Ariun Sanna
Кино Клуб
Published in
6 min readMay 1, 2018

--

КИНО БӨӨНДСӨН ШӨНӨ- (FIGHT CLUB, WHEN MARNIE WAS THERE, DEPARTURES) (updated)

Хийх ажилтай сууж байж хүсэл шуналдаа хөтлөгдөөд нэг дор гурван кино үздэг над шиг хүн байдаг болов уу? Ямар ч л байсан сэтгэл санаа нээх сайхан байна аа. Маргааш амьдрал илүү гэгээлэг, эрч хүчтэй сайхан эхлэх байх :P Үнэндээ одоо шөнийн 5 цаг болох гэж байхад хийх ажилтай унтаагүй байгаа юм чинь хэзээ сэрнээ :P /хүнд гар шиг уншигдаж байх чинь вэ/

Fight Club + When Marnie was there + Departures (Okuribito)

Эхний кино : Fight Club

Сэтгэлзүйн төрлийн кино үзэх дуртай болохоор их давгүй санагдсан. Яахав урьд нь хүнээр яриулчихсан байсан болохоор төгсгөлд нь гайхах алмайрах ёстой байсан нь алгасагдсаан. Гэхдээ их дажгүй утгатай юм гээч. Над шиг мөрөөрөө хоньчингоо хийж бэдэрчихгээд байдаг нөхөрт задраасан сайхан кино байлаа. Ухамсраа сэргээхэд нэмэр болох 200 кино жагсаалтын дунд явж байх нь аргагүй юм..

Өнөөдөр миний үзсэн кинонууд ер нь дандаа үхэлтэй холбоотой болж таарлаа шүү.

Би Таротоор өөрийгөө мэргэлэхдээ Үхэл гэсэн хөзөр гарч ирвэл ер нь их дуртай болоод байгаа шүү.. /байсаан, одоо өөрийгөө мэргэлдэггүй./

Төгсгөлийн цаана- Эхлэл.

Эхлэлийн цаана- Төгсгөл байдаг.

Юмс зүгээр л хувирч өөрчлөгддөг.

Бид орой болгон үхэж

Өглөө бүр дахин амьдрана.

Үхлийг хаалгатай зүйрлэж болох юм. Ирсэн газарлуугаа буцах хаалга. Тэр л хаалга руу орохдоо ардаа үлдээх бүхэндээ талархан, шинэ эхлэл рүү алхална..

Тэр л Яруу алдар зохиролыг нь магтмуу. Үхэл л бидний амьдралыг утга учиртай, дурсамж бүрийг үнэ цэнэтэй болгодог бус уу?

Эргээд киноныхоо ярианд ороход Зодооны клубын гол дүрийн залуу (spoiler alarm!) ганцаардал гансрал дунд нэг хэвийн амьдралаас шинэ тэсрэлт үүсгэн задарч дотроо дахин нэг хүнийг үүсгэж орхино.

Яг л БИГ БАНГийн ИХ ТЭСРЭЛТ ШИГ.. БААААНННН !!!

Яахав энгийн ноомой, оффисын ажилтан, манай “хоньчин” залуу өөрийн дотоодоосоо хүчтэй, зоригтой, галзуу, ичгүүргүй нэг хүнийг өөрөөсөө гаргаж ирэн нөхөрлөөд, сүүлд нь яах ч аргагүй аль нэг нь үхэж байж амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй болж байгаа л юм л.

Амьдралд эрсдэлтэй алхам хийгээд үзэх хэрэгтэй гэх шиг..

Нэгэн хэвийн өдөр хоногуудаас гэнэт залхаж өөрийн замаа олохоор алхах, эрсдлийг туулах үе гэж угаасаа хүний амьдралд байдаг юм шиг байгаа юм.

Нэг хэсэг бий. Манай залуугийн төсөөллийнх нь садист найз нэг орой супермаркет ажиллуудаг ази залууг чирч гаргаж ирээд духанд нь буу тулгадаг хэсэг.Түрүүвчийг нь авснаа “Мал эмнэлэгийн чиглэлээр сурч байсан байх нь ээ . Маргаашнаас эхлээд энэ сургуульдаа буцаж ор” гээд тавиад явуулчихдаг. Нөгөө хөөрхий Ази залуугийн хувьд үхэл нүүр тулаад ирчихсэн болохоор айж, уйлаад бөөн юм.

Маргааш энэ залуугийн хувьд амьдралынх нь хамгийн сайхан өдөр байх болно . Өглөө уусан цай нь өмнөх бүхий л өдрүүдийнхээс нь илүү амттай санагдана.

Энэ үгийг манай төсөөллийн найз, ум хумгүй зугтан гүйж буй Ази залуугийн араас харж зогсохдоо хэлдэг. Амьдралыг юу үнэ цэнэтэй утга учиртай болгодогийг мэдэж авсан уу? Магадгүй хамгийн хүчтэй мэдрэмж болох үхэлтэй нуур тулах, үхлийн тухай эргэцүүлэх биз…

Сүүлийн хэсэг, сцен ярилтгүй биз дээ. Бөөн зодоон, цус нөж үзсэний дараа яг л дессерт шиг амтагдсан миний дуртай хэсэг.

Гол дүрийн залуу маань хөөрхий өнөөх амьдралыг нь өөрчилсөн төсөөллийн залуугаа буудаж алчихаад, болзоот эмэгтэйнхээ гараас атгаад — You met me at a very strange time in my life ~ гэж хэлээд зогсдог хэсэг. Мэдээж кинон дээр гардаг лаг лаг хэсгүүд дахиад зөндөө бий. Монголоор нь олоод үзчихвэл энэ хэсгээ илүү баяжуулана гэж найдаж байна. Хэлний бэрхшээл бас байсаан байсан ..

Дараагийн кино : When Marnie was there

Гиблигийн анименууд бүх насныханд зориулсан утга учиртай, гэгээлэг байдаг нь юутай сайхан. Ер нь л ихэнх нь далд нууцлаг ертөнц, бяцхан охины эсвэл хүүгийн айдсаа даван, зориг тэвчээр гарган адал явдлыг туулан, хайр сэтгэлээр бүхнийг ялж буй хүчирхэг зүрхтэнүүдийг харуулдаг. Энэ аниме ч гэсэн тийм. Анна бол дунд сургуулийн сурагч л юм шиг байгаан. Дуу цөөтэй, зожиг ч гэмээр. Гэхдээ зожиг, ичимхий гэхээсээ илүү өөрийн дотоод ертөнцдөө байх дуртай, үнэхээр гоё зурдаг, томбой стилтэй охин. Зуныхаа амралтаар эгчийндээ амарч байхдаа голын цаадах нэг хуучны том байшин сонирхолыг нь ихээхэн татна. Яагаад тэгтлээ их өөртөө татаад байгааг нь ойлгохын аргагүй байв. Нэг шөнө Анна тэр байшин руу ганцаараа завиар явдаг бөгөөд тун дөхөж иртэл гэнэт гэрлүүд нь нэг нэгээр асаж хаалга дэлгэгдэн урт шаргал үстэй Аннагийн үеийн гэмээр үзэсгэлэнт охин — чамайг ирнэ гэдгийг мэдэж байсан юмаа гээд гүйгээд гараад ирдэг. Тэгээд өөрийгөө Марние хэмээн танилцуулан энэ байшинд зөндөө удаж байгаагаа хэлдэг.

Хуучны энэ байшинд өдөр нь хэн ч байхгүй тоосонд дарагдаастай байтал орой шөнийн цагаар Марние охин гарч ирдэг нь, Аннагийн зүүдэнд үргэлж ордог нь , тэд нэг нэгэнтэйгээ учрах болсон шалтгаан нь цаашид хөврөнө дөө.

Бидний хайртай дотны хүмүүс хэзээ нөгөө ертөнц рүү одохыг хэн ч мэдэхгүй. Гэсэн ч тэд маань бидний зүрх сэтгэлд үүрдээр үлддэг. Бид энэ амьдралд утга учиртайгаар хувь ерөөлөөр учирч хэн хэндээ ямар нэг зүйлийг ойлгуулаад буцацгаадаг.

Гиблигийн анименуудаас суралцах, анзаарах, ойлгох зүйл их бий..

Бяцхан биендээ баймгүй зориг тэвчээр, айдсыг эрсдэлээр дарж, улам улам зоригтой хүчтэй болж буй энэ дүрүүдээс урам авмаар, ухаарч ойлгомоор ..

Мэдэхгүй зүйлээсээ айх бус, мэдэж ойлгохыг хичээх нь бэрхшээлийн цаадах бэлэг ч юм билүү ..

Сүүлийн кино : DEPARTURES

Инээлгэдэг, уйлуулдаг, бодролд автуулдаг, юм ч ойлгуулдаг ийм сайхан киног хэзээ сүүлд үзснээ мартжээ .. Үнэхээрийн яриангүй сайхан кино байлаа миний хувьд.

Театр-т хийл хөгжим тоглодог нэгэн залуу , оркестор (хамтлаг нь гэх юмуу даа) тарснаар киноны үйл явдал эхэлнэ ээ. Ер нь юмны төгсгөл, үргэлж өөр зүйлийн эхлэл байдаг гэж Пауло Коэлогийн хэлсэн үг юутай үнэн. Амьдрал нь үүгээрээ л үргэлжлэх ёстой юм шиг байсан Дайгогийн хувьд амьдралын нэг уналт болж байгаа юм л даа энэ нь.

Мэдээж театр нь тарсан учраас эхнэртэйгээ хамт төрлөх гэрлүүгээ очиж амьдрахаар тэндээ ажиллахаар шийднэ. Эхнэр нь харин ч нэг сайн эхнэр байгаан. Нөхрөө — зүгээрдээ хоёулаа тэндээ амьдарья болно бүтнэ гээд л ..

Төрөлх гэр нь өмнө нь пянз зардаг дэлгүүр байсан бөгөөд аав нь салж явахаасаа өмнө ажлуулдаг байж. Дараа нь ээж нь ажлуулдаг болсон бөгөөд гол дүрийн залуу Дайгог гадаадад тоглолттой байхад өөд болжээ. Энэ явдлаас даруй 2 жил өнгөрч байгаа аж. Бага байхдаа өөр хүн дагаад хаяж явсан гэж аавыгаа боддог Дайго аавыгаа ер нь л дурсах дургүй нэгэн. Нэг орой Дайго аавынхаа тухай ярьтал эхнэр нь — “Ээж чинь ааваас чинь салсан ч хайрласан хэвээр байж дээ. Энэ олон пянзнуудыг гаргаад хаяж болох л байсан гэтэл харин ч хямгадаад хадгалсан байна” гэж хэлдэг. :) МАРТАХГҮЙ БАЙХЫГ ХАЙР ГЭНЭ /Б.Л/

Тэгээд мэдээж талхны мөнгө хэрэгтэй учир ажил хайсан Дайго, зарын сонин эргүүлдэж байгаад нэгэн ажлын байр олсон нь “Departures” буюу минийхээр бол аялах, явах гэсэн утгатай нэр бүхий л ажил байж л дээ. Аялалын компани юм байна гэж бодоод уулзахаар очтол тэр нь “Departures биш Departure” буюу (bolortoli-н гаргаж байгаагаар) салан одох, алсад одох гэдэг нэртэй буяны ажил буюу нас барагсадыг оршуулах ёслолын ажил байж таардаг.

Маш өндөр цалинтай байсан тул Дайго зөвшөөрнө. Эхнэрээсээ нуугаад ажлаа хийж эхэлдэг. Мэдээж хэн ч гэсэн үхсэн хүнийг оршуулах ёслол үйлдэнэ гэхээр дуртай хийхгүй л байх байсан байх л даа. Жийрхэмээр ч юм шиг . Гэхдээ Дайго үүний утга учир, гоо сайхан нь юу вэ гэдгийг анзаарч хараад ажилдаа дуртай болж эхлэнэ. Дарга буюу багш гэх 70 орчим насны хүн, нарийн бичиг гэх 40 орчим насны эмэгтэйтэй нийлээд гурвуулаа энэ ажлаа зохион байгуулна даа. Японы энэ зан үйл үнэхээр сайхан санагдсан.

Хүн болгон л үхэхгүй юм шиг амьдарсаар байдаг. Гэвч үхэл хэзээ бидэнд ирж энэ амьдрал дуусахыг хэн ч мэдэхгүй.

Оршуулах зан үйлээр талийгаачийг гэр бүл ойр дотных нь өмнө урлагийн бүтээл адил цэвэрлээд, цэвэрхэн ёслолын хувцас өмсгөж (энийгээ яг л урлаг шиг хийдэг) амьд мэт нүүрийг нь будаад авс руу нь хийж өгдөг. Энэ нь талийгаач өөр ертөнцөд дахин шинээр төрж буй бөгөөд үүнд нь үдэн гаргаж буй гэсэн утгатай.

Гэвч ажил нь хүмүүст бага багаар мэдэгдэж эхлэснээр ойр тойрны хүмүүс, найз нөхөд, тэр ч бүү хэл эхнэр нь хүртэл зай бариж эхлэнэ. Улмаар кино цаашид улам л утга учиртайгаар өрнөнө дөө.

Үнэхээр сайхан кино байлаа..

Кино бөөндсөн шөнөө хийх ёстой байсан ажлаа хийгээгүй ч гэлээ хэрэгтэй зүйлээ ойлгож авсан . Сайн ном, сайн кино хүнд ухаарал өгөх буянтай эд юм аа даа.

Үхлээс айх айдас миний маш том айдсуудын нэг байлаа. Харин одоо нэг л аймааргүй ч юм шиг. Учир нь үхэл гэдэг зөвхөн хаалга юм. Өөр ертөнц рүү нэвтрэх хаалга. :)

Originally published at anirguiclouds.blogspot.com.

--

--

Ariun Sanna
Кино Клуб

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.