Wings of Desire /1987/

Tsatsral Tamiraa
Кино Клуб
Published in
3 min readJan 24, 2019

Германы алдарт найруулагч Wim Wenders-ыг кинонд дуртай хүмүүс бүгд мэдэх байх. Wings of Desire буюу Хүслийн Жигүүр хэмээх энэхүү кино нь одоогоор миний хувьд хамгийн дуртай 3 киноны нэгт явдаг. Гял цал, ганган чамин зүйл байхгүй тийм зүйл өгүүлэхийг ч хүсээгүй нь илт энэ кино яагаад тийм их үзэсгэлэнтэй санагддагийг үргэлж л боддог юм.

Энэ кинонд Дамиель, Кассиель хэмээх хоёр сахиусан тэнгэр Берлин хотыг харж хандаж байгаа тухай гардаг. Тэднийг хэн ч харахгүй тэд хэнтэй ч ярихгүй зүгээр л хүмүүсийн бодол санааг уншиж тэднийг ажиглаж байдаг нь сахиусан тэнгэр болов ч нэг их гойд ур чадваргүйг илтгэх мэт. Тэд хэзээ төрсөн хэдэн настайгаа ч өөрсдөө мартсан, яг л бурхны шийтгэлээр мөнх наслаж буй мэт надад санагддаг юм.

Кино эхний хагас хүртлээ ямар ч өрнөлгүй маш удаан зураг авалттай нь яг л үзэгчид бид нар сахиусан тэнгэрийн амьдралыг хэдэн хором хуваалцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэд цаг хугацаанд баригдаж амьдардаггүй, юуг ч төлөвлөж юуг ч хүлээхгүй. Үзэгчид киноноос ямар өрнөл болж юу болохыг нь мэдэхгүй, юуг ч хүлээхгүй хэрнээ тэр үзэсгэлэнтэй зураглалуудаас нүдээ салгаж чадахгүй харах нь сахиусан тэнгэрийн мэдрэмжийг мэдэрч байгааг санагдуулна.

“It’s not about doing, it’s about being” гэж кино шүүмжлэгч Roger Ebert эшилсэн байдаг нь яг л онож хэлжээ.

Хамгийн ихээр ганцаардсан, хамгийн ихээр зовсон хүн бүрийн хажууд сахиусан тэнгэр цуг байж л байдаг. Гэхдээ хэзээ ч шийдвэрт нөлөөлдөггүй нь амиа хорлохоор зогсож буй залуугийн мөрөн дээр сахиусан тэнгэр гараа тавихад тэр хамгийн сүүлийн удаа хайр, итгэл найдварыг мэдэрсэн болов ч амиа хорлочихож байгаагаар гардаг. Яг үнэндээ сахиусан тэнгэр гэдэг хүнээс нэг их илүү биш, зүгээр л хамгийн хэрэгтэй үед чинь хажууд чинь байж бүхнийг чинь сонсож хуваалцдаг болов ч хэзээ ч шүүмжилж зэмэлдэггүй, хариу нэхдэггүй ийм л нэгэн байх ажээ.

“Цаг хугацаа бүхнийг эдгээнэ” гэж хүмүүс ярьдаг, гэхдээ цаг хугацаа өөрөө зовлон бол яах вэ? Гол дүрийн сахиусан тэнгэр Дамиель хэдэн мянган жил амьдарсныхаа эцэст нэгэн бүсгүйд дурлаж хүний бодол уншдаг, мөнх амьдралаасаа татгалзан хүн болохыг хүсдэг. Хэдий бидний ертөнц муу муухай, үзэн ядалтаар дүүрэн ч энэ бүгдийн хажуугаар амьдралын энгийн сайхныг мэдрэхээр сахиусан тэнгэр шийддэг.

Амьдралд хэцүү үе их байх ч жижигхэн мөчүүд бидэнд аз жаргал өгсөөр байдаг… Кофе, тамхи хоёр хамтдаа ямар гайхалтай гээч! хэмээн Америк эрийн хэлж байхыг сонссон хэзээ ч тэр амтыг үзээгүй сахиусан тэнгэр магадгүй энэ мөчөөс хүн болох талаар бодсон ч байж болох юм.

Энэ үзэсгэлэнтэй дэндүү гэмээр дотно киног би яаж бүрэн дүрслэхэв, үзээгүй хүмүүст заавал үзэж өөртэйгээ ярилцах цаг гаргаарай гэж хэлмээр байна.

--

--