Сэтгэл гутралтайгаа хэрхэн тэмцдэг вэ? | Үр дүнтэй санал болгох аргууд

“Сэтгэцийн эрүүл мэнд” хэмээх булан нээгээд хамгийн анхны нийтлэлээрээ би товчхон хэрхэн сэтгэцийн эрүүл мэндээ хэвийн байлгах тухай дурдсан.

Харин энэ удаад сэтгэл гутралтайгаа хэрхэн тэмцэж, түүнээс хэрхэн гарах тухай өөрийн туршлагаас хүргэе. Би нь хангалттай судалгаа, уншиж судлаагүй учир шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл ярихгүй байхыг аль болох хичээе. Энэ дашрамд энэ сэдвийг сонирхдог, хамтран нийтлэлээр тогтохгүй нийгэмд чиглэсэн контент хийх хүмүүс байвал холбогдоно уу :).

Сэтгэцийн эмгэгүүд голчлон хүүхэд, өсвөр насанд тогтсон байдаг гэж би үздэг. Хүүхэд байхдаа авсан сэтгэлийн шарх, нүдээр үзэж, биеэр туулсан таагүй зүйлс… Өсвөр насанд өөрийгөө ойлгохгүй, илэрхийлж чадаагүйгээс үүдэх, цаашлаад үе тэнгийн дээрлхэлээс үлдсэн таагүй санамжууд. Тухайлбал өсвөр, бага насандаа байнга бусдад шүүмжлүүлж, хүсэл мөрөөдөл бүхий даль жигүүрээ тасдуулсан хүүхэд том болоод бусдыг гомдоох дургүй, үргэлж өөрийгөө биш бусдыг тэргүүнд тавьдаг, “үгүй” гэж хэлж чаддаггүй болчихдог. Учир нь тэд бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх ямар байдгийг мэддэг болохоор.

Иймд энэ хэсэгт би хүүхэд өсгөх, хүн болгох ямар чухал гэдгийг дурдмаар байна. Хоол унд, өмсөх хувцсаар дутаахгүй байхаас гадна хамгийн чухал зүйл бол аз жаргал, өөртөө итгэх итгэл, итгэл найдвар бэлэглэх. Хүүхэд чинь ямар ч мөрөөдөлтэй байж болно. Түүнийг хэзээ ч бүү шүүмжилж, мохоогоорой. Хүүхэдтэйгээ ярилцаж, дэргэд нь яасан ч хэрүүл хийж, таагүй зүйл сэтгэлд нь хар толбо бүү үлдээгээрэй. Тэр л толбо том болсон хойно нь амьдралд нь нөлөөлнө.

Хүүхэд өсгөнө гэдэг тоглоом биш. Санхүүгийн хувьд бэлэн байхаас гадна, өөрсдөө хүн болж төлөвшөөд аз жаргалтай, өөртөө итгэлтэй, зөв хандлагатай, инээд хөөрөөр дүүрэн нэгнийг нийгэмдээ бүтээгээрэй.

Ингээд гол санаандаа оръё.

Би бол энэ сэдвээр, мөн сэтгэл гутралаар шаналдаг гэдгээ нуулгүй нээлттэй л сошиал медиад бичдэг. Энэ нь ч дээр гэж боддог. Асуудалгүй мэт, бүх зүйл болж буй мэтээр “хүчтэй” гэж өөрийгөө ятгах нь тийм ч тустай зүйл биш. Сэтгэл хөдлөлөө гаргаж, бусдаас тусламж авах нь эрүүл үзэгдэл гэдгийг дурдмаар байна. Сошиал медиад ч бас баахан амжилтын түүх, гоё сайхан төрхийг харахаас гадна сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн анхаардаг тухай сонсохыг хүсдэг.

Сэтгэл гутрал бол миний дотор байдаг. Надтай цуг амьдардаг. Би бууж өгөөд, түүнд эрх мэдлийг олгох тусам тэр намайг эзэлж, намайг чирээд байгааг мэддэг. Мэдрээд хэдэн жил болж байна. Үүрд салах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир хэрхэн тэмцэх, хэрхэн түүнтэйгээ дасан зохицох аргаа харин олоод байна. Үүнээсээ хуваалцъя.

Өнгөрсөн долоо хоногт нээрэн “Бидний нууц подкаст” сонсож байлаа. Тэр дугаарын зочин “Монголд сэтгэл гутралтай хүн байхгүй. Бүгд урдахаа хийгээд, завгүй байна. Юун сэтгэл гутрал” гэнэ лээ. Хүн, хүний л харах өнцөг өөр юм даа. Өөрт чинь мэдрэгддэггүй, байхгүй байлаа гээд огт тийм зүйл байхгүй гэсэн үг биш. Бидэнд хайртай хүмүүс маань, хэрэгцээт зүйлс, бараг бүх зүйл байсан ч сэтгэл гутралд өртдөг. Заза, одоо яг хуваалцъя.

  1. Хүлээн зөвшөөрөх

Би хэвийн биш, зүгээр биш байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг мэдээд чамд дийлэнх нь байгаа бол “Окэй, би сэтгэл гутралтай юм байна” хэмээн хүлээн зөвшөөр. Тэрнээс биений юм, гормон гэх зэргээр тоохгүй өнгөрөөх хэрэггүй. Мэргэжлийн бус хүний зөвлөмжийг бүү ав.

Хамгийн чухал нь:

Хамгийн чухал зүйл бол ок, би сэтгэл гутралтай, гэхдээ эндээс гарна, хэвийн болно гэж шийд. Сэтгэл гутрал биш чи өөрөө өөрийгөө удирдана гэдгийг өөртөө итгүүлж, шийдэх хэрэгтэй. Эс бөгөөс тэгээд гутраад байгаад байвал, байгаад л байна.

2. Завгүй байх

Энэ тэр подкастын зочны санаа байж болох юм. Гэхдээ энэ үнэн. Завтай байх тусам бид хэвтээд, элдвийг бодоод байдаг. Өөртөө гутрах зав өгөхгүй байх хэрэгтэй. Нэмээд хэлэхэд хол, ойрын зорилгоо сайн тодорхойлоод түүнийхээ араас явахад нээрэн л гутрах зав гарахгүй.

3. Дасгал хийх

Фитнесс, гүйлт, теннис, ямар ч спорт хамаагүй биеэ хөдөлгөж л байх хэрэгтэй. Хүн дасгал хийхээр маш их эрч хүчтэй болдог. Иймд дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь маш үр дүнтэй.

4. Тэмдэглэл хөтлөх

Ингэхдээ яг одоо юу мэдэрч байгаагаа дэвтэр эсвэл цагаан цаасанд буулгаарай. Ингэснээр бие чинь, сэтгэл чинь бага ч гэсэн хөнгөрнө. Мөн сэтгэл доторхоо цаасанд буулгахад аливаа зүйлс цэгцэрч эхэлдэг.

5. Бусадтай ярилцах

Нэн ялангуяа чамайг сайн ойлгодог хүнтэй ярилцаарай. Бүх зүйлээ ярицлаж, нөгөө хүндээ итгэн, хүссэн сэтгэл хөдлөлөө гарга. Энэ нь дээрх аргын дараагийн буюу илүү үр дүнтэй байх.

6. Юмаа цэгцлэх

Өрөөгөө цэвэрлэх, хэрэггүй зүйлсээ хаях, сошиал медиад дургүй эсвэл сөрөг хүмүүсийг хасах, дагахаа болих, блок хийх зэрэг нь бас гоё тайвшрал өгдөг.

7. Өөртэйгөө ярих

За энэ бол миний арга. Мэдээж хүн бүрт тохирох эсэхийг мэдэхгүй байна. Би лав үнэхээр хэцүү байгаа үедээ толинд “Зүгээр ээ, зүгээр. Даваад гарна” гэх мэтээр хэлдэг. Тэгээд удалгүй дээрддэг.

Дээрх 7 арга мөн дэлгэрүүлэн интернэтээс өөр бусдын зөвлөмж, аргуудыг хараарай. Ингээд юу ч болсон итгэл найдвараа бүү алдаж, амьдралд бүү бууж өгөөрэй хэмээн хүсч байна. Мөн олон олон хүмүүст энэ талаар хуваалцаарай ч хэмээн хүсье.

Аз жаргалтай байх нь хэн нэгнээс, орчин нөхцлөөс биш танаас, таны бодол санаанаас хамаардаг. Баяр баясалтай, сэтгэл хангалуун, үргэлж том зүйл рүү тэмүүлсэн өөдрөг, хичээнгүй нэгэн байгаарай ❤.

Бичсэн,
Око

--

--