Зураачдын тухай 5 кино

Tsatsral Tamiraa
Кино Клуб
Published in
3 min readJan 19, 2018

Кино урлагт дуртай хүмүүс ихэвчлэн уран зураг болоод бусад урлагт мөн адил дуртай байдаг. Миний хувьд багаасаа хоббитой байсан болоод ч тэр үү зүрх баяр хөөрөөр дүүрэн догдолж үздэг кинонууд бол зураачдын тухай кинонууд байдаг бөгөөд тэд нарыгаа хуваалцаж байна. Мөн санал болгох кино байвал хэзээд нээлттэй шүү :)

Олны мэдэх Frida Kahlo, Midnight in Paris зэрэг кинонуудыг жагсаалтанд оруулсангүй.

  1. I shot Andy Warhol (1996)

American Psycho киноны найруулагч Marry Harron найруулсан бас нэгэн сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйн хэрхэн хүслээ биелүүлж байгааг сонирхолтойгоор харуулсан кино. Гол дүрийн эмэгтэй Valerie өөрийн зохиосон кино зохиолоо Andy Warhol-д өгөн түүнээр продюсерлүүлэх хүсэлтэй байсан болов ч биелсэнгүй. Угаас эмэгтэйг алдар нэрд хүргэх ганц хүн Andy Warhol гэж итгэсэн тэрээр эцэстээ түүнийг буудаж орхидог. Тийм ээ! Би Andy Warhol-ыг буудсан! гэж хэлээд 15 минутанд өнөө хүсэн хүлээсэн олны анхаарлаа олж байгаа юм. Кинонд зураачаас илүү эмэгтэйн өрнөл их явах болов ч Andy Warhol-н этгээд зан ааш, хувцаслалт, түүний бүтээлүүдийг цухасхан ч гэсэн хараад авах над шиг шуналтай хүмүүс байгаа байх.

2. Lust for Life (1956)

Vincent Van Gogh-ын гунигт болоод ганцаардмал хэрнээ суут зураачын замналыг хамгийн үнэн, ойр дүрсэлсэн кино гэж үздэг. Тус бүтээлд 200 гаруй түүний жинхэнэ бүтээлүүд гардаг. 2017 онд гарсан Loving Vincent киног бүгд мэдэж байгаа учир энэ жагсаалтанд оруулсангүй, линк дээр дарж киноны тараал мэдээлэл аваарай.

3. Mr.Turner (2014)

Миний дуртай романтик зураачдын нэг J.M.W.Turner-ийн энэхүү намтар кино нь түүний амьдрал болоод жигтэй зан араншин нь хэрхэн уран бүтээлтэй нь холбогддог байсныг харж болно. Turner мөн л тухайн үедээ үнэлэгдээгүй гайхалтай зураачдын нэг юм. Тэрээр хүнтэй харилцахдаа тааруу барагтаа үг дугардаггүй ч зургаараа хэн хүнээс илүү зүйлийг илэрхийлдэг зураач юм. Кино ч тэр чигтээ диалоги багатай илэрхийлэмж ихтэйгээр хийгдсэн. Зураг авалт, өнгө тэр чигээрээ л яг зураг мэт.

4. Pollock (2000)

Үе үе жижиг үзэсгэлэнд орж олсон мөнгөөрөө жижигхэн байр түрээслэн замбараагүй архидалтанд автсан зураач Jackson Pollock-ын амьдралд зураач Lee Krasner (эхнэр) орж ирснээр түүнийг хожмын алдарт абстракт уран бүтээлч болох замд оруулж буйг үнэнээр харуулсан энэхүү кино нь түүний амьдралаас хол зөрүүгүй намтар бүтээлүүдийн нэг болсон юм. Pollock-ын дүрд жүжигчин Ed Harris тоглож өөрөө найруулсан байдаг.

4. Modigliani (2004)

“Almond Eyed” бүтээлүүдэд дуртай бол мэдээж Amedeo Modigliani-ын намтар кино мэдээж таалагдах байх. Modigliani-ын дийлэнх зургийн гол дүр болох түүний эхнэр Jeanne, хосуудын хоорондын хайр сэтгэл драма болон түүний дотны найз мөн дайсан Picasso нарын харилцааг маш бодитоор харуулсан бүтээл юм. Түүний талаар хийсан 2, 3 кино байдгаас миний хувьд хамгийн хайртай бүтээл бол 2004 онд хийгдсэн “Noir” зураг авалттай хөнгөн гуниг, хайр мэдрүүлсэн эл бүтээл юм.

5. Edward Munch (1974)

“Хашгираан” зургаараа алдаршсан Норвегийн уран бүтээлч Edvard Munch-ын амьдралаар 1974 онд хийгдсэн энэхүү бүтээл нь IMDB сайт дээр 8,4 үнэлгээтэй байдаг нь зураг сонирхдоггүй хүнд ч их сонирхолтой бүтээл болж чадсан юм. 5 настайгаасаа л ойр дотныхноо алдсан меланхолик характертай болсон тэрээр дотоод сэтгэлээ уран бүтээлээрээ л илэрхийлнэ.

Зураачид өөрсдөө их этгээд зан араншин, амьдралийг түүхтэй байдаг нь кино зохиол бичихэд ч сонирхолтой сэдэв болж чаддаг биз ээ. Кино бүрийн нэр дээр IMDB-ийн линк оруулж өгсөн болохоор сонирхож байгаагаа ороод хараарай.

--

--