TIME TO TRAVEL: Аялалын “амтанд орох” АРВАН ШАЛТГААН

Хүмүүс яагаад тав тухтай амьдрал, ажлаа орхиод хаа сайгүй аялахаар явчихдаг юм бол? Яагаад аялах тийм дуртай байдаг гэж? Олон шалтгаан бий. Гэхдээ тэр шалтгаанууд их хувийн шинж чанартай байдаг. Дараах шалтгаануудын аль нь таныхтай илүү нийцэж байгааг давхар сонжоод аваарай.

Хүмүүсийн аялах дуртай байдаг нэг шалтгаан нь: Өөрийгөө шинэ газар, шинэ хүмүүс, туршлагаар дамжуулан сорих явдал.

  1. Өөрийгөө сорих

Зарим хүн өдөр тутмын амьдралын тойрогтоо уусаж, тэр тойргоосоо гарах хэцүү, “нэгэнт өнгөрсөн” мэт санагддаг. Эсвэл ямар нэг сэтгэл хөдөлгөм, огт өөр зүйл мэдрэхийг өөрийн эрхгүй хүсч эхэлдэг.

Шинэ туршилт, сорилтонд хэзээд бэлхэн мэт. Тэгвэл яг энэ үед л аялах хэрэгтэй. Өөрийгөө сорьж, өөртөө тогтоосон хязгаар, тав тухтай бүсээсээ гарахад тань аялал тусална.

Хүн шинэ, өөр орчинд орохоороо өөрийнхөө ямар их нөөцтэй, бодож байгаагаасаа олон зүйлийг хийж, сэтгэх чадамжтайг олж мэддэг аж.

Том, завгүй, түм түжигнэсэн хотод очоод очих гэж байгаа газраа хайж, эсвэл хэлийг нь мэдэхгүй газар хоол захиалж иднэ гэдэг хөөрхөн чадвар шаардсан ажил биш гэж үү? Саад бэрхшээл, шинэ сорилт бүрийг давж, аялалаа дуусгасны дараа өөрөөрөө илүү их бахархаж, ирээдүйд ирэх гэнэтийн сорилтуудад сэтгэл зүйн болон бие махбодийн бэлтгэлтэй болно.

Гол нь бодож байгаагаасаа ч илүүг хийж чаддаг гэдгээ мэдрэхэд аялал тусалж, гэртээ буцаж ирэхдээ өөртөө илүү итгэлтэй, эрч хүчтэй болсон байх болно.

2. Суралцах

Аялалд хүчтэй дурлах бас нэг шалтгаан бол суралцах явдал. Хүмүүс шинэ зүйл мэдрэхийг хүсч, шинэ чадвар, эсвэл мэдлэг олж авахыг хүсдэг аж. Дэлхий ертөнцтэй танилцах, түүнээс суралцах нь үнэндээ ахлах сургуул, эсвэл их сургуульд хараахан заадаггүй “хичээл” юм. Энэ бол та өөрөө л явж, хайж байж олж авдаг, зөвхөн тухайн аялагчид зориулсан цор ганц, үнэ цэнэтэй хичээл. Зарим нэг нь тодорхой нэг зүйлд суралцах зорилго тавин аялдаг. Шинэ хэл сурч, цоо шинэ хоол туршиж үзэх, аль нэг шинэ соёлоос суралцах, харах өнцгөө өөрчлөх, эсвэл өөрт байгаа бүхэн, амьдралдаа талархаж сурахын тулд гэх мэтчилэн дурьдаж болно оо. Харин бонусанд нь хэд хэдэн “хичээл” үнэгүй үзчихнэ. Зөвхөн номноос уншиж, дэлгэцээр үзэж байж бодит амьдралыг мэдэрнэ гэж үгүй шүү дээ. Гэрээсээ гарч яваад сурсан бүхэн чинь танд сэтгэлийн таашаал өгч, бас аливааг харах өнцөг чинь тэлсэн байхыг мэдэрнэ.

3. Аливааг харах өнцгөө нэмэгдүүлэх

Өөр нэг гоё шалтгаан бол: Сэтгэх цар хүрээ нэмэгдэж, илүү нээлттэй байхад суралцана. Хүн амьдралын төлөө нэг л аргаар зүтгээд байдаггүй дээ. Олон хүнтэй уулзаж, нэг газраас нөгөө газарлуу явж, өөр өөр зүйлийг туршиж үзэх гээд л тоолж ч барамгүй олон аргаар л амьдарч байна. Гэхдээ аяласнаар та, таны амьдрал бусдынхаас ямар өвөрмөц, давтагдшгүй, цаашлаад дэлхий ертөнцийг ойлгох ойлголтонд хязгаар гэж үгүйг мэдэрнэ. Өөрөө харахаас нааш хаа нэгтээ огт өөр амьдрал буцалж байгааг хүн хэзээ ч төсөөлж чаддаггүй. Төсөөлж ч байгаагүй газраа очоод харсан үзсэн бүхэн чинь таны сэтгэлгээний цар хүрээг тэлж, аливааг хардаг “цайны” өнцгүүдээ нэмэгдүүлэхэд туслах нь. Илүү өргөн хүрээнд сэтгэхэд аялал тусалдаг гэдгийг мэдэрсэн хүмүүс аялалын амтанд орохгүй гээд яах билээ?

4. Өөртэйгээ илүү ойртох

Гэрээсээ хол явахаараа хүн амьдралаа эргэж харж, эргэцүүлдэг гэнэ. Өөртөө цаг гаргаж, амьдралдаа, өөртөө дүгнэлт хийх боложмийг аялал өгдөг. Оюун бодлоороо саадгүй хэрэн хэсч, сэтгэл зүрхээ өөртэйгээ нэг уудалж, уужрах боломжтой болоход аялал нөлөөлөх учраас л өөрийнхөө тухай илүү ихийг ойлгох, өөртэйгээ ойртох боломж хэмээн аялалыг харах хэрэгтэй аж. Аливаа саад бэрхшээл, гэнэтийн асуудалд, бүр эсвэл эерэг зүйлст хандаж байгаа хандлагаа ажиглаж, өөрийгөө танин мэдэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаагаасаа өөрийгөө өөр өнцгөөс нэг хараарай. Өөрийгөө илүү сайн ойлгодог болчихоод буцаад ирэхдээ амьдралдаа ӨӨРЧЛӨЛТ хийхийг, илүү дээр амьдрахыг хүсдэг.

5. Амьдралдаа талархах

Магадгүй зарим хүмүүсийн амьдралаа харах “гоё” нүд нь аниастай байдаг байх. Өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь өөрт байгаа зүйлсээ бүрэн харж, хайрлахад саад болдог. Гэрээсээ өөр газарт очоод үзвэл энэ бүхэн өөрчлөгдөнө. Харьж ирээд амьдардаг газраа хичнээн тайван амгалан, эсвэл дулаан дотно болохыг мэдэрч, гэр чинь өмнөхөөсөө илүү тухтай санагдаж эхэлдэг. HOME SWEET HOME! Гэртээ байх шиг сайхан зүйл үгүй болохыг, гэр бүл гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл болохыг ухаарна даа.

6. Харилцаа эхлүүлэх, харилцаагаа сайжруулах боломж

Хамтдаа аялсан хүмүүсийн харилцаа илүү сайжирдаг. Гэр бүлээрээ, хосоороо, эсвэл найз нөхдөөрөө ч бай хамтдаа аяласан бол буцаж ирэхэд тэр хүмүүс шиг чинь нүдэнд дулаан, ойр дотно хүн цөөхөн л байх болов уу. Хэтрүүлж байгаа юм биш шүү. Цаанаасаа өөр харагдаад байдаг. Дэлхийн томоохон аялалын агентлагуудын мэдээлдэгээр гэр бүл, бүлэг хүмүүсийн аялал хамгийн трэнд АРВАН аялалын жагсаалтад байдаг гэнэ. Заавал сайхан газарлуу явж, “үнэтэй” дурсамж бүтээх гэхээсээ илүү гэр бүлээрээ явсан аялал биднийг холбож, ойртуулж өгдөг. Хосоороо аялах тухайд хоёулахнаа байх сайхан боломж аялалд явахад л бүрддэг. Бид мэднэ дээ найз залуу, бүсгүйгээ таньж, мэдэх зөв боломж гээд л… Хэн нэгэнтэй хуримлахаасаа урьтаад хамт явлаад нэг үзээрэй.

7. Адал явдал

Цоо шинэ газрыг “эзлэх” нь хүмүүсийн аялах бас нэг том шалтгаан болдог. Аялал бидэнд ямар нэг зүйлийг арай өөрөөр хийх боломжийг олгодог. Хүн үргэлж байж дассан орноосоо гараад ирэхээр өөрийн эрхгүй ямар нэг сонирхолтой, аа бас солиотой зүйл хиймээр санагддаг гэнэ. Шинэ газрынхаа хоолыг ходоодныхоо хэрээр идэж үзмээр, нутгийн хамгийн өндөр ууланд авираад гарчихмаар ч юм шиг ер нь бүхнийг чадчихмаар, бүх зүйл шинэхэн сайхан санагддаг. Аялалын нэг сайхан нь адал явдал дүүрэн дурсамж биш гэж үү?

8. Зугтаарай

Ажлын “хэнээтнүүд”-эд аялал гарцаагүй хэрэгтэй нэг зүйл нь. Ажилтай холбоотой бүхий л асуудлыг ардаа орхиод зоригтойхон шиг шийдээд аялачих хэрэгтэй. Аялалд гарах нь таны оюун бодол ч тэр, бие махбод ч тэр хамгийн сайн эм болж чадна. Буцаад ирэхэд асуудлаа сэргэг нүдээр харах болно. Зугтахаас гадна анагаах ид шид аялалд бий.

9. Эрүүлжиж, тайвшрах

Магадгүй бид байгаа асуудлаасаа зугтах нь тийм зөв шийдэл биш л дээ. Гэхдээ түүнийг шийдэхийн тулд түүнээс түр холдох нь зүйтэй. Өдөр тутмын хэмнээлээсээ завсарлага авснаар хүн өнөөгийн нийгмийн салшгүй нэг хэсэг болсон технологи, стресс зэргээс ямар их залхснаа, гэхдээ тэдгээрийг хэрхэн зохицуулж сурах тухай бодох оройн зайг аялал бидэнд өгдөг. Завсарлага аваад, тэр дундаа байгальд ойрхон байх нь тархи, оюун бодлоо амраах нэг боломж мөн учраас л хүмүүс аялах дуртай байдаг байх нь. Тийнхүү аялаж явахдаа яг одоо байгаа цагтаа төвлөрч, таашаал авч чадваас та жинхнээсээ эрүүлжиж, тайвширах аж.

10. Баярт явдлаа тэмдэглэх

Сүүлд нь бидний одоо байгаа амьдрал, хүрээлэн буй орчин аялахгүй л бол болохоо байчихсан, хэцүү зүйл гэж хэлэх гэсэн юм шүү. Аялалд заавал болохгүй бүтэхгүй болохоор гардаггүйг бид мэднэ. Ямар нэг сайхан үйл явдал, баяраа тэмдэглэхээр бид аялалаар явдаг. Төрсөн өдөр, төгсөлт, хурим гэх зэрэг баярт үйл явдлаа тэмдэглэж, илүү их баярлахын тулд бид аялдаг.

АЯЛАЛ бол хэн бүхний татгалзаж, салж чадамгүй “донтуулагч” гэдэгтэй та аялаж, өөрөө биеэрээ мэдэрснээр л санал нийлэх байх.

Ашигласан эх сурвалж: blog.virtuoso.com

Г.Учрал

Show your support

Clapping shows how much you appreciated Uchral Ganbaatar’s story.