“CALL ME BY YOUR NAME” (киноны сэтгэгдэл)

Ariun Sanna
Кино Клуб
Published in
4 min readFeb 20, 2018

--

Энэхүү кино нь зохиолч André Aciman -ийн 2007 онд бичигдсэн “Call me by your name” хэмээх зохиолоор хийгдсэн кино ба гарсан даруйдаа нилээдгүй шуугиан дэгдээж, “Шилдэг сэдэвлэсэн зохиол” номинациараа Оскарын шагналыг авсан билээ.

1983 оны Италийн зуны нарлаг өдрүүдэд үлдсэн дурсамж, амьдралын амтыг дөнгөж амтлан буй Америк, Италын эрлийз 18 настай Жүүд шүтлэгт хүү болох Элео, түүний гайхалтай гэр бүлийнхэнтэй хэсэг хугацааг хамт өнгөрүүлэхээр ирсэн 24 настай докторын оюутан, сэтгэл татам залуу болох Оливер. Товчхондоо тэр хоёрын хайр дурлалын тухай.

Түүх, урлаг, философи, амьдрал, хайр, хүний сэтгэлийн тухай ярилцах тэр харилцан ярианууд. Гей хүмүүсийн нэг нэгнээ сонирхон татагдаж, хүсэн тэмүүлж буй үйл явдлууд, сэтгэлийг минь эрхгүй уяруулав аа.

Аль ч цаг үед, гей хүмүүс бие биендээ татагдан дотносон, хайрлан дурлалцаж байсан түүх бий билээ. Гэвч ихэнх Монголчууд маань — эр, эм хүмүүс нэг нэгэнтэйгээ учраад насаараа, эмээ өвөө болтлоо амьдарч, хамтдаа цагаан сараа тэмдэглээд л, үр хойчоо тойруулан жаргалтай сайхан амьдрах нь амьдралын хувь төөрөг, жанжин шугам гэж боддог “нийтлэг” соёлын хандлагатай байдаг учраас- эр хүн эр хүндээ татагдан дотносох, эм хүн эм хүнээ хайрлахыг нүгэл хилэнц, бузар булай, хүн алж хөнөөхөөс илүү жигшүүрт хэрэг гэж хүлээн авдаг билээ.

Уг нь гэй ч байна уу, лесбиан ч байна уу, хүний хувийн бэлгийн чиг баримжаа руу хэн ч халдан, доромжлох эрхгүйсэн. Эдгээр нэр томъёолол бол хүнийг тодорхойлох шошго яав ч биш баймаар. Хүнлэг байж хүчирхийлэл үйлддэгүй л бол, хүн ямар ч хүйсийн хүндээ “хайрлан, дурлах” эрхтэй. Эрх олгосон, олгоогүй тухайн хүний мэдрэх мэдрэхүй, татагдан дурлах сэтгэл нь зөвхөн тэр хүний өмч шүү дээ.

Эргэн тойрон хүрээлэн буй орчиндоо хэрхэн биеэ авч явах, унших, бичих, танин мэдэх олон зүйлсийг бид гэр бүл, нийгмээсээ суралцаж, зааж зөвлөн, чиглүүлсэний дагуу явдаг билээ.

Харин хайрлан дурлахын тухайд, хэн ч, тэр байтугай, амь биеийг тань төрүүлсэн эцэг эх тань хүртэл, хүнд дурлахаараа тэгж, ингэсэн мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй, харин тэр, энийг мэдэрч болохгүй гэж хэзээ ч хэлэхгүй ёсгүй, боломжгүй юм. Мэдрэмж, мэдрэхүй гэдэг зөвхөн таны гэх нандин зүйлс билээ.

18 настай ухаалаг хүү Элео, өөртөө би ийм тийм хүн гэсэн тодорхойлолт өгч амжаагүй байтал, Оливер хэмээх залууд татагдан тэмүүлж, эзгүйд нь үгүйлэн хүлээж, удахгүй буцаад явна гэхүйд сэтгэл нь гуниглаж, зовлонгийн мэдрэмжийг мэдэрч эхлэнэ. Харин Оливер, биеэ тунчиг эрхэмсэг авч явах ба өөрийн мэдрэмжээ “нууж” сурсан нэгэн. Юу бодож, мэдэрч яваагаа барагтай л бол хэлэхгүй түүний, Элеог сонирхон, халамжлан хайрлаж байгаагаар нь түүний сэтгэлийг “гадарлаж” болно.

Аав, ээжийнхээ нүдэн дээр, залуу хүү, өөрөөсөө чүд ах залууд дурлан, магад хэзээ ч мартагдашгүй нэгэн зуны нарлаг өдрүүд, дулаахан шөнүүдийг өнгөрүүлж байна. Энэ киног үзэх үед, надад гэй хүмүүсийн тухай гэхээс илүү, хүмүүсийн хоорондоо татагдан, дурлаж, хүсэн тэмүүлэн, дасан жаргаж, холдон гуниглах мэдрэмжүүдийн тухай өгүүлж байна хэмээн бодогдсон шүү.

“Хайр сэтгэл гэж юу болохыг хайртай дуртай болсоны “дараах” дэвэргэн халилаар биш, тодорхой нэгэн “этгээдтэй” амталсан жаргалын дараах сэтгэгдэл, хамтын хичээл зүтгэлээр хуримтлуулсан туршлагын аль алинаар хэмжиж болохгүй. Үүний оронд тодорхой хувь хүнтэй тогтоосон харьцааны үр дүн, үнэн боловч амсаж болох “Сэтгэлийн зовлон”-гоор тодорхойлох нь зүйтэй.” /Германы сэтгэл судлаач, хүмүүнлэг философич Эрих Фромм/

Энэхүү киног үзэхийг хүсвэл:

Ингээд нэгэн архаг кино үзэгч болов уу гэмээр нэгэн хүний хэлсэн сэтгэгдлээс хуваалцаад энэхүү “кино спойлер”-оо өндөрлье өө!

Кино эхлээд удаагүй байхад л өөрөө Элио болцон, хамаг үйл явдалд нь гүн орцон явж байсан. Өмнө нь “Normal heart”, “Moonlight” гээд сайн кино хэд хэдийг үзсэн болохоор энэ удаад Just typical gay love story гэж бодоод нээх хүлээлтгүй үзсэн. Story нь typical байсан ч киног маш гоёмсог, мэдрэмж дээр тулгуурлаж хийсэн гэлтэй, дурлана гэдэг чинь ийм нандин, догдлуулам мэдрэмж билүү гэмээр.. ая, дуунууд, зураг авалт, орчин нь энэ киноны хувьд байж болох хамгийн “сайхнаар” хийгдсэн шиг санагдсан. Бас киноны агуулгыг ийм бүрэн дүүрэн гаргахад Timothee Chamalet маш чадварлаг жүжиглэсэн. Тэр Оливерыг хүсч байгаа, санаж байгаа, догдлож байгаа гээд жүжиглээгүй, жинхэнэсээ юм шиг л.. Манай 2-ын хамт зугаалдаг хэсэг болон “Mystery of love” дуу явж эхлэх мөч зүгээр л амьдрал бодогдуулсан хаха. Дотроо бол тэр 2-той хамт зугаалж явсан болохоор ямар аз жаргалтай, цаг хугацааг зогсоомоор санагдсан тэр мэдрэмжийг зугаалдаг хэсэг үнэхээр өгч чадсан. Бас юу яасныхаа дараа Cаll me by your name, I’ll call you by my name гэхэд нь ямар гоё цагаа олж хэлдэг юм бэ гээд бүүр нэг хайрласан шд. Нэг тийм бие биенээ “нэг” мэт мэдрэх гэсэн энгийн мэдрэмжийг энэ үгээр сайн гаргасан. /Бас тэр хөлөөрөө хүрэлцдэг хэсэг гоё/. Сүүлд галын дэргэд уйлж суухад Mafalda, ээж 2 нь цаагуур нь явж ширээ засч байгаа нь life goes on гэж байгаа юм шиг хальт аргадаж байгаа юм шиг л санагдсан. Аан бас Элио өмнө нь гуниглах бүрт хажууд нь гунигийг нь хуваалцах хүн байдаг байсан, яг сүүлд камер луу харж байгаа нь энэ удаад гунигаа audience-тэй хуваалцлаа гэж нэг deep юм уншсын, ахиад харахнээ нээрээ ч тийм юм шиг санагдсан.

Said: Lkhagvasuren Ganbold

--

--

Ariun Sanna
Кино Клуб

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.