хувинтай рашаан авчран намайг усалдаг (крантны усанд дургүйг минь санасан байх). Саяхан тэр миний цэцгийн савыг хоослоод үржил шимтэй шинэхэн шавар хийсэн. Урд шөнө орсон бороонд угаагдсан хотын цэнгэг агаарыг оруулахын тулд тэр үүдний хаалга цонхыг онгойлгодог.

Хачин байнаа, ээж минь. Харахгүй, сонсохгүй, үнэрлэхгүй, амтлахгүй ч бүх зүйл илүү шинэхэн, илүү амьд мэдрэгдэж байна. Машины дугуй цардмал зам дээгүүр гулгах чихрах, үүдний хаалга нээгдэн нөхөр наашлах нь, дэлбээгээ нээмээр санагдуулах борооны чийгтэй агаар, үүр цайх хагас бүрэнхий гэрлийг би мэдэрч байна. Алсад ч, энүүхэнд ч нахиа нахиалан дэлбээ дэлгэрч, эрвээхэй үүрнээсээ цухуйн, нохой муур зулзагалан, хажуу барилгын хөгшин өвгөний зүрхний хэм алдагдан чичирч, дээр айлын гал тогоонд тогоотой бууцай буцлан, доод айлын эгшигт хайрцгийн дэргэд цэцгийн савтай тасарсан удвал цэцгийн баглаа байгааг би мэдэрч байна. Нар мандах бүрт хурдны зам дагуух агч модод зүүн тийш тэмүүлж, өдөр шөнө, одод мугуйран нэгэн хэмээр солигдон эрээлжилнэ. Миний бие ч яг л адилхан.

Та ойлгож байна уу? Удалгүй би өөрийгөө алдаж буйгаа мэдэрсэн. Зүгээр дээ. Би яг л одоогийнх шигээ нар салхи, уснаас өөрийг үл хүсэн амьдрахыг удаан мөрөөдсөн.

*

Бага байхад би галын өрөө рүү гүйн ороод таны бошинзонд нүүрээ наахад үнэртдэг дөнгөж хуурсан буурцгийн тосны амтат үнэрийг би санаж байна. Байнга л шороо ухаж явдаг болохоороо газар самардсан гараараа бошинзынх нь эмжээрийг хиртүүлчихнэ.

Хэдэн настай байлаа даа? Шиврээ бороотой хаврын тэр өдөр аав намайг өвс хадагч дээр суулгаад далайн эрэгт очиж билээ. Борооны цувтай томчуудын зовонгуй инээх, нойтон үс нь духан дээр нь наалдсан хүүхдүүдийн ийш тийш гүйлдэн даллах царайнууд ой дурсамжид эргэлдэнэ бүрэлзэнэ. Таны төрж өссөн далайн эрэг дагуух тэр буурай тосгон таны буй бүхий ертөнц байж дээ. Тэндээ хүүхэд төрүүлэн, тэндээ ажиллаад, тэндээ насан өтөл болно.

Хэзээ нэгэн цагт таныг гэр бүлийн оршуулгын газрын бэлд аавтай зэрэгцүүлэн оршуулах бизээ. Ээж минь, тан шиг болохгүй гэсэндээ л би гэрээсээ ийм хол явсан. Арван долоотойдоо гэрээсээ гараад сар гаруй Пусан, Дэгү, Ганнён хотуудаар хийцгүй шахам тэнүүчилсэн минь дурсамж болон үлджээ. Япон ресторанд насаа худал хэлэн, ганцаараа захиалганд гүйн, оройдоо уншлагын танхимд хэвлийдээ бойжих ураг шиг мугуйран унтдаг тэр газарт би их дуртай байж. Хотын дүүргүүдийн гэрэл нүд гялбуулж, оршин суугчдынх нь өнгө төрх ч дур булаам гэж жигтэйхэн. Танихгүй хүмүүсээр дүүрэн гудамжаар тэнүүчлэхдээ хэзээ чухам хөгширч, байдгаа барж дуусахаа ухаарснаа санахгүй нь. Би гэртээ ч аз жаргалгүй байсан шигээ өөр хаана ч аз жаргалыг мэдрээгүй тул хэрхэх билээ?

Би хэзээ ч аз жаргалтай байгаагүй ээ. Нуруунд минь зовлонт ад зэтгэр наалдчихаад хоолой, үе мөчийг минь багалзуурдав уу? Уйлмаар шархирч, хашхирч орилмоор шаналсандаа зугтаахыг хүссэн юм. Автобусны арын суудалд өвдгөөрөө сөхрөн ялаа ч хоргоомгүй гэм хоргүйхэн царайлан суухдаа нударгаараа цонх хагалах адын хүсэлдээ тачааддаг байв. Сүүнд хорхойссон муур шиг л алга даган урсах цусаа амтлан уухсан. Чухам юунаас зугтаж, ертөнцийн нөгөө зүг рүү тонилох хүсэлд юу нөлөөлөв? Юу намайг хойш чангаан татаж, зэрэмдэглэж ээрж байв аа? Муу цусаа сэлбэхийг болиулан, доош татах тэр хүлээс юу байв?

*

Настай эмч чагнуураа байн байн цохилон, миний дотор яг л булш шиг чимээ аниргүй байна хэмээн бувтнав. Гагц холын салхи цуурайтах чимээ л сонстож буй гэнэ. Эмч чагнуураа ширээн дээр тавиад хэт дуран авианы монитор залгалаа. Гэдсэн дээр наалдамхай шингэн түрхээд саваа хэлбэрийн хүйтэн багажаар үрж, ууц сүүжний угаас ходоодны доод хэсэг хүртэл аялууллаа. Эл хэрэгслээрээ ходоодны доторх дүрсийг хар цагаан монитор руу дамжуулжээ. “Зүгээр байна” хэмээн хэлээ хазлан бувтналаа. “Гэдсэн доторхыг тань үзүүлж байна. Ямар ч асуудал алга”

Ходоод, уушги, үтрээ, бөөр, бүгд хэвийн. Бүх зүйл “хэвийн” хэмээн эмч оношилсон атал эд эрхтнүүд аажмаар хатангирч, удалгүй нэг мөр алга болохыг яагаад олж харсангүй вэ? Шингэнийг хуурай цаасаар арчаад босох гэтэл ахин хэвт гэлээ. Тэгээд гэдсэн дээр хэд хэд дарахад тийм ч их өвдсөнгүй. “Өвдөж байна уу?” гээд над руу харахад нь би түүний нүдний шилтэй төрх өөд өнгийн толгой сэгсрэв.

Энд яаж байна?

Энд өвдөж байна уу?

Үгүй ээ, өвдөхгүй байна.

Тариа хийлгээд гэртээ харих замдаа дахиад л бөөлжив. Метроны буудлын паалан хананд нуруугаа наан бөхийв. Өвдөлт намдахыг хүлээн дотроо тоо тооллоо. Эмч тайвширч, аядуу тайван зүйл бодохыг зөвлөсөн юм. Тэр эгээ л буддын мастер шиг бүх зүйл бодол оюунаас шалтгаална хэмээн аялгуулан хэлсэн. Тайван бодол, аядуу зөөлөн бодол… нэг, хоёр, гурав… мөнхийн амар амгалан… бөөлжихгүйг хичээн тоолох ч нулимс урсан, ходоодны хүчил сэдрэн базалж, эцэст нь бүхнээ шавхан бөөлжсөөр шалан дээр живэх нь дутлаа. Толгой эргэлдэн газар хөдлөхийг хүлээн, хараал идмэр гэж… зогсоод л байв.

Түүнээс хойш хэр удаа бол?

Ээж ээ, би нэг ижилхэн зүүд л үзэх боллоо. Би улиас шиг өндөр ургаж байх юм гэнэ. Тагтны дээврийг цоортол, арван тав зургаа давхрыг даван, дээврийг хуу татан бетон арматурын сараалжийг нэвтлэн ургадаг. Миний хамгийн өндөр мөчрөөс цагаан эрвээхэй шиг цэцэгс дэлгэрнэ. Мөгөөрсөн хоолойгоороо ус сорсоор тасрах шиг болж, цээж минь тэнгэрт тулан, мөчир бүр минь тал тал тийшээ тэнийнэ. Би энэ байрнаас ингэж л зугтаж байна. Шөнө бүр, ээж минь. Шөнө бүр би энэ л зүүдээ үзэх боллоо.

*

Гадаа хүйтэрч байна. Арай л эрт олон навчис газарт унан, олон могойн арьс гуужин, олон шавж өчүүхэн амиа алдан, олон мэлхий өвлийн ичээндээ хоргодлоо.

Би таны цамцыг бодсоор л байна. Таны үнэр дурсамжид минь тод үнэртэхээ больсон. Би нөхрөөс таны цамцыг нөмрүүлээч гэж гуйхыг хүсэвч дуу хоолой минь нэгэнт үгүй болжээ. Би яаж чадах билээ? Тэр намайг бага багаар замхран холдохыг хараад уйлж, тэгснээ уурлан цухалдсан. Та мэднэ дээ, би түүний цор ганц гэр бүл нь шүү дээ. Намайг усалдаг рашаанд нь түүний бүлээн нулимс дуссаныг би мэдэрдэг. Агаарын молекулууд замбараагаа алдан, түүний зангидсан нударга хий дэмий л сарвалзаж буйг би мэдэрч байна.

Ээж ээ, би айж байна. Миний мөчрүүд унах ёстой. Цэцгийн сав холгож, ханаараа хавчин шахаж байна. Үндэсний минь үзүүр хатгуулан хорсоно. Ээж минь, би өвлөөс өмнө үхэх биз.

Энэ дэлхийд ахин цэцэглэх эсэхээ би хэлж мэдэхгүй нь.

8.

Тэр орой би ажлаасаа харьж ирээд эхнэрээ гурван аяга усаар усалтал тэр ходоодны шар хүчлээр гулгиулж орхив. Түүний уруул тэр даруй зангиран нийлж, нүдэн дээр минь нэгэн цул болов. Гар хуруу салгалан цонхийсон цоохор уруулыг нь тэмтрэн, тэрхэн мөчид бөглүү сулхан хоолой сонстсон ч тэр юу ч хэлсэнгүй ээ. Тэгэхэд би эхнэрийнхээ хоолойг сүүлчийн удаа сонссон юм. Ахин ёолох чимээ гарсангүй. Гуяных нь дотор талаас сараалсан цагаан үндэс цухуйн гарч ирлээ. Цээжнээс нь хүрэн улаан цэцэгс дэлгэрэв. Угаараа шарлан бүдүүрч, үзүүрээрээ цайрсан хос цэцгийн дохиур хөхний товчийг нь зад татан ургав. Өргөөтэй хоёр гараа арай чүү хөдөлгөхтэйгөө байхдаа намайг хүзүүгээр тэврэх гэсэн ч чадсангүй. Бүүдгэр илчээ хараахан алдаагүй нүд рүү нь харан, цайцаг цэцэг мэт гар өөд нь би бөхийлөө. “Яаж байна?” гэж асуулаа. Сайтар боловсорсон хос усан үзэм мэт нүд нь гялалзсан биеэс нь гялавсхийн инээх шиг.

Намрын дэлгэр цаг наашлах тусам эхнэрийн бие аажим аажмаар улбар шар өнгөөр туяаран буйг би ажиглалаа. Цонхоо нээхэд түүний дээш өргөсөн гар нь салхи даган үл ялиг найгана. Намар болоход навчис нь хоёр гурваараа унаж эхлэв. Түүний улбар шар бие бага багаар тунгалаг бор болон хувирлаа.

Би хамгийн сүүлд эхнэртэйгээ хамт унтсанаа бодлоо.

Эхнэрийн биеийнх нь доод хэсгээс биеийн шингэний исгэлэн үнэр бус үл мэдэг анхилуун үнэр ханхлах нь харь жигтэй. Тэгэхэд түүнийг хэрэглэдэг савангаа солих ч юм уу, гартаа хэдэн дусал үнэртэй ус цацаад тэр хэсэгтээ түрхсэн байх л гэж бодсон. Тэр өдөр хэзээ билээ?

Өдгөө түүнд урьд нь хоёр хөлтөн байсны ул мөр юу ч үлдсэнгүй. Гялалзсан бөөрөнхий усан үзэм адил хүүхэн хараа нь бор ишиндээ булагдан далдрах дөхжээ. Эхнэр харахаа болив. Ишнийхээ үзүүрийг ч нугдайлгаж чадахгүй болжээ. Гэвч намайг тагтан дээр гарахад ямарваа хэл ярианаас хувь илүү хүчтэйгээр түүний биеэс нэгэн цахилгаан гүйдэл дамжин надад уусах нь мэдрэгддэг. Нэгэн цагт эхнэрийн минь гар, үс байсан навчис унасаар, уруул нь байсан хэсэг зууралдан ангайсан хэсгээс нь нэгэн атга жимс гарахад нимгэн утас тасрах мэт өнөөх жигт мэдрэмж үгүй болов. Бяцхан жимс анарын үр адил бөөнөөрөө урсахад, би алгандаа тосон авч тагтны хаалга чиг дэх босгонд явгалан суулаа. Анхлан харж буй тэр жимс шаргал ногоон өнгөтэй аж. Шар айрагт даруулга болгон шарсан эрдэнэшиштэй хамт өгдөг наранцэцгийн үр шиг хав хатуу.

Нэгийг нь амандаа хийхэд гөлгөр хальсанд нь амт, үнэр байсангүй. Жимсийг няцалж орхилоо. Энэ амьдралд надад байсан цор ганц эмэгтэйн жимс. Тагнаанд эхлээд хүчиллэг амт часхийснээ, бараг шатах мэт болж, хэлний үзүүрт шүүс нь амтагдахад гашуу оргив. Маргааш нь би нэжгээд жижиг дугуй цэцгийн сав аваад үржил шимтэй хөрсөөр дүүргэн өнөөх үрээ тарилаа. Хатаж хорчийсон эхнэрийнхээ дэргэд цэцгийн савуудыг эгнүүлэн тавиад цонхоо нээлээ. Тагтны хашлага дээгүүр тонгойн тамхи татахад эхнэрийн минь доод хэсгээс цэцэглэсэн шинэхэн өвсний үнэр сэнхийв. Намар үдшийн хүйтэн салхи тамхины утаа, урт ургасан үсийг минь хийсгэлээ.

Хавар болоход миний эхнэр ахин нахиалах болов уу? Түүний жимс улаан байх болов уу? Мэдэхгүй нь.

Төгсөв.

Орчуулсан: Г.Сүрэн

--

--