“Түгшүүр” Henri-George Clouzot
“Master of Suspense” гэдгийг сонсоод хэн хүний толгойд алдарт Hitchcock орж ирэх байх. Харин түүнийг байгаагүй бол “Түгшүүр, Хүлээлтийн Мастер” гэсэн нэрийг зүүх байсан эн зэрэгцэх авьаслаг найруулагч бол Henri-George Clouzot юм (Франц Hitchcock гэх нь ч бий). Түүний амьдралыг цухасхан дурдаж 3 бүтээлийг нь онцлон товч бичлээ.
Тэрээр цаг үеийн хувьд Францын “Шинэ Давалгаа” -ны үеийн найруулагч хэдий ч тэдэнд шүүмжлэлтэй хандаж, нэг хэсэг нь болоогүй өөрийнхөөрөө уран бүтээлч юм.
Түүний Hitchcock-г хүртэл алмайруулж “Master of Suspense” алдраа алдах вий гэж бодолд оруулж байсан бүтээлүүд болох Les Diabolique (1955) болон The Wages of Fear (1953) гэх мэт бүтээлүүд нь одоо ч хамгийн шилдэг түгшүүрт триллер кинонуудын эхэнд байдаг. Тэрээр 1907 онд Франц улсад төрж өссөн бөгөөд 1977 онд таалал төгссөн юм. Тухайн үед Нацист Германы эрх мэдэл дор Франц төдийгүй Европ тэр чигтээ байсан үед Clouzot “Continental Films” хэмээх Герман компанид ажилд орон кинонуудыг Франц руу хөрвүүлэн найруулдаг байж.
Le Corbeau (1943)
Түүний бичиж найруулсан кинонууд Францад ихээхэн алдаршиж байсан бөгөөд Le Corbeau хэмээх бүтээл нь улс төрийг турхирсан буруу агуулгатай хэмээн нээлтээ хийсний 2 өдрийн дараа ажлаасаа халагдаж шүүхэд дуудагдан 1947 он хүртэл кино найруулах эрхийг нь хааж байжээ. Le Corbeau кино нь “Хар захиа” буюу хүлээн авагчаа дарамталж эсвэл сэтгэл гутралд оруулдаг захиа илгээдэг байсан бодит эмэгтэйх түүхээс сэдэвлэсэн бүтээл юм. Clouzot зураг авалтын үеэр жүжигчдийн албаар уурыг нь хүргэж байнга дарамтанд оруулдаг байж. Магадгүй ийм ч учраас түүний бүтээлүүд жинхэнэ үйл ойлгогдох тавгүй байдал, уур хилэн, түгшүүрийг үзэгчидэд өгдөг байх.
Чиний огтхон ч өөрчлөгдөөгүй байгааг би харж байна. Чи хэзээнээс л хүчирхийллэлд дуртай байсан. ~Kurt Menliff
Les Diabolique (1955)
Clouzot-ын хамгийн алдаршсан бүтээлүүд болох Wages of Fear болон Les Diabolique-д түүний эхнэр Вера тоглосон байдаг. Тухайн үед нөхөртэй байсан Vera нөхрөөрөө дамжуулан Clouzot-той танилцаж төдөлгүй гэрлэсэн байлаг. Хувийн амьдрал зэргийг нь судлаад байхаар тэр үеийн урлагийнхан ер нь эрх дураараа сайхан гарууд байж дээ ч гэж бодмоор. Сургуулийн эрхлэгч эрийн нууц амраг болон түүний эхнэр (Vera Clouzot) эрийг алахаар зэхнэ. Нэн түгшүүртэй үйл явдал өрнөж эмэгтэйчүүд ч санаснаа гүйцэтгэх болов ч цогцос ул мөргүй алга болно. Учир битүүлэг байдал үргэлжилсээр эцэстээ кино түүхэн дэх хамгийн төсөөлөөгүй төгсгөлүүдийн (twist ending) нэгийг Clouzot бүтээж чаджээ. Энэхүү бүтээлээс өдөөгдөж Hitchcock кино урлагийн бүх цаг үеийн эхэнд бичигддэг “Vertigo (1958)”-ий сэдэвлэж хийсэн номыг барьж аван бүтээлээ эхэлсэн гэдэг.
The Wages of Fear (1953)
Киноны нэрийг махчилж орчуулбал “Айдсын Цалин” хэмээх энэхүү кино 4 ядуу эр маш эрсдэлтэй, за бараг л амиа золиослох хөлсний ажлын гэрээнд гарын үсэг зурснаар үйл явдал эхэлж байгаа юм. Тэдний хийх ажил нь “нитроглицерин” (тэсрэх бөмбөг, барилга, уурхай, эмчилгээ зэрэг олон зориулалттай ашиглагддаг тэсрэмтгий бодис) ачааны машинаар тээвэрлэн нефтийн орд руу хүргэж өгөх юм. Тээвэрлэж буй бодис нь угаасаа хортой бөгөөд ордод хүрэхээс өмнө хэзээ мөдгүй дэлбэрч магадгүй нөхцөлд 4 эрийн эр зориг, нөхөрлөл, дурсамж, дотор хүн ямар ч “Action” -гүйгээр илэрхийлэгдэнэ. Дүрүүдийн богино диалоги, нүдний харцнаас л аргагүй их зовлон, айдсыг үзэгч биеэрээ мэдрэх болов ч басхүү багахан итгэл найдвар, эр зориг мэдрэгдэх нь киног улам төгсгөлийг нь урьдчилан хэлэх аргагүй их хүлээлт, түгшүүр үүсгэж буй санагдсан.
Газрын тос хаана л байна тэнд Америкчууд явж л байх юм даа! ~ Mario
The Wages of Fear бол миний хувьд үзэж байсан хамгийн их түгшүүр, дарамт, сэтгэхүйн яргалалыг өгсөн кино юм. 4 залуу амжилттай ажлаа гүйцэтгэсэн ч энэ их сэтгэлийн дарамтын дараа авах 2000$ үнэхээр эн зэрэгцэх үнэ цэнэ, ажлын хөлс мөн үү гэж бодон бодон үзэж байлаа. Хэрвээ триллер төрлийн кино үзэх дуртай бол энэ кино яалт ч үгүй таныг 2 цаг 10 минут түгшүүрт автуулж нэг үгээр яргалж чадах дэлхийн сонгодог бүтээл юм.
Roger Ebert 4/4, Rotten Tomatoes 100% оноо өгснийг дурдахад ч илүүц биз ээ. Үзэхээр шийдсэн бол баяр хүргье! Аз жаргалтайгаар өөрийгөө тамла даа!