Би аялах ДУРТАЙ

Би нэгдүгээр курст байхаасаа аялаж эхэлсэн. Одоо Солонгос улсад магистрт суралцдаг. Зуны амралтаараа Монголдоо ирж гадны аялагчдын хамт аялдаг. Зөвхөн гадны хүмүүс ч гэлтгүй Монголчуудын очиж үзээгүй газар дэндүү олон байдгийг, бид өөрсдөө ч эх орноороо тойрон аялах хэрэгтэй юм байна гэдгийг өөрөө аялж үзээд л ойлгож, мэдэрч байна.

Ер нь Монголынхоо хөдөө нутгаар аялал хийх их сонирхолтой бас нутгийн хүмүүс их найрсаг, зочломтгой байдаг учраас асуудал ер нь гардаггүй. Монголчууд танихгүй мэдэхгүй хүн байлаа ч төөрсөн, ядарч яваа хүмүүст тусалдаг сайхан хүмүүс шүү дээ.

Хүмүүс аялалын бэлтгэлээ хэрхэн базаах тухай мэдээллийг хаанаас ч олоод мэдчихэж болно, харин яг аялдаг хүнээс нь асуувал их олон шинэ, сонирхолтой зүйл мэдэж авдаг. Би хөдөө нутгаар аялах гэж байгаа хүмүүст сайн зургийн аппарат авч гараарай гэж зөвлөмөөр байна. Зураг бол аялалын хамгийн чухал хэсгийн нэг гэж боддог.

Мэдээж замдаа айлд бууна, хүүхэд хөгшчүүлд өгөх чихэр авч гарч байгаарай. Авч яваа чихрээ өгөхөөр их баярладаг юм билээ. Монголчууд угаасаа хүүхэд, настнуудыг баярлуулах сайн гэдэг дээ.

Үүнээс гадна Монгол ёс уламжлалын тухай илүү их мэддэг болоход аялал их нөлөөлдөг юм шиг санагддаг. Хөдөөний малчин айлд очлоо гэхэд босгон дээр нь гишгэж, баганын голоор гарч болохгүй гэх мэтчилэн энгийн зүйлсийг мэддэг байх хэрэгтэй.

Жуулчидтай хамт явж байгаа тохиолдолд хөтөч ёс уламжлал, зан заншлаа сайн мэддэг байж, гадны хүмүүст зөв тайлбарласнаар сайхан байгалиас гадна эх соёл уламжлалын онцлогтой танилцуулах нь сэтгэл ханамжийн баталгаа болдог юм шиг санагддаг.

Миний хувьд Монгол орноороо тойрон аялж чадсандаа баярладаг. Одоогоор Хөвсгөл аймагт л очиж үзээгүй яваа. Бусад нутгаар нь явж чадахаараа үзэж харах сайхан бүхэнтэй нь танилцахыг хичээсэн дээ. Гэхдээ энэ зун Хөвсгөл явж үзэх гэж байгаа болохоор их баяртай байгаа.

Н.Даваа
Show your support

Clapping shows how much you appreciated Uchral Ganbaatar’s story.