РАМСТЕДТЫН ЕРТӨНЦ — түүхээр аялахуй /киноны сэтгэгдэл/

Ariun Sanna
Кино Клуб
Published in
4 min readOct 4, 2018

--

Найруулагч: Никлас Куллстрөм & Мартти Каартинен
Trailer in English

Й.Г.Рамстедт ба Дорно этгээд

Густав Йон Рамстедт (1873–1950)

Финляндын хэл зүй судлаач, дипломатч Й.Г.Рамстедт нь 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхээр Дорно зүг болох Монгол, Япон нутгуудаар аялан, судалгаа шинжилгээ хийж явсан төдийгүй өдгөө бидний оршин байх түүхэн үйл явдал болох 1911оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулсан хүн ажээ.

Тэрбээр Монголд үлгэр домог, ардын аман зохиол, хэлц, зүйр цэцэн үгс цуглуулж явсаар Монгол хүмүүс хийгээд хэл соёлтой дотно танилцаж олон арван судалгааны ажил хэвлүүлсэн байдаг. Монгол судлаачид өнөө хэр нь Рамстедтийн номыг үндсэн сурах бичгээ болгосон хэвээр. Рамстедт Япон улсад дипломатын алба хашиж явахдаа Монголын амьдралаа, найз нөхдөө ихэд санагалзсанаа захидлууддаа бичсэн байдаг ажээ.

Саяхан “Дорно этгээдэд Долоон Удаа”, “Рамстедтийн захидал бичгүүд” хэмээх номуудыг судлаач М.Саруул-Эрдэнэ гуай Монгол хэлнээ орчуулан гаргасан нь энэ хүний тухай илүүг мэдэх сайхан боломж болж байгаа аж.

РАМСТЕДТИЙН ЕРТӨНЦ баримтат кино

Харин ӨНГӨРСӨН ба ОДОО цагийг зэрэг хүртэх, харьцуулан шинжлэх боломжийг РАМСТЕДТИЙН ЕРТӨНЦ түүхэн баримтат кино мэдрүүллээ.

Финляндад төрж өссөн Мартти Каартинен кино зохиолыг бичиж, киноны судалгаанд зориулан Токиод сар орчим, Монголд зургаан сар, Хятадад хэдэн долоо хоног ганцаар аялал хийсэн аж. Тэрбээр мөн Финляндын медиа уран бүтээлч Никлас Куллтсрөмтай хамтран энэхүү киног найруулсан бөгөөд уг бүтээл Финляндад нээлтээ хийснээс хойш Европын томоохон кино наадмуудад сонгогдож, шүүмжлэгчдээс ч чамгүй өндөр үнэлгээг аваад буй ажээ.

Рамстедтийн Ертөнц киноны хэсгээс

Рамстедтийн Ертөнц кино нь Рамстедтийн дурдатгалаар дамжуулж найруулагчдын харцаар Монголын өнгөрсөн хийгээд ирээдүйн талаар хүүрнэнэ. Дэлгэцэнд өнөөгийн амьдрал дүрслэгдэх авч киноны үндсэн монологи 100 жилийн өмнөх Рамстедтын хоолойгоор хүрэх ажээ. Энэхүү кино шийдэл нь үзэгчдийг хуучны дүрс бичлэггүй ч цаг хугацаагаар аялах боломж олгодог. Түүнчлэн орчин үеийн амьдрал
биднийг хэрхэн байгалиас холдуулж буй тухай, зуун жилийн өмнөх монголчуудын уламжлалт сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдөж вэ хэмээх сонирхолтой асуултуудыг үзэгчдэд үлдээнэ.

Рамстедтийн Ертөнц киноны хэсгээс

ҮЗЭГЧ НАДАД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ

“Prime Cineplex Mongolia”-т кино эхлэж байгаа нь. Зургийг: Жаргалт

Кино гэдэг хэзээд, үзээгүй зүйлсийг харах мэдрэхүйд таниулж, бодоогүй зүйлсийг бодол санаанд хүргэж дөнгөдөг хачирхалтай эд билээ.

Г.Й.Рамстейдт хэмээх хүний тэмдэглэлээр эх орныхоо ӨНГӨРСӨН ТҮҮХ-г тольдохын сацуу, кинонд харагдах дүрслэлээс - уламжлалт соёл маань хэрхэн хүн төрөлхтөний хөгжил тийш залагдаж буйг сонирхон байв. Техник технологийн хөгжлийг Япон орны амьдралын хэв маяг, хотын тохижолтуудаар зүйрлэх шиг.

Тал нутаг дээр эхлэсэн амьдрал өдгөө хэдэн давхар орон сууц, хэдэн метр квадрат дунд өрнөх болж, хүмүүс гэдэг улам л ганцаардан, хийсвэр ертөнцөд ухаан санаагаа зориулах ажээ. Рамстдейтийн тэмдэглэлд Монголчуудын: “Ийм богино наслах байж, яах гэж хэдэн зуун жил амьдрах байшин барилга барьдаг байна?” хэмээн гайхширсан тухай сонсоод, инээд ч хүрэх шиг, харуусал ч хурах шиг. Монголчууд зуухан жилийн өмнө бүгд нүүдэлчид байлаа. Улирал, цаг агаар, амьдралын өөрчлөлт, хувьсалыг торолгүй хүлээн авч, түүндээ дасан зохицож амьдардаг асан ард түмэнсэн.

Рамстедтийн Ертөнц киноны хэсгээс — Япон орон

Харин хөгжлийн манлай болсон Япон орны хотын дүрслэл, хүн зон их, сатаарах, харах, үзэх зүйлс дэндүү олонтойг харуулна. Хааш хаашаа хэдхэн метрт амьдрал өрнөх тохилог сууцтай ч цаанаа л нэг торонд орсон шувуухайн оромж мэт санагдсныг нуух юун. Алсын бараа үл харагдах өндөр барилгууд, алхам тутамд тааралдах реклам сурталчилгаанууд. Энэ дунд хэд нь амьдралынхаа утга учрыг эрэгцүүлж, ганцаардан буйгаа мэдэрч чаддаг юм бол?

Оффис ажилтан Япон залуугийн амьдралынхаа ихэнх хугацааг ажилдаа зарцуулавч, хэдхэн жилийн дараа цуцаж, ядрахаа мэдрэн буйгаа ярих, мөн бүсгүйн гэртээ нөхрийгөө хүрч ирээд тэврэхийг, өөрөөс нь ямар нэг зүйлсийн тухай асуухыг хүлээн ганцаарддаг тухай дурсах богино хүүрнэл их сонин байлаа. Бидний дунд ч ийм хосууд цөөнгүй.

Рамстейдтын тэмдэглэлд, Монгол орны хуучин ёс заншил, уул ус, байгал дэлхийгээ хүндлэн, дээдлэх бэлэгдэлт домогуудын тухай дурсах хүүрнэлтэй зэрэг дэлгэцэнд, уурхайн ухаж төнхөн, өм цөм болгосон газар шороо, уулсын дүрслэлийг харуулах нь сэтгэл эмзэглэмээр. Талд яваа танихгүй хүнийг хармагц, мориноосоо буун хүлээж, ойртож ирэхэд нь амар мэндийг асуун, эмээл бүүрэг нь бүрэн эсэхийг шалгаж, дутуу хүтүү зүйлс байвал тусладаг гэх Монгол хүмүүний дурдатгал.

Эцэст нь, найруулагчдын зорилго биелжээ хэмээн би бодов. Тэд үнэхээр орчин цагийн тодорхойлоод буй ‘хөгжил’ биднийг, хүн хоорондын харилцаа, байгал дэлхий, тэр ч бүү хэл, өөр өөрсдөөс маань хэрхэн холдуулж буйг сануулж, Юуг жинхэнэ “хөгжил” гэх вэ? гэх өөрөөсөө асуух асуултыг надад үлдээсэн юм.

--

--

Ariun Sanna
Кино Клуб

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.