Чи бидний “ганцаар” оршихуй

九水巷

Нэг л зүйлийг хүлээн зөвшөөрч, өөртөө хүлцэх ёстойгоо ойлгож байна. “Насан туршдаа ганцаараа байна” гэдгээ…

Гэхдээ хайрлахгүй, нөхөрлөхгүй, гэр бүлээ орхихгүйгээр ганцаараа байх тухайгаа... Үргэлж, үүрд, энэ амьдралыг дуусан дуустал зөвхөн өөртэйгөө л хамт байна гэдгээ ойлгоод хүлцчихвэл амьдрал арай л зөөлхөн, хүмүүсээс хүлээх хүлээлт бага, бас илүү талархалтайгаар, илүү чин сэтгэлээсээ хайрлаж чадах итгэл төрж байна. Бас чадахаа, чадаж буйгаа зүрхэндээ мэдрэн дулаацан сууна. Ямар ч агуу их байлаа гэсэн тэр хайр зөвхөн бусдын төлөө бол өөртэйгөө байх хайрыг гүйцэж үл чадах биш гэж үү?

Хэн нэгэнд хэчнээн их хайртай байсан ч цаг нь болоход тавиад явуулж чадах, тавьж явуулахгүй юм аа гэхэд зүрхэндээ хайрласан хэвээрээ хол байх, хайртай хүмүүсээ надгүйгээр ч жаргалтай байхыг нь харах, найзуудыгаа надгүйгээр ч бүрэн дүүрэн, хөгжилтэй байхад нь баярлаж чадахаар тийм тусгаар, эрх чөлөөтэй, бүрэн дүүрэн хайраар би та нарыгаа хайрлаж байна.

九水巷

Учир нь би өөрөө та нараасаа тусдаа оршиж, тусдаа дүүрэн байж, ганцаар оршиж, үүндээ ямар их хайр дулааныг мэдэрнэ вэ? Үүнийг л би энэ бүх хугацаанд төөрөлдсөн мэдрэмжүүд дундаасаа хайгаад байж шүү дээ.

“Ганцаараа байж чадахгүй байх” нь эсрэгээрээ ямар их тарчлал, шаналан бэ гэдгээс би айж байна. Ганцаараа байхыг тэвчиж үл чадахаас үүдэлтэй бүхэн эргээд миний хайртай хүмүүст ямар их хагарал, хүлээсийг үүсгэх бол? Ганцаараа байж чадахгүйгээс чин сэтгэлээсээ, оюунлагаар бус замдаа таарсан хамгийн эхний хүнд “хайртай” гэж хэлэх, ганцаараа байхаас айсандаа хэн нэгнээр зүрхээ нөхөөд, эргээд явахад нь хугасарч үлдэх ямар их ганцаардал вэ?

Ганцаардалд би талархаж, ганцаардлыг би зүрхнээсээ эрж хайгаад эцэст нь амар амгалан ганцаардлыг олж чадсандаа өөрийгөө, хайртай бүхнээ урьд өмнөхөөсөө илүү оюунлагаар, бүрэн дүүрнээр хайрлаж байна. Баярлалаа!

2024.01.20 ❤

--

--