Нярайн гэдэсний хий гаргах

Khul.Anka
Шинэхэн Ээж
6 min readMar 31, 2020

Дөнгөж төрсөн нярай, тухайлбал 0–14 хоногтой нярайн гэдэг маш ихээр дүүрч, цанхайдаг. Үүний үндсэн шалтгаан нь нярайн ходоод төрөхдөө нэг ширхэг черриний хэмжээтэй байж байгаад 14 хоногийн дотор тахианы өндөгний хэмжээтэй болж өснө. Энэ хугацаанд хүүхдийн ходоод томрохоос хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хөгжиж байдаг тул уусан сүүгээ тийм ч сайн шингээж боловсруулж чаддаггүй. Тиймээс нярай нэг удаа идэхдээ ходоодныхоо хэмжээнээс их идэх, хөхөө хөхөхдөө агаар залгих эргээс улбаалан гэдэс цанхайн дүүрнэ. Нярай хүүхэд бүр их бага хэмжээгээр гэдэс дүүрэлттэй нүүр тулдаг тул та санаа зовох хэрэггүй, энэ бол өвчин биш хэвийн өсөлтийн үйл явц.

Дүүрэнгээс урьдчилан сэргийлэх ээжүүдийн авах арга хэмжээ

  1. Хөхүүлэхдээ хөхөө бүрэн амлаж байгаа эсэхийг шалгах. Ялангуяа дуутай, шолх шолх гэж хөхөөд байвал хөхөө бүрэн амлаагүйгээс агаар залгилж хөхөж байгаа нь шинж. Энэ нь гэдэсний дүүрэнг үүсгэнэ.
  2. Хөхүүлж байх явцдаа хэхрүүлэх. Хүүхдийг 2–5 минут хөхүүлээд завсарлуулан босоо байрлалтай бариад хэхрүүлэх, хэхрүүлж чадахгүй бол доод тал нь 1 минут тухайн байрлалд барьж уусан сүүг нь доошлох боломжийг олгох хэрэгтэй. Үүний дараагаар үргэлжлүүлэн хөхүүлж болно. Хүүхэд завсарлагаангүй хэт их залгилахаар хоолоо шингээж чадахгүй цээж нь дүүрээд зовиурладаг, цаашлаад ходоод нь шингээж чадахгүй тул цанхайх шалтгаан болно.
  3. Бүрэн хөхүүлсний дараагаар доод тал нь 20 минут аль болох босоо байрлалтай барьж хоолоо шингээх боломжийг олгох. Ээжүүдийн нийтлэг гаргадаг алдаа нь хүүхдээ хөхүүлчихээд шууд унтуулахаар хэвтүүлдэг. Хэдийгээр хүүхэд хөхөө идэх явцдаа өөрөө унтаад өгдөг ч ээжүүд маань хөхүүлж дууссаныхаа дараагаар шууд хэвтүүлж болохгүй. Насанд хүн хүртэл идсэнийхээ дараа хэвтэхээр хоолоо шингээж чадалгүй цанхайдагын адилаар хүүхэд ч гэсэн ялгаагүй хоолоо ходоодондоо ч хүргэж чадалгүй гульгаад гаргадаг. Хэрвээ хүүхэд өөрөө гульгаад гаргаж байвал сайн хэрэг, гэтэл түгжрээд нөгөөдөх нь хийгээр дүүрээд ирвэл маш зовиуртай.

Эдгээрээс гадна хөхүүл эх өөрийн идэж ууж байгаа зүйлсийг хянах, хуурай сүүгээр хооллож байгаа эх сүүний найрлагад нярайг хэт их дүүрэнгүйтүүлэх хольц байгаа эсэхийг уншиж үзэх нь чухал. Хичнээн нярай хүүхэд бүр дүүрэнгэтэж цанхайдаг ч заримдаа идэж байгаа хүнсний найрлагаас тань болж эсвэл хуурай сүүндээ харшил өгөх байдлаар хэвийн хэмжээнээс ихээр дүүрэнгэтэх нь бий. Тиймээс ээж нар минь хянуур байх нь чухал шүү.

Хэрвээ та гадаадад төрсөн бол төрөх эмнэлэг болон хяналтын эмчийнхээ заавраар lactation specialist -с зөвлөгөө авахыг зөвлөе.

Дүүрэнгэтэй үед хийг гадагшлуулахаар авах арга хэмжээ

Гэдсэн дээр нь иллэг массаж хийх. Энэ талаар YouTube дээр монголчуудын хийсэн нэлээдгүй хэдэн бичлэг байгаа тул таныг тэндээс хайж үзэхийг зөвлөе. Миний зүгээс анхаарах зарим зүйлсийг энд бичье. Үүнд иллэг массажны гол зорилго нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих замаар илүүдэл хийг гадагшлуулах тул, иллэгийг зөвхөн баруун тийш тойрог хэлбэрээр илэн хийх. Хоёрт, хүүхдийг иллэг хийх явцад болон иллэгийг дараагаар салхи авахуулж болохгүй. Эс бөгөөс гэдэс улам дүүрч, царцанги цанхайлттай болно. Иллэгийн дараагаар халуун алдагдуулахгүйн тулд шар тостой хар даавуугаар ихэвчлэн ороодог заншилтай. Энэ нь тос дулааныг өөртөө агуулж, харин хар өнгө дулааныг удаан гадагшлуулдагтай холбоотой. Тиймээс заавал тостой бүлээн даавуугаар ороох шаардлагагүй ч дулаан алдагдуулахааргүй өлгийдөх хэрэгтэй.

хажуулдаж хэвтүүлэх /photo from theempoweredmama.com /

Хүүхдээ хажуу тийш нь харуулж хэвтүүлэх. Хүүхэд эхийнхээ хэвлийд нумарсан байрлалтай удаан хугацаанд байсан учраас одоо ч биеийн чилээ нь гараагүй байгаа. Тиймээс хүүхдийн тань хоёр хөл нь нугалраад, гар нь савчхаад цаанаасаа нумлаад байхыг та анзаарч байгаа байх. Ийнхүү тухаа ололгүй байхад нь бариу өлгийдөөд дээш нь харуулаад хэвтүүлчихлээр хүүхэд хоолоо шингээж эсвэл илүүдэл сүүгээ гулгин гаргаж чаддаггүй. Цаашлаад нуруун дээрээ хэвтэж байгаад гулгивал хахах аюултай. Тиймээс хүүхэд тань гэдэс нь дүүрээд гульгах гээд байвал хажуу тийш нь харуулж хэвтүүлээд нэг гараараа урдаас нь түшээд нөгөө гараараа ар нуруунаас нь багахан тогшиж өгөхөд хүүхэд хэхэрч, гулгина. Мөн ийм байрлалаас хэхрэхэд хахаж, цацах аюулгүй.

Нярайг энэ байрлалд зөвхөн эцэг эхийн хяналт доор богино хугацаанд хэвтүүлж болно, эс бөгөөс нярай өлгийтэйгөө өнхрөөд доошоо харсан үедээ толгойгоо даахгүйн улмаас амьсгалаа боох, хахаж цацах аюултайг анхаарна уу.

шанаанаас түшиж барих /photo from thefirsttimemama.com/

Шанаанаас нь түшиж барих. 0–14 хоногтой нярайд хамгийн үр дүнтэй барилт буюу эхийнхээ хэвлийд байгаа мэт нумарсан байрлалд тонгойлгон барих байрлал. Ингэхдээ эрхий болон долоовор хурууныхаа завсраар хүүхдийнхээ шанааг түшиж, гарын алга хэсгээрээ цээжийг нь түшнэ. Бөгсөн биеийг нь цээжиндээ наагаад нөгөө гараараа нурууг нь зөөлөн тогшино. Хүүхдийн эмч нар энэ барилтыг үзүүлэхдээ хүүхдийн бөгсөн хэсгээр нь нэг гараараа түшиж үзүүлдэг, гэхдээ хэхрүүлэхийн тулд барьж буй эцэг эхийн хувьд хүүхдээ энгэртээ наагаад нурууг нь зөөлөн тогшиход илүү үр дүнтэй. Хүүхэд ч энэ байрлалдаа их дуртай.

мөрөө түшүүлэн барих (photo from verywellfamily.com Cecilia Cartner/ Getty Images )

Мөрөө түшүүлэн дээш босгон барих. Ээж болгон нь бараг энэ байрлалаар барьж хүүхдээ хэхрүүлэхийг хичээдэг байх. Нэг мөрөө түшүүлж дээш босгон барих ингэхдээ нэг гараараа толгойг нь араас нь түшнэ. Ингээд толгойг нь түшиж байгаа гараараа ар нуруунаас нь зөөлөн тогшиж өгнө. Хэд хэдэн тогшилтын дараагаар хүүхэд хэхэрч, гулгина. Энэ барилтыг хэдэн ч сартай хүүхдэд ашиглаж болно. Хоёроос дээш сартай хүүхдэд бол хамгийн үр дүнтэй барилт гэхэд ч хилсдэхгүй байх. Гэвч 0–14 хоногтой нярайд тийм ч үр дүнтэй биш. Учир нь тэд маань дэндүү балчир, бас дэндүү нумрамтгай учир бие нь байрлалаа яг зөв олж чаддаггүй. Гэхдээ мэдээж туршаад үзэхэд илүүдэхгүй.

Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэн хийг гадагшлуулах

0–14 хоногтой нярайд нэмэлт бүтээгдэхүүн битгий хэрэглэ гэж зөвлөмөөр байна. Бүр үнэхээр их гэдэс нь бөндийгөөд, тогшиж үзэхэд хөндий сонсогдоод, нойроо алдаж уйлаад, хөхөө хөхөхгүй зовиурлаад бүр өөр ямар ч аргагүй бол яахав хэрэглэж болно.

хий гадагшлуулах нэмэлт бүтээгдэхүүнүүд
  • Винди буюу бөгсөөр нь хийг соруулан авах. Энэ бүтээгдэхүүнийг хамгийн түрүүн санал болгохын учир нь хэдийгээр энэ бүтээгдэхүүн хэрэглэхэд тавгүй ч ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн амаар уухыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл нярай сүүнээсээ өөр зүйл уухгүйгээр хийгээ гадагшлуулах боломжтой. 14 хоногоос дээш настай нярайд бол Виндиг хамгийн сүүлд хэрэглэхийг санал болгоно.
  • Gripe Water — 100% ургамлын гаралтай цагаан гаа болон феннелийн ханднаас гаргаж авсан гэдэсний хий гадагшлуулах, зогсоо намдаах зориулалттай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. 14 хоногоос дээш настай хэн бүхэн хэрэглэж болох үйлдвэрийн заавартай ирдэг. Хүүхэд тань 14 хоног хүрсэн л бол Винди ч хэрэглэлгүй энийг юун түрүүн хэрэглэхийг зөвлөе. Энэ ихэнхдээ америкаас орж ирдэг. Та үнэ, хэмжээ, олдоцоос нь хамаараад аль ч брендийхийг хэрэглэж болно. Хамгийн гол нь шошго дээрх зааврынх нь дагуу тунг нь тааруулж өгөөрэй. Мөн зарим брендүүд Gripe Water Day/ Night гээд өдөр шөнийнх гэж 2 тусдаа байдаг. Шөнийнх нь өдрийнхтэйгээ харьцуулахад тайвшруулж унтуулах зорилгоор балжингаравын ханд бол бас бус нэмэлтүүдтэй. Тиймээс хувийн зүгээс зүгээр энгийн/өдрийнх гэснийг нь авч хэрэглэхийг зөвлөмөөр байна.
  • Gas relief Drop — Химийн найрлагатай эмийн чанартай бүтээгдэхүүн. Гол найрлага нь Simethicone гэх хий гадагшлуулах зориулалттай химийн бодис. Үйлдвэрийн зааврын дагуу 14 дээш хоногтой нярайд маш бага тунгаар цөөн тоогоор өгнө. Хүчтэй бөгөөд хүүхдийг цаашид дасалтай болгох боломжтой учраас Gripe Water уугаад намдахгүй байгаа тохиолдолд зааврын дагуу энийг өгч болно. Мөн олдоц, үнэ, хэмжээнээс нь хамаараад та өөрөө сонгоод хэрэглэж болно. Худалдан авахдаа найрлага, хугацаа, хэрэглэх заавраа нягталж авахыг сануулъя.

Эмчид хандах — За гэртээ авч болох бүх арга хэмжээг аваад хүүхэд тань дүүрэнгтэй зовиуртай байсаар байвал нярайн эмчид хандах хэрэгтэй. Монголд хэд хэдэн эмнэлэг хэвлийн хэмжилт хийн шаардлагатай бол хийг соруулах эмчилгээ хийдэг. Түүнчлэн хоол боловсруулах эрхтний тогтолцооноос гадна өөр ямар нэгэн өвчлөлөөс болоод гэдэс дүүрч, цанхайж буй эсэхийг шалгана.

Ингээд ээжүүддээ амжилт хүсье. Энэхүү постын талаар санал сэтгэгдэл болон цаашид ямар сэдвийн дагуу мэдээлэл авмаар байгаа хүсэлтээ Facebook -н Shinehen eejuud page хуудас, Инстаграмын Shinehen.eej хаягаар болон shineheneej@gmail.com хаягаар илгээгээрэй. Хариуцлагатай иргэн, халамжит ээж танд баярлалаа.

--

--

Khul.Anka
Шинэхэн Ээж

#mom #wife #learner #psychology and #education #educator for #youth #mongolian based in #america