Call me by your name

Намайг нэрээрээ дуудаач, харин би чамайг нэрээрээ дуудъя… Энэ бол хайрын тухай кино юм.

Tsatsral Tamiraa
Кино Клуб
4 min readJun 26, 2018

--

Өнгөрсөн жил нээлтээ хийж Оскарын нилээн олон шагналд нэр дэвшиж Шилдэг Зураг, Шилдэг Зохиолоос Сэдэвлэсэн Кино шагналуудыг авсан энэ киног миний бие дөнгөж өчигдөр л үзлээ. Бараг Оскарт нэр дэвшсэн кинонуудаас ганцааранг нь л үлдээчихээд үзээгүй байсандаа ихэд харамсав.

1. Best Pictures

Ерөнхий утга санааг мэдэж байсан болохоор нэг их хүлээлтгүй, догдолж үзэж эхлээгүй юм. Аргагүй шилдэг зураг авалттайг нь анхаарч эхний 30 минут нүдээ баясгаж суулаа. Ерөнхий өнгө ногоон шаргалдуу, зураг авалт хийсэн газар маш тайван амгалан хэрнээ хөгшин Европын ганган ихэмсэг донжтой. Кино маш бага төсвөөр хурдан хугацаанд бүтээгдсэн бөгөөд зураг авалт хийсэн газар нь Италийн хойд хэсэгт байрладаг ба өнгөрсөн 2-р сард тус байшинг 2,7сая доллараар буюу хямдавтар үнээр зарсан байна.

Иймэрхүү зүйл дундуур сонирхож уншаад л үйл явдалд нэг их анхаарлаа хандуулахгүй нүдээ баясгаж сууж байгаад л нэг мэдэхэд кинондоо орчихсон гол дүрийн хоёр залууд хоёуланд нь дурлаж орхив оо.

2. Elio & Oliver

Elio- Ойролцоогоор 16–18 настай, зөв хүмүүжилтэй сайхан гэр бүлд өсөж торнисон урлаг, хөгжим, утга зохиолд хайртай мэдрэмжтэй өсвөр насны хүү. Аливаа зүйлд бас ч гэж хэрсүү, ухаантай гэдэг нь гэр бүл болон найзуудынхаа дунд хэрхэн биеэ авч явж байгаагаас нь харагддаг.

Oliver- Өөртөө итгэлтэй, царайлаг, өөрийгөө хэн гэдгийг, өөртөө юу хэрэгтэй гэдгээ ч мэддэг докторт сурахын өмнө профессор дээрээ /Элиогийн аав/дадлага хийхээр ирж буй залуу.

Тэдний аль аль нь ижил хүйстэн, бисекс эсвэл эсрэг хүйстнээ сонирхдог гэж хэлэхэд хэцүү. Миний хувьд бол тэд зүгээр л бие биендээ дурласан залуус, тэдний дунд байсан мэдрэмж үнэн, тэр мэдрэмжийг тэд өөр хүмүүстэй ахин мэдрэхгүй гэдгийг л мэдэж байна.

Үүнийг ч найруулагч болон жүжигчид нийлэн маш сайн гаргасан, үзсэн хүн бүр л өөрийнхөө анхны хайр эсвэл ямар нэг дурсамжаа нэхэн санасан байх аа. 2016 онд гарсан Moonlight кино нь энэ кинотой нилээн төстэй утга санаатай бөгөөд тус киноны найруулагч Call me by your name-ыг үзээд бахдан биширснээ хэлсэн байдаг.

Харин киноны төгсгөлд өөртөө итгэлгүй өсвөр насны хүү маань хамгийн зоригтой, өөрөө өөрийгөө олсон бөгөөд тэрэндээ тууштай байж чадах хүн болж хувирдаг бол өөртөө итгэлтэй Оливер яг үнэндээ үнэнээс зугтан өөртөө бууж өгч байгаа шиг санагдсан.

Энэ киног хайрлаж дурлаж үзсэн хүн бүр үзээрэй гэж хэлмээр байна.

3. The Parents

Яах аргагүй дурлалт хосуудаас гадна хайрыг минь хүргэж байсан дүрүүд бол Элиогийн ээж аав билээ. Тэд маш их уншдаг, дор хаяж 2–3 хэлээр ярьдаг, өргөн мэдлэгтэй, маш соёлтой эелдэг хүмүүс. Хүүтэйгээ маш дотно гэдэг нь гурвуулаа буйдан дээр хэвтээд ээж нь ном уншиж буйгаар гарна. Уншиж байхдаа хүүгээ сэтгэлээ илчил хэмээн далдуур хэлж байгаа нь ч гэсэн маш ухаалаг. Тэр анхнаасаа л хүүгийнхээ дотор байгааг уншин тэр хоёрыг дэмжсээр иржээ.

Элио ээж аавдаа хэлээгүй байхад түүний Оливортой ямар холбоотой болсныг нь мэдэж байдаг нь хүүхэддээ маш их цаг гаргаж ярилцдаг, харц үйл хөдлөлөөс нь л хүүгийнхээ юу мэдэрч байгааг мэддэг гэдэг нь харагдаж байгаа юм. Магадгүй ийм халуун дулаан гэр бүлд өссөн учраас Элио мэдрэмжтэй, ухаантай, зоригтой хувь хүн болон өсч хүмүүжсэн биз ээ.

Намайг нэрээрээ дуудаач, харин би чамайг нэрээрээ дуудъя… Энэ бол хайрын тухай кино юм.

Тэд өөрсдийнхөө нэрээр нэгнийгээ дуудаж байгаа нь хоёул нэгэн цул бие болж нөгөө хүнийхээ дотор орсон мэт гүн гүнзгийгээр мэдэрч буйг илэрхийлж байгаа мэт…

--

--