Хоёр гурван шүлэг

***

Хар дараад шөнөөр,

хажуу өрөө рүү

ээжийнхээ өвөр рүү

хурдлан шургахуй.

Хайр нөмөрч

хэвлийгээ илүүлэн

хэсэг хэвтээд

харанхуйд үлдсэн чөтгөр рүү

хэлээ гаргачихаад

удалгүй зүүрмэглэнэ.

Хальж одсон хойно нь

харин өнөөх чөтгөрийг

харах нүүргүй боллоо доо.

***

Хаалга тог тог анирдсаар

хачин зүүднээсээ би сэрдхийлээ

Халаад, таавчиг, зүрх гурав түг түг алхсаар

хаалганы шагайвчинд шургахуй-

танихгүй хүн!

Амьсгалыг минь тэр чагначих шиг

Агсран чангарсаар сулран бөхөөд

аанай тэр нэрийг минь дуудахуй

айж нэрэлхсэн нэр минь үүдээ мултлах дөхөв.

Хөлчүү энэ эрд хайртай байлаа

тэр нэр.

***

Хоёр ах, эгч, ээж тавуул

томоо гэгчийн хөнжилтэй

Томоо хөнжил хайр гэдэг нэртэй

Хайраа нөмрөөд суухад

хоосон, хүйтэн хоёр тэнд хүлээн сууна

Хөхөрч, инээлдсээр халууцаж ядахад

хөлөө хайръя гээд ч

харин тэд хүрч чадахгүй

Бидэн чигт инээсээр

буруу зүгт уйлсаар ээж минь

Баяны гэрээс лав гарахгүй

баахан алиа хүүхдүүдтэй болж дээ.

***

Чиний хязгаар — шилээ орхисон, харахгүй гэхдээ үзнэ

Чиний хязгаар — сэтгэлээ гээсэн, мэдэхгүй гэхдээ мэдэрнэ

Чиний хязгаар — хагацсан, бодохгүй гэхдээ мартана

Чиний хязгаар — хайрласан, итгэхгүй гэхдээ хүснэ

Чиний хязгаар — чиний бодол, бодно гэхдээ хүсэхгүй

Хоосон, хуурай, худал гэдэг чиний хязгаар

Харахгүй, хүсэхгүй, хэлэхгүй чиний хязгаар

Хавар, намар тэгээд мэдэхгүй өөр нэг улирал чиний хязгаар

Хайр, инээд, хөндүүрлэл чиний хязгаар

Хамгаас, бүхнээс, тэгээд өөрөөсөө л гэх чиний хязгаар.

***

Жижиг жижиг сэтгэлүүд минь

живээд сэлээд, сэлээд живээд

Жир эгэл өдрүүд минь

зүслээд шиврээд, шиврээд зүслээд

Уй, уул, ус гурав л урьд энд байв

Уйлмаар их үзэсгэлэн гоо

уржигдар харин үерлэж л байлаа.

***

Чимээ, чийг, чи гурвыг

чи эндээс олохгүй.

***

Хөх бол уй, уйтгар, уйлмаар өнгө

хөх бол үер, усан, уулсын давалгаа

Хөх бол сэтгэл, гүнд нь байдаг аймар зүйлс

хөх бол сэмрэх, сэдрэх, сэтгэлээ алдах

Хөх бол бүдэг бадаг, бүрэнхий, тас хар шөнө

Хөх бол гунигтай гэхдээ амталж чадаагүй бидний дурсамж.

***

--

--