Гашуудлын 5 шат ба The Haunting of Hill House

Tsatsral Tamiraa
Кино Клуб
Published in
5 min readNov 2, 2018

Сериал буюу олон ангит киног ситком эсвэл мөрдөгчтэй адал явдалт киногоор төсөөлдөг байсан үе 2000-аад оноос өөрчлөгдөж байна. Миний хувьд өмнө нь Friends, Freaks and Geeks, New Girl, Skins зэрэг сериалуудыг үзэж байсан бөгөөд 2013 онд Breaking Bad цувралыг үзсэнээр олон ангитуудын тухай бодол тэр чигтээ өөрчлөгдсөн юм. 10-аад оноос хойш маш чанартай сериалууд их хэмжээгээр гарч эхэлсэн бөгөөд сериалын жүжигчид болон холливуудын жүжигчдийн ранк ч гэсэн бараг ижил түвшинд ирчихжээ.

Netflix-ээр сүүлд The Haunting of Hill House хэмээх аймшгийн бөгөөд уран зөгнөлт төрлийн сериал үзлээ. Миний хувьд бол аймшгийн гэхээс илүүтэй сэтгэл зүйн триллер маягийн санагдсан.

American Horror Story Season 1: Murder House

Зохиол болон үйл явдлын хувьд American Horror Story-н нэгдүгээр бүлэг Murder House-тай бараг л адилхан. Сүрдмээр том дээр үеийн байшин, жинхэнэ эзэд нь солиотой бас алуурчин тэнд олон хүн аймшигтайгаар үхсэн бас алуулсан, тэр сүнснүүд байшиндаа гацаж шөнийн цагаар амилдаг. Хүүхдийн аман үлгэрт ч бараг иймэрхүү зохиол гардаг. Харин энэ киног онцгой болгож байгаа зүйл нь 7 гол дүр болох ээж аав 5 хүүхдүүдийн өөр өөр сэтгэл зүйг задлан харуулсан нь юм.

SPOILERS ALERT FROM HERE

Сүнстэй байшинд бага насныхаа нэг зуныг өнгөрүүлж энэ байшинд ээж нь амиа хорлосноор 5 хүүхдүүд бүгдээрээ их багаар сэтгэцийн эмгэгтэй үлдсэн. Дүрүүдийн задлалыг уншиж байгаад нэг сонирхолтой баримт олсноо өөрийн сэтгэгдэлтэй цуг хуваалцъя.

Тус 5 дүр нь гашуудлын 5 шат буюу хэн нэгэн дотны хүн бөгөөд үнэт зүйлээ алдсаны дараа хүний туулж өнгөрүүлдэг сэтгэл зүйн үе шат юм.

Тэдний хувьд ааваас илүүтэйгээр ээж нь хамгийн ойр бөгөөд хүүхэд бүрийнхээ онцгой шинж чанарыг хүлээн зөвшөөрч зөв тал руу нь залах гэсэн маш сайн ээж байсан боловч сүүлийн өдрүүдээ эрүүл ухаангүй хүүхдүүдээ болон өөрийгөө алахыг хүссэн нүгэлтэйгээр өнгөрүүлэн өөрийнхөө амийг егүүтгэнэ. Ер нь бол өөрөө биш л дээ.. Байшин алчихсан. Байшинд хоргодсон сүнснүүд хүний тархи бодол руу орох чадвартай ялангуяа Оливиа буюу ээж шиг нь мэдрэхүй сайтай зөн совин нь хөгжсөн хүмүүст. Хүүхдүүд ээжийнхээ яагаад, яаж үхсэнийг мэдэхгүй бөгөөд хамгийн хайрт хүнийх нь үхэл тэднийг ямар хүн болгон амьдралыг нь хэрхэн өөрчилснийг авч үзье.

1.Том хүү Стив= Үгүйсгэл

Сүнстэй байшинд амьдарч байсан хүү сүнсэнд итгэдэггүй. Аймшигт явдлууд болох үеэр хүү яг нүдээрээ сүнс харж байгаагүй нь дүү нарыгаа ялангуяа ээжийгээ сэтгэцийн өвчтэй, шизофрениатай бөгөөд үүнийг нь өвчин талаас нь харж эмчлүүлж туслаагүй хэмээн аавыгаа буруутган амьдардаг. Түүнийг хамгийн том үгүйсгэл нь үрийн сувгаа боолгосон бөгөөд удмынх нь сэтгэцийн өвчин хүүхдүүдэд нь очих ёсгүй гэж боддог. Тэрээр дүүгийнхээ сүнсийг харсан ч өөрийгөө л бас уймарж байна хэмээн төгсгөлийн анги хүртэл үгүйсгэсэн хэвээр байдаг.

2. Том охин Шерли = Уур хилэн

Шерли багаасаа л үхэл хагацалд ууртайгаар хандан өөрийгөө болон бусдыг буруутгаж байгаагаар гардаг. Багадаа тэжээсэн муурны зулзагууд нь үхээд байсан тул сүүлийн зулзагыг өөр хүнд өгчихсөн гэхэд ээж рүү гээ орилж уурлаж байгаа гардаг. Том болсон хойноо ч Стив-г тэдний бага насны аймшигт явдлаар ном бичсэнд, Тео-д биеэ даахгүй байгаад, Льюк-г хар тамхинд донтсонд Нелл-ийг үхсэний дараа хүртэл амий хорлолт болон муу юм ахин авчирсанд уурлаж байгаа гардаг. Энэ бол ээжгүй өссөн том охин хүүхдийн бүгдийнх нь төлөө анхаарч хэн нэгэн хариуцлагагүй үйлдэл гаргахад өмнөөс нь шийдэж өгдөг зан юм. Ээжийн оронд үргэлж л бүгдэд анхаарал хандуулан асарч байхад бүх зүйл болохгүй байгаад өөртөө болон бусдад уурлахаас өөр яалтай…

3. Дунд охин Тео = Тохиролцох

Теогийн доор 2 ихэр дүү байдаг бөгөөд тэр 2 хамгийн ихээр сүнстэй нүүр тулж том болсон хойноо ч хамгийн их асуудалтай байсаар ирсэн. Ийм ч утгаар тэр бол бас чухал үүрэгтэй эгч юм. Мөн тэр гараараа ямар нэг зүйл болон хүнд хүрснээр тэнд болсон зүйлийг харах чадвартай. Сүнс чөтгөрийг өөрийн биеэр хараагүй ч дүү нарынхаа мэдэрсэн айдас болон уй гашууг мэдэрч чаддаг. Энэ нь түүнийг байнга эргэлзэж өөрийнхөө мэдрэмж болон бодит байдлыг тунгаахад хүргэдэг.

4. Бага хүү Льюк = Сэтгэл гутрал

Льюк бол хамгийн ихээр үхлийг мэдэрсэн дүр. Найз Абигейлийг нь ээж нь хордуулж алж өөрөө амиа хорлосон ба мэдрэмж болон бүхнээ хуваалцдаг ихэр дүү Нелли нь мөн амиа хорлосны хажуугаар байшинд хардаг байсан таягтай өвгөний сүнс байнга дагана. Энэ бүх мэдрэмжүүд нь түүнийг сэтгэл гутралд аваачин хар тамхинд донтуулах ба хар тамхинд донтсоноосоо болж бас л сэтгэл гутралд орно. Энэ тойрогт орсон түүнийг гэр бүлийхэн нь зүгээр л ажилгүй, гэр бүлдээ тус нэмэргүй донтогч, хулгай гэж хардаг нь мөн түүнийг маш их ганцаардалд унагаадаг. Тэр мөн л өөрийгөө үнэхээр сүнс хараад байна уу хар тамхины нөлөөнөөс болж хий хараад байгаа эсэхдээ эрзэлзсээр байна.

5. Бага охин Нелли = Хүлээн зөвшөөрөх

Нелли бол ээжийн хамгийн хайртай бяцхан охин. Тэр ээжийгээ өнгөрснөөс хойш маш их тэмцэлдсэн ч эцэстээ тэр байшинд ээжтэйгээ байх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь улаан өрөөнөөс түүнийг олоход хэлсэн үг илэрхийлнэ. “Би та нарыг бүгдийг нь бүх хайраараа хайрласан, та нар ч ялгаагүй. Тэгээд л болоо. Бусад зүйлс нь наборны цуглуулга” хэмээсэн нь тэр хэзээд хэнээс ч их зүйлсийг хүлээгээгүй, хэнийг ч өөрийнхөө үхэлд буруутгаагүй анхнаасаа л бүгдийг мэдэж байсныг нь илтгэдэг.

Хэн нэгэн дотны хүнээ алдахад хүн эхлээд итгэж чаддаггүй, өөрийг нь орхиод явсанд уурладаг, эргэлздэг, эцэст нь үнэхээр явсныг нь мэдрээд гунигладаг харин хамгийн сүүлд нь бүх зүйлсийг хүлээн зөвшөөрдөг.

Эцэст нь гэж хэлэхэд энэ сериал маш сайн зохиолтой бөгөөд сайн найруулгатай. Цаг хугацааны дараалалгүй үйл явдлууд өрнөх болов ч хоорондоо нягт уялдсан бөгөөд үйл явдлын учирыг маш сайн базсан. Гэр бүлийхний хоорондын харилцаа, асуудал гарахад бие биендээ хэрхэн хандаж хэлэх гэсэн үгээ уурласандаа шал өөрөөр хэлж хэрүүл үүсгэн мөн ажил, зугаа цэнгэлээ хайртай хүмүүсээсээ урд тавин завгүй мэт аашилж байгаа зэрэг нь бидний үнэн төрхийг харуулсан мэт гүн сэтгэгдэл үлдээнэ. Нэг байшинд болсон үйл явдлыг гол дүрүүд бүгд өөр өөрөөр тайлбарлаж өөрөөр хандаж байгаа нь мөн л тэдний сэтгэлзүй болон аливааг харах өнцөг өөр гэдгийг батлаж байгаа юм.

Дараагийн удаа хэн нэгэн сул дорой нэгнийг шүүмжилэхээсээ илүү энэ хүнд юу тохиолдсон бол гэж эргэцүүлэх сэтгэгдэл үлдээсэн 10 ангитай сериал байлаа.

--

--