ЗӨВЛӨГӨӨ: Залуу байгаа дээрээ аяласнаар сурах НАЙМАН ХИЧЭЭЛ

Анх хэзээнээс аялалд явах тухай бодож эхэлсэн бэ? Түүнийгээ санадаг уу? Аялах гэдэг чухам юу вэ?

Ахлах сургуульд байхад газарзүйн хичээл дээр бидний өмнө төдийлөн сонсож байгаагүй улс, далай тэнгис, арлын тухай багш заахад л дэлхийн яг хаана байдаг тухай төсөөлж ядан байж, очиж үзэх хүсэл оргилж байлаа.

Одоо ч үлгэрт гардаг, зурчихсан юм уу гэмээр дэндүү үзэсгэлэнтэй газрууд, түүх соёл, ёс уламжлал, хүмүүсийн харагдах байдал, ярьдаг хэл, иддэг хоол нь хүртэл тэнгэр газар шиг өөр олон зуун улсуудад очиж үзээгүй ч хүсэл дүүрэн байсаар.

Амьдралд олон зүйл тохиож, тэдгээртээ л анхаарлаа хандуулсаар эргэн тойронд болж буй бусад зүйлсийг анзаарахгүйгээр цаг хугацааг өнгөрүүлсээр байна уу?

Аялалаас илүү олон зүйл бий шүү дээ. Гэр бүл, ажил, найз нөхөд бас бусад. Тиймээс ч ихэнхи хүний хувьд аялал чухлын дэс дарааллаар нилээд доогуур ордог. Минийх ч мөн адил.

Дараа нь гэж хойш тавьсан бүхэн ДАРАА Л байдаг учир аливаа зүйлийг боломж олдсон дээр хийгээд үзчих хэрэгтэй мэт. Аялалыг ч гэсэн.

Залуу насандаа хүн бүхэн өөрийгөө хайж, хэн болохыг, эсвэл болохыг хүсч байгаа мэдэхийг эрэлхийлж явдаг. Энэ насан дээр сурсан, ойлгож авсан бүхэн бидний цаашдын амьдралыг тодорхойлогч болдог.

Эзэмшсэн чадвар, туршлага, мэдлэг бүхий амьдралын турш бидэнтэй хамт “явдаг”. Тэгвэл олон зүйл сурч, турших боломжийг олгох зүйлсийг зориглон хийж үзэх хэрэгтэй юм байна. Тэдгээрийн нэг нь яах аргагүй аялал. Харин залуу байгаа дээрээ аялавал бид ямар ямар чадварт суралцдаг вэ?

  1. Тав тухтай бүсээсээ гарч сурна

Залуу хүн болоод ч тэр үү ихэнхи нь аль хэдийн тав тухтай бүсээ бий болгосон байдаг. Гэртээ аав, ээжтэйгээ байхдаа, эсвэл өөрийн хүрээлэлдээ аль болох тав тухтай орчныг бий болгохыг эрмэлздэг. Найз нөхөд, шоу цэнгээн, оролцдог үйл ажиллагаа, ажил зэргээр өөрийгөө хүрээлүүлж, тухтай бүсийг бий болгодог. Тэндээс гарна, найз нөхдөө, байнга оролцдог үйл ажиллагаа, арга хэмжээ, хийдэг ажлаа орхино гэхээс айдаг. Асуудлын гол нь бид тав тухгүй орчинд л олон зүйлийг сурдагт байгаа юм. Өдөр бүр хийж дадсан зүйл, байдаг л газар, үзүүлдэг л хариу үйлдэл- энэ циклээс бид хэзээ ч шинэ зүйл сурахгүй. Учир нь таамаглаж байгаа зүйлд ямар хариу үйлдэл үзүүлэхээ бид мэддэг. Шинэ зүйл бараг л байхгүй.

Шинэ орчинд орж, танихгүй хүмүүстэй танилцах цагаа тулахаар жаахан аймаар байж магад. Гэвч нэгэнт хүмүүстэй хэрхэн танилцаж, шинэ орчинд яаж дасан зохицохыг мэддэг болж, учраа болчихвол илүү бие даасан нэгэн болж эхэлдэг байна. Тав тухгүй байдлыг хүлээн зөвшөөр. Угтаад ав. Учир нь энэ л танд өсөж дэвжих, суралцахад тусална.

2. Аялал өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг

Таньж мэдэхгүй газар очоод өөрийнхөө “авъяасаар” нийтийн тээвэрт амжилттай сууж, зорьсон газраа очиж, дэлгүүрт ороод авахыг хүссэн зүйлээ асууж суран олж авах нь хүртэл өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж ямар ч шинэ орчинд өөрийгөө аваад явчих чадварт суралцаж буй хэрэг юм.

Өөрийгөө ЧАДНА гэдэгт итгэж эхлэх үеэс л асуудал бэрхшээл тийм ч аймаар зүйл биш санагдаж, аливаа сорилтыг хүлээн авч, давж гарах боломж бүрддэг. Сорилтод бэлэн байна гэдэг гайхалтай байгаа биз? Юунаас ч айхгүй…

3. Соёлыг ойлгох мэдрэмж нэмэгдэнэ

Соёлын мэдрэмжтэй байх нь өнөөгийн даяарчлагдаж байгаа дэлхийн иргэнд байх ёстой “чадвар” мөн. Гэхдээ соёлын мэдрэмж гэдэг аль нэг орны соёл ийм, тийм байдаг гэдгийг мэдэхээс илүүтэй тухайн соёлын цаад үнэт зүйл, яагаад тийм байдгийг ойлгож, мэдрэх нь чухал байдаг.

Соёлын үнэт зүйлийн тухай ойлголттой байх сайхан байгаад зогсохгүй олон улсын асуудал, зөрчлийг ойгоход ч тусалж, гадны бизнесийн хамтрагчаа ойлгож, амжилттай хамтран ажиллах түлхүүр ч болдог. Энэ чадвар амжилттай бизнесийн болон хувийн харилцаанд хөтөлдөг аж.

4. Даяарчлалд дасан зохицно

Бүх хүн үүнтэй санал нийлээд байдаггүй ч өнөөдөр интернет, цахим сувгуудын тусламжтайгаар даяарчлал илүү хурдацтай явагдаж байгаа билээ. Даяарчлагдаж буй энэ нийгэмд дээр дурьдсан соёлыг мэдэрч, ойлгох чадвар төдийгүй даяарчлалын үйл явцыг ч ойлгох чадвартай байснаар хаана ч алзахгүй.

5. Шинэ хэл сурах хүсэл нэмэгдэнэ

“Гадны оронд амьдархаасаа өмнө би хоёр, эсвэл гурван хэлээр чөлөөтэй ярьдаг байхын сайхныг мэдээгүй явсан юм” хэмээн өөр улсад сурахаар солилцооны хөтөлбөрт хамрагдсан нэгэн залуу бичжээ. АНУ тэр тусмаа хүмүүс хоёрдогч, гуравдагч хэл сурах шаардлага бараг л үгүй. Хүн бүр Англиар ярьж байхад тэгэх шаардлага юу байхав. Харин Европт өөр хэрэг. Уулзсан хүн бүхэн чинь дор хаяж хоёр гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг, ахиад шинэ хэл сурмаар байгаагаа, илүү олон газраар явж үзэхийг хүсдэг тухайгаа ярих болно. Шинэ хэл сурснаар бас нэг орны түүх, соёл, сонин хачинд нэвтрэх түлхүүрийг оллоо л гэсэн үг юм.

6. Танилын хүрээгээ нэмэгдүүлэх арвин их боломж

Хаана ч очсон бай шинэ танилтай болж, танилын хүрээгээ нэмэглүүлж байх хэрэгтэй байдгийг олон газраар аялсан хүмүүс зөвлөдөг. Олон улсад ажиллах сонирхолтой бол, эсвэл ирээдүйд аль нэг улсад амьдархыг хүсдэг бол харилцаа холбоо сайжруулж, танилын сүлжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүмүүс ихэвчлэн эх орон, соёлынхоо тухай ярих дуртай байдаг тул найз нөхөдтэй болж, олон хүнтэй танилцах нь зах хязгааргүй мэт уудам дэлхийг сэтгэлдээ багтаахад тусалж, хаа ч явсан холбоо харилцаатай байж чаддаг аж. Нэг өдөр аль нэг газар танилцсан найз чинь танай улсад ирэх гэж байгаагаа дуулгах сайхаан.

7. Аялал хүнийг даруухан болгодог

Аялал биднийг урамшуулахаас гадна хаанаас ирсэн хэн гэдгээ ойлгоход, үнэ цэнийг нь гүн гүнзгий мэдрэхэд нөлөөлдөг. Илүү ихийг сурч мэдэж, үзэж танилцах хэрэгтэй болохыг аялах тусмаа мэдэрч даруу байж, ухаан суух хүчин зүйл болдог.

8. Хаана байх ёстойгоо ойлгоно

Аялах сайхаан, сайхан. Гэхдээ явж явж гэртээ ирэх мэдрэмж аялалд явсны шагнал мэт. Хаа ч явлаа гэсэн амьдралдаа юу хамгийн чухал болохыг мэдэрч, ард үлдсэн бүхнийхээ үнэ цэнийг илүү ойлгож, санах нь өөрөө аз жаргал мөн.

Ашигласан эх сурвалж: greenhearttravel.org

Г.Учрал

Show your support

Clapping shows how much you appreciated Uchral Ganbaatar’s story.