Ширээн дээр гүйлдэх жижигхэн хэлтэрхийнүүд

Намуухан жигтэй ийм үдэш энд бодлоо буулган бичээгүй ямар удаа вэ? Хэнд ч харуулалгүй дэвтэртээ буулгасан бодлууд минь дэргэдээс намайг зэмлэнгүй ажиглах шиг… Замдаа таарсан хэнд ч зүрхээ өгөлгүй, яг л халаасны хулгайчаас харамлах мэт гартаа тас атгасаар гэртээ хариад сая л нэг амарч, ширээн дээрх элдэв эд хогшлын дунд бяцхан зай гаргаад дуусах дөхсөн лааныхаа дэргэд тавьж, яг одоо бид өөд өөдөөсөө ширтэлцэн сууна.

Жижигхэн, бүрэн бүтэн, ув улаан зүрх. Энд тэндээ шалбархайтай. Шалбархай нь хатаад, загатнаад эхэлчхэж. Маажвал ахиад л цус шүүрэх биз. Тэгээд сорви. Маажаагүй нь дээр. Өмнө нь өнөөх нэг эмэгтэй. Энэ удаа өөрийгөө жаахан охин гэж бодохоо больсон бүсгүй. Хэдий болтол жаахан гэж өөрийгөө өмөөрч, тэнэг дүрсгүй бодлуудаараа тэнгэр өөд харж гүйж яваад зүрхээ газарт унагаагаад уйлж суухав дээ. Одоо бол уруул өмөлзөж, өргөн босгох гар хүлээхээ болиод өөрөө босоод инээгээд явчхаж чадахаар зүрх. Жаахан шалбархайтай. Юуг ч юм хайна. Хэнээс ч юм хэн нэгнийг хайна. Зөрөн өнгөрөх хүмүүсээс хайж явснаасаа жижигхэн хэлтэрхий олж харвал баярлах шиг. Итгэл найдвар хайна. “Өө энэ амьдралд чинь” эсвэл “Чам шиг нэгэн” гэж уулга алдамаар зүрх сэтгэлүүдийг хүмүүсээс хайна. Ихэнхдээ олж харахгүй ч цаана нь байгаа гэж итгэнэ. Өөртөө итгүүлнэ. Залуу нас. Будаггүй уруул. Уруулаа будахаар будгаа идчихээд байдаг юм. Уруул нь инээмсэглэсэн. Хааяа инээгээгүй. Нулимс дусахад амталж үзэх тэнэг хүсэл. Шорвог. Тэгээд тайтгарна. Тайтгарсан зүрх лааны илчинд бүлээцээд тайван нойрсоно. Ширээн дээр. Харин өнөөх бүсгүй түүнийг чимээгүй ажиглана.

Үлдэж хоцорсон хүмүүсийн жижигхэн хэлтэрхийнүүд ширээн дээр гүйлдэнэ. Зүрх үүдээ түгжихээ мартаад унтчихсан болтой. Жижигхэн хэлтэрхий бүр хэн нэг нэгнийг сануулах нь түвэгтэй. Өнөөх л хайж явсан итгэл найдварууд цухалзах нь дургүй хүрмээр. Нэг нэгээр нь зуны оройны шумуулнууд шиг бяцалж алахыг хүснэ. Тэгвэл тайван. Тэнд ч бас би байсан. Тэгэхээр устгаад, шинэчлээд, шинэ зүрх суурилуулаад тавьчхаж болохгүй. Шалбархай нь хууларна. Уулзаж, инээмсэглэж, эгэл энгийн өдрүүдэд минь байсан хүн бүрээс минь жижигхэн хэлтэрхийнүүд зүрхэнд үлдчих нь хачирхалтай. Тэгээд тэр хүмүүс дэргэд үгүй ч өнөөх жижигхэн хэлтэрхийнүүд нь тэдний доторх жижигхэн гэрлүүдийг сануулна. Хав харанхуй дундаас нь ч хамаагүй өөртөө үлдээсэн жижигхэн гэрлүүд. Хайрлана. Хайрласан. Ирээдүйд хайрлахгүй зүрхнүүд. Гэхдээ хааяа гэнэтхэн сөхөж харж баймаар тийм л хүмүүс. Элгээ хөштөл инээсэн дурсамж зүрхэн дотор ганцаараа үлдчхэж. Хачин шүү. Хүний зүрх. Цочтол нь сэрээгээд хаячихмаар хүсэл адгана. Одоохондоо тайван унтаж л байг. Гэв гэнэт амьдралд орж ирсэн шигээ гэв гэнэтхэн алга болсон зүрх. Зүрхнүүд. Хорвоогийн туйл мэт хайрлах хэрнээ нэг л өдөр хажуу дэлгүүрийн худалдагч эгчээс ч үл таних зүрх мэт өөдөөс ширтэх нь бүр ч хачин. Хүмүүст бууж өгөхийг хүсэх ч чадахгүй. Сайн сайхныг нь олж харсаар байгаадаа дур гутна. Үзэн ядахыг, толин тусгал мэт харц гаргахыг хүсэх ч чадахгүй. Би. Би чинь би хэвээрээ л яваад байж шүү дээ. Бардамнамаар. “Чи чадахгүй. Би чадна” гэдгээ өөрсдөд нь биш бүдэрч унахдаа харсан тэнгэр өөдөө хашхичмаар. Өнөөх зүрхнүүд сонсохгүй нь нэгэнт хамаагүй болж.

Хайж явсан гэж өөртөө итгүүлсэн ч үнэндээ хүлээгээд л суужээ би. Одоо бол зоригтойгоор хайрлахыг хүснэ. Гартаа атгалгүй толгойн дээрээ тавьчихаад хэрхэн савлахыг нь хармаар. Хөл дороо өнхрүүлээд уруу газар яаж бөмбөрөхийг нь, өсгүүр газар яаж мачрахыг нь хармаар. Мэдэхгүй газар руугаа дагуулж яваад “Ийм зүрх та нар харж байсан уу” гээд зүрхээ гаргаад орилмоор. Тээр тэнд чимээгүй суух нэгэнд “Авбал ав даа” гээд үнэ хөлсгүй, эсгэсэн дүргүйгээр өгчихмөөр тийм зоригтойгоор хайрлах хүсэл.

Өнөөх жижигхэн зүрхнүүд ширээн дээр гүйлдэж ядраад дор дороо сөхрөн унацгаажээ. Тэнд миний зүрх л алга. Өөр нэгний ширээн дээр, эсвэл шалан дээр, магад цээжин дээр нь гүйж яваа юм болов уу? Хэн мэдэх вэ? Өнөөх чимээгүй суусан нэгний гар дээр нойрсож яваа юм болов уу?

Ширээн дээрх шилэн хоргон дотроос Цөмөөхэйн дүрд хувилсан нэгэн над руу ширтэнэ. Шилийг нь тас хагалаад өөрийг нь чөлөөлөхийг хүсэж байгаа байх даа?

Тас түс…

2024.03.16

--

--