Monday Motivation: Сэтгэцийн эрүүл мэндийг бид орхигдуулж байна?

“woman wearing black tank top fading photo effect” by Thư Anh on Unsplash

Эд материал цуглуулсаар түүнийгээ авсандаа аваад орох биш дээ бид хэд. Нэр алдар, амжилтын араас хэт тэмүүлсээр мөн чанараа гээж байгаа юм биш биз?

Бидний дийлэнх нь хаашаа очиж байгаагаа, юуны тулд оршиж байгаагаа ч мэдэхгүй байсаар насыг барах юм. Уучлаарай “дийлэнх” нь гэдгийг яаж ч гаргансаа мэдэхгүй ч ихэнх хүмүүс тэгж санагддаг.

Машин, байр, үр хүүхэд, ач зээ, тэтгэвэр мөнгө, найз нөхөд…за даа энэ хэд л байвал болоо. Эдгээрийг авч чадсан бол хүн шиг амьдарсан мэт.

Гэхдээ эцсийн мөчид та үнэхээр аз жаргалтай байна уу? Энэ бүгдийг та үнэхээр хүссэн үү? Эсвэл өөр хүмүүс хүссэн юм болов уу?

Үнэгүй зүйлсд нугасгүй дуртай бид өөрсдөөсөө “Аз жаргалтай байна уу?” гэж асуудаггүй. Энэ тухай боддог ч үгүй. Бодох нь бүү хэл, мэдэхгүй.

Бүх хүнд сэтгэцийн эмгэг их, бага хэмжээгээр бий. “Сэтгэц” гэхээр их л хүнд сонсогдож байгааг би мэдэж байна. Гэхдээ энэ нь мэргэжлийн хэллэг юм билээ. Сэтгэцийн эмгэгийн хамгийн энгийн хэлбэр бол стресс. Түүний дараа сэтгэл гутрал!!

Монголын бүх хүн энэ эмгэгээр өвчилж буй гэвэл нээх буруудахгүй л байх. Хар л даа. Болж, бүтэж байгаа юм энэ оронд байна уу даа. Гурав саяхан бид чинь нэг нэгээрээ үрэгдээд дуусах нь. Шударга ёс, үнэн гэж байхгүй, авлигад идэгдсэн, хүмүүс нь соёлгүй, соёлжихийг хүсдэггүй, хэрүүлч, хөгжил нь урагшгүй, утаат, гээд асуудлаар дүүрэн орон болжээ. Би өмнө нь нэг ч болтугай асуудлыг хөндөөд, шийдвэрлэхийн төлөө явна гэж боддог байлаа. Хийж эхлээгүй л дээ. Гэхдээ л бүр амиа бодоод явмаар ч санагдах шиг ойрын өдрүүдэд. Хулчгар, арчаагүй байна уу?

Санаагаа цааш бичихэд, бид мөн сэтгэлээр унасан, асуудалтай байгаа нэгэндээ тусалж сураагүй. Юм л болвол тоглоом шоглоом болгон “эмороод байгаарай” гэх мэтээр дооглоно.

Хэн ч надад хэцүү байна гээд хэлээд явахгүй. Гэхдээ бага зэрэг л тухайн хүнийг уйтгарласан, шаналсан гэж ажиглавал туслах хэрэгтэй. Хичнээн олон хүн сэтгэл гутралаас болж амиа хорлох ёстой юм бэ?

Биеийн хүндүүр өвчнөөс илүү дотоод шаналал, сэтгэлийн зовлон хэцүү байдаг юм шүү. Амьддаа бие биенээ хайрла, өнөөдөр амьд байгаа нэгэн маргааш ч бас амьд байна гэдэг баталгаагүй гэдгийг сая амиа алдсан модель Чамин-Эрдэнэ харуулж, дахин бидэнд сануулга өглөө.

Амьдралын идэвхгүй болж, юм л болвол санаа алдаад, унтаж чадахгүй, сэтгэл хөдлөлтэй болоод…гэх мэт сэтгэл гутрал болон стресийн шинж тэмдэгтэй бол өөртэйгээ ярилцаад, мэргэжлийн эмчид хандах ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй.

Та эргээд амьдралаа харахад хүссэнээ хийж чадсан уу, жаргалтай байсан уу, дурсамж бүтээсэн эсэхээ л дүгнэнэ. Түүнээс биш хэдэн машин авсан, хир хөрөнгө хураасан, хичнээн хувцастай байсан эсэх хэнд ч хамаагүй.

Өдрийн төгсгөлд, баяр баясгалантай байсан эсэхээ байнга чагнаарай.

Одоо хийж буй зүйл, хамт байгаа хүн тань танд баясал авчрахгүй байгаа бол түүнийгээ өөрчил. Та аз жаргалтай байх гэж ирсэн.

--

--